Багахангай дүүрэгт сураггүй болсон 43 иргэнийг эсэн мэнд олджээ

2016 оны 03 сарын 04-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр Нийслэлийн Багахангай дүүрэгт 43 иргэн сураггүй болсон гэсэн мэдээллийн талаар тус дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяраас тодрууллаа.

- Танай дүүргийн 43 иргэн сурагггүй боллоо гэсэн мэдээлэл ирсэн энэ талаар мэдээлэл өгөөч?

-2016.03.04-ний өдрийн 07 цаг 07 минутанд манай дүүргийн иргэн Ш.Б-г хөдөөлүүлэхээр Багахангай дүүргээс 7 автомашин 43  иргэн гарч одоо болтол ирээгүй байна туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг Засаг даргын орлогч Ф.Мөнхгэрэлд 15 цаг 00 минутанд талийгаачийн ар гэрээс иргэн Ц.Амгалан ирүүлсэн. Хүсэлтийн дагуу Онцгой комиссийн гишүүд хуралдаж шийдвэрлээд дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр дүүргийн ЗДТГазраас 1, Цагдаагийн тасгаас 2, ОБХ-ээс 5 алба хаагч, орон нутгаас 2 нийт 10 хүн 2 автомашинтайгаар 16 цаг 50 минутанд эрлийн ажиллагааг эхлүүлсэн. 19:00 цагийн байдлаар эрлийг олоогүй тул нөхцөл байдалтай холбогдуулан 19 цаг 10 минутанд дүүргийн Онцгой комисс дахин хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа хүсэх шийдвэрийг гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргад уламжилснаар эрлийн бүрэлдэхүүнд хүч зузаатгаж, хамрах хүрээг өргөтгөн ажиллаж эхэлсэн.

Шөнийн 00 цагийн орчимд ОБХ-ийн эрлийн баг Хүрзтийн уурхай орчмоос хүмүүсээ оллоо гэсэн мэдээг  ОБХ-ийн Аврах ангийн бүрэлдэхүүн мэдээлсэнээр эрлийн ажлыг зогсоож, төөрсөн иргэдийг буцааж авчрах, эмчийн яаравчилсан үзлэгт оруулах зэрэг шат дараалсан арга хэмжээг авч эхэлсэн.

-  Тэдгээр иргэдийг хэдэн цагийн үед дүүрэгтээ авчирсан бэ? Хөлдөж осгосон хүн байв уу?

- Эрлийн баг 2016.03.05-ны өдрийн 05:25 минутанд төөрсөн 43 иргэнийг штабын байранд авчирч,  05:30-06:30 цагийн хооронд дүүргийн Соёлын ордонд Эрүүл мэндийн нэгдлийн эмч сувилагч  нар дээрхи иргэд болон эрэлд явсан 11 албан хаагчдын биеийн байдалд үзлэг хийж, даралт ихэссэн 12, хөнгөн зэргийн хөлдөлттэй \чих\ 2 хүнд анхны тусламж үзүүлсэн.

-Энэ ажилд нийт хичнээн хүн, техник хэрэгсэл ажилласан бэ?

-Эрлийн ажилд нийт 3 автомашин, Онцгой комиссын 19, Засаг даргын Тамгын газраас 12, Цагдаагийн тасгаас 3, Хүн эмнэлгээс 15, Аврах ангиас 10, Улаанзагалмайн хорооноос 5,   Онцгой байдлын хэлтсээс 15, нийт  81 хүнажиллалаа. Эрэлд явсан машинуудад А-80 бензин 110 л, АИ-92 бензин 50 л,  Дизель түлш 50 литр шатахуунаар цэнэглэж явуулсан. Мөн Дизель түлш 100 л, А-80 бензин 70 литрийг машины бэлтгэл бэлэн байдал, цахилгаан үүсгүүрийг ажиллуулахаар нөөцлөөд байна. Шатахууны зардалд  Засаг даргын нөөц хөрөнгөөөс 651.900 төгрөгийг зарцуулсан байна.

Дүүргийн Улаанзагалмайн хорооноос 300 мянган төгрөгийн дулаан хувцас, сайн дурын 5 идэвхтэн нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажилласан.

        -Байгалийн гамшигт үзэгдэл болох талаар иргэдэд мэдээлж анхааруулах зүйл хийсэн үү?

-Цаг уур орчны шинжилгээний газраас 2016 оны 03 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд  Монгол Улсын хэмжээнд байгалийн гамшигт үзэгдэл болж цасан болон шороон шуурга шуурна гэсэн зарлан мэдээллийг ард иргэд малчдад удаа дараа хүргэж ажилласан. Үүний дагуу Багахангай дүүргийн  Онцгой байдлын хэлтсээс иргэд, малчдад мэдээллийг шуурхай хүргэж технологийн байгууллагууд болох дулааны станц, Ус суваг ашиглалтын товчоо, Эрчим хүчний хэсгийн бэлтгэл ажлыг хангуулан ажилласан.

2016.03.03-наас 04-нд шилжих шөнө дүүргийн нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтоож хоносон бөгөөд 2016 оны 03.04-ний 10.00 цаг орчмоос цасан шуурга шуурч эхэлсэн. Дүүргийн Онцгой комисс хуралдан нийт аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжүүлэг хүргүүлэн сургууль, цэцэрлэгийг эрт тараан хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах зөвлөмж өгч ажилласан. Мөн Зам тээврийн сайдын тушаалын дагуу хот хооронд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Замын цагдаагийн постын хяналтыг сайжруулан хулгайн замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх тал дээр арга хэмжээ авч ажилласан. Байгалийн гамшиг гэдэг бол юунд ч давагдашгүй хүчин зүйл юм гэдгийг бид бүхэн харлаа.Цасан  шуургатай хэдий ч гадаа температур харьцангуй дулаан байсан тулдаа хүн осгож хөлдсөн осол гарсангүй. Эрлийн үйл ажиллагаанд оролцсон нийт бие бүрэлдэхүүн болон Нийслэлийн аврах ангийн хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.

  Эрлийн үйл ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж 43 хүний эрдэнэт амь насыг аварсан танд болон танай дүүргийн хамт олны цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих