Г.Тунгаамаа: Африкийн тэнгэр доор алтан соёмбот тугаа мандуулж яваа шүү, бид

3-9-5_700x700

Уншигч тантай Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа бүсгүйтэй уулзуулах гэж байгаадаа баяртай байна. Түүнийг Г.Тунгаамаа гэдэг. Монголын Зэвсэгт хүчинд 22 дах жилдээ ажиллаж байгаа дэд хурандаа. Бүгд Найрамдах Судан улсын Дарфур мужид явагдаж буй Нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн захирагч юм.

-Юуны өмнө танд болон танай багт үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч бүсгүйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэе. Таны удирдсан цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны орныг зориод найман сар болжээ. Та бүхний ажил алба өндөр биз дээ?

-Баярлалаа. Манай цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2015 оны наймдугаар сарын 30-нд ажиллагааны газар оронд ирсэн. Одоо бид долоо дахь сардаа үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Манай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ нэр хүндтэй байдаг. Түүний нэгэн адилаар UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн өмнөх зургаан ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ч бас  нэр хүндтэй үүргээ гүйцэтгэж, бид ч тэр нэр хүндийг үргэлжлүүлэн өндөрт өргөн ажиллаж байна. Энэ дашрамд цэргийн багийнхаа болон хилийн чанадад мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч бүсгүйчүүд, Батлан хамгаалах салбарт үүрэг гүйцэтгэж байгаа болон Монголын нийт эмэгтэйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

-Та бүхний үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагааны газарт өнөөдөр нөхцөл байдал ямар байна. Зөрчилдөөн ихтэй, үймээн самуун дэгдэж байдаг эрсдэлтэй бүс гэсэн?

-Ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй байна. Бидний үүрэг гүйцэтгэж буй Кабкабияа бааз нь UNAMID ажиллагааны хойд секторын эрсдэл өндөртэй бүсийн тоонд ордог. Манай цэргийн баг UNAMID ажиллагаанд хүлээсэн үндсэн үүрэг болох НҮБ-ын цэргийн болон энгийн ажилтан албан хаагчид, орон нутгийн иргэдэд үйлчилж одоогийн байдлаар нийт 3000 гаруй хүмүүст эмчилгээ үйлчилгээ явуулаад байна. Мөн  UNAMID ажиллагааны хүчний командлагч, Хойд секторын командлагч нарын хүсэлтийн дагуу Монгол Улсын цэргийн хээрийн II шатлалын эмнэлгийг түшиглэн НҮБ-ын энхийг сахиулагчид болон орон нутгийн  иргэдэд эмнэлгийн сургалтуудыг явуулахаар төлөвлөн, эхний хэд хэдэн сургалтуудаа амжилттай зохион байгууллаа.

-Цаг агаарын эрс тэс нөхцөл, эрүүл мэндийн эрсдэлтэй орчин, тогтворгүй цагийн байдалд  удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэн бүхний хийж чадах хялбар ажил биш. Манай эмнэлгийн багт хэдэн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Учрах саад бэрхшээлийн тухай тодруулахгүй юу?

-Манай цэргийн багт  33 эмэгтэй, 35  эрэгтэй нийт 68 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Бидний үүрэг гүйцэтгэж байгаа газар орон  цаг агаарын хувьд өдөртөө 35-40 хэмийн халуун, элсэн шуургатай, ундны болон хэрэглээний усны хомсдолтой. Шумуул болон бусад шавьжаар дамждаг халуун орны өвчлөлийн эрсдэл өндөртэй хэдий ч манай цэргийнхэн энэ бүхнийг үл ажран ажиллаж байгаа нь чухал юм. Ерөнхийдөө Африк тив нь газар орон, байгаль, цаг уурын хувьд чийглэг, дулаан уур амьсгалтай нөгөө  хэсэг нь хуурай, халуун, цөлөрхөг хоёр янз байдаг. Монгол хүн цаг агаарын ямарч нөхцөлд дасан зохицох чадвартай учраас манай багийн цэргийн алба хаагчид цөлөрхөг, хуурай, халууныг тоохгүй ээ. Бид бол тангараг өргөсөн цэрэг хүн шүү дээ.

-Та бүхэн орон нутгийг иргэдийг эмчлэхээс эхлээд өвчлөлөөс сэргийлэх сургалт зохион байгуулж,  ДОХ өвчний аюулыг сурталчилдаг гэсэн. Энэ талын ямар ажлууд зохион байгуулав?

-Манай Зэвсэгт хүчний II шатлалын эмнэлгийн ажиллагааны үндсэн үүрэг нь НҮБ-ын цэргийн болон энгийн ажилтан албан хаагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэхдээ бид ийм л үүрэг хүлээсэн гээд зүгээр суухгүй. Орон нутаг өвчлөл ихтэй байгаа учраас сайн дураараа нутгийн иргэдийг эмчилж байна даа.  “Иргэн цэргийн харилцаа”-ны ажлын дагуу өдөрт л дунджаар амбулаториор орон нутгийн 40-60 орчим иргэдэд яаралтай тусламж, үзлэг оношлогоо, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

 Манай багийнхан ДОХ өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Кабкабияа суурингийн орон нутгийн иргэд, Рванда, Жордан Улсын цэргийн багуудын удирдлага,  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цагдаа, орон нутгийн гэрээт ажилтнуудад энэ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж, орон нутгийн 24 энгийн иргэд ДОХ-ын сайн дурын шинжилгээнд хамруулжээ.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сард орон нутгийн 29 иргэдэд “Эмнэлгийн зааварлагч” бэлтгэх сургалтыг хоёр ээлжээр амжилттай зохион байгууллаа. Бидний энэхүү сургалтыг UNAMID ажиллагааны хүчний командлал, орон нутгийн удирдлагуудын зүгээс өндрөөр үнэлсэнд баяртай байна. UNAMID ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Паул Мелла болон Хойд секторын Командлагч Бригадын генерал Амгад Морси нар өөрийн биеэр манай цэргийн багийн бие бүрэлдэхүүнд талархсан сэтгэлээ илэрхийлсэн шүү. Бид энэхүү сургалтаа ирэх дөрөвдүгээр сард дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа.

-Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 13 жилийн дараа анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч цэргийн багийн захирагчаар ажиллаж байна. Энэ бол БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд танд итгэл хүлээлгэсний том илрэл. Өнөөдөр Монголын зэвсэгт хүчинд эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг оролцоо нэмэгдэж байна уу?

-Тийм ээ. Намайг Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн захирагчаар томилсон нь БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас надад хүлээлгэсэн хариуцлагатай үүрэг, итгэл юм. Энэхүү өндөр итгэл найдварыг биелүүлэх нь нэр төрийн хэрэг. НҮБ-ын болон Олон улсын энхийг дэмжих ажиллагаануудад Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо, үүрэг гүйцэтгэх чадавх өсөн нэмэгдэхийн хэрээр Зэвсэгт хүчинд алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчид Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж улам бүр нэмэгдэж байна.

-Хоёулаа ажил албаны талаар багагүй ярилцлаа. Та Монголын зэвсэгт хүчинд хэдэн жил ажиллаж байна. Ямар, ямар алба хашиж байв. Эмчийн тангараг, цэргийн тангараг өргөсөн хос мэргэжилтэй хосгүй ажил эрхэлж байгааг тань хараад бахархаж байна?

-Бахархалгүй яах вэ. Хос тангарагтай байна гэдэг нь асар том үүрэг хариуцлага дагалддаг. Тэгэхээр тангарагтаа үнэнч байж, энэ их үүрэг хариуцлагыг алдахгүйг хичээж явна даа, эгч нь.  Зэвсэгт хүчинд 22 дахь жилдээ алба хааж байна. Одоогийн БХХСАХНЭ буюу цэргийн госпитальд 1994 оноос хойш эрчимт эмчилгээний их эмч, статистик мэдээлэл арга зүйн тасгийн даргаар ажиллажээ.  Одоо поликлиникийн даргаар ажиллаж байна. АНУ-д 1999-2009 онуудад гурван удаа англи хэлний болон цэргийн эмнэлгийн удирдлагын чиглэлээр суралцсан. НҮБ-ын Энхийг дамжих ажиллагаанд 2008 онд UNMIL(Сьерра-Леоне), 2011онд UNAMID ажиллагааны хойд бүсийн эмнэлгийн офицероор үүрэг гүйцэтгэсэн. Одоо 2016 онд Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэж байна. Энэ  бол миний энхийг сахиулах гурав дахь ажиллагаа юм.

-Манай цэргийн алба хаагчдын ард өмөг түшиг болсон гэр бүлийнхэн нь байдаг. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Өнөөдөр ямар ч санаа зовох зүйлгүй үүрэг гүйцэтгэж байгаагийн цаана миний хань байгаа. Хань маань  механизмын инженер мэргэжилтэй, одоогоор хувиараа ажил эрхэлдэг. Эгч нь ганц охинтой. Ажил, ажил гэж явсаар байгаад ганцхан охин төрүүлсэн хүн дээ. Охин маань санхүү, эдийн засгийн дээд сургууль болон ИБУИНВУ-д санхүүгийн мэргэжлээр сургууль төгссөн. Одоо мэргэжлээрээ “Оюутолгой” ХХК-д ажиллаж байна.  Ханьдаа ар гэрийнхээ ажлыг зохицуулж, сэтгэл санаагаар үргэлж дэмжиж байдагт нь баярлалаа гэж хэлэх ч багадах байх аа.

-Та бүхэн эх орондоо хэзээ ирэх билээ. Эрэмгий дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдар, сахилга зохион байгуулалтаараа гайхуулж яваа эрэлхэг монгол цэргүүдийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Манай цэргийн багийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны есдүгээр сарын эхээр дуусна. Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Манай цэргийн багийн бүрэлдэхүүний 50 орчим хувь нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан ажиллагааны туршлагатай цэргийн алба хаагчид байгаа. Африкийн тэнгэр доор алтан соёмбот тугаа мандуулж, хүний нутагт улс орныхоо нэрийг өндөрт өргөн, үүргээ ухамсарласан чадварлаг хамт олонтой үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна.

Надад төр засаг, ард түмнээс хүлээлгэсэн энэ өндөр үүрэг хариуцлагыг биелүүлэхэд тусалж, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн штабын дарга хошууч Т.Амартүвшин, эмчилгээ эрхэлсэн орлогч хошууч Ч.Баянзул, мэс заслын их эмч ахмад Б.Гантөгс, ахмад Л.Жарантай даргатай тоног төхөөрөмжийн бүлгийн хамт олон болон нийт цэргийн багийн бие бүрэлдэхүүндээ баярласан талархсанаа илэрхийлье. Монгол цэргийн оюуны мэлмий тунгалаг байж, өлмий бат оршиж, есөн хөлт цагаан сүлд шигээ босоо хиймортой, үеийн үед мандан бадрах болтугай.

Д.Болормаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих