“Амь” шингэсэн аягыг нь шатаахад эзнийх нь амь тасарчээ
- Ээжийнх нь аяга л хүүгээ аварч, амьдруулж байсан бодит явдал -
Төмөрсүх гэрээсээ гаралгүй хэд хоножээ. Найз, нөхөд нь гайхаж. Найз нөхөд ч гэж дээ, архи хувааж уудаг хэдэн нөхөр. Гэрээсээ гарах нь бүү хэл, хөнжлөөсөө толгойгоо цухуйлгасангүй. Думаа хөгшин “Хүү минь, зүгээр үү?” гэж асуугаад духан дээр нь гараа тавиад гарахдаа “Царай нь засраад, бүх бие нь амарсан янзтай байна…” гээд санаа нь амарсан байна. Ээжийгээ амьд сэрүүн байхад ухааралгүй арав шахам жил архитай нөхөрлөсөн энэ эр “Архи уухгүй” гэж андгайлан ийнхүү өөртэйгээ тэмцэж бүтэн гурав хоног орноосоо босоогүй байна. Хажуу айлынхаа хөгшний авчирч өгсөн хоол, цайнд ч ам хүргэсэнгүй. Ээжийнхээ цай ууж байсан эмтэрхий бор тагшинд шээж, өөрийн усаа уучихаад хэвтээд байж.
Дөч хэвийтлээ ээжтэйгээ хамт амьдарсан энэ эр ээжийнхээ 49 хоног дээр зүүдэлжээ.
“Миний хүү, миний хүү…” хэмээн дуудахад нь Төмөрсүх сэрсэн байна.
Гэрт харанхуй, тэрбээр ганцаараа байжээ. “Зүүд байна” гэж дотор нь муухайрч, уусан архи нь гараад толгой нь ангалзах эр буцаад хэвттэл хөнжлөөс нь татаад:
- Май, энийг уучих гэж ээжийнх нь аргадсан дуу гарсан байна. Төмөрсүх ухасхийн өндийгөөд, бүх бие нь айдсанд автсандаа гэрлээ асаах гэж баахан мунгинажээ. Гэрлээ асаатал ширээн дээр нь бор тагш дүүрэн архи мэлтэлзэж байх юм гэнэ. Мань хүн ийш тийш харсанаа дуртайн эрхэнд аягатайг аваад үнэрлэж, хамрыг цоргиод яах аргагүй архи байв. Төмөрсүх бараг нэг амьсгаагаар хөнтөрч орхижээ. Ямар ч амтгүй байж. Гэвч ходоод дотор нь халуу оргиод толгойны нь өвдөлт үгүй болж бие нь дулаацаад ирж. Манараад яг л архи уусны дараахтай адил байсанд Төмөрсүх айхаа больж, гайхаж байснаа хэвтсэн байна. Шөнө ээж нь дуудсан. Архи өгсөн. Энэ бүгдийг эргэцүүлэнгээ босох гэтэл “Босоод хаачих вэ? Архи уух уу? гэх бодол түүнийг хүлчих шиг болжээ. Өөрөө бол бушуухан гарч сайхан уухыг хүсэж байвч дотроос нь нэг юм чангаагаад эсвэл далдын нэг хүчинд автаад боссонгүй. Орондоо байгаа атлаа бас унтсангүй. Гэнэт ээжийгээ санаж, үгүйлээд жигтэйхэн их уйлжээ. Өөрийн мэдэлгүй цурхиран уйлсан байна.
Ингээд л Төмөрсүх гурав хоног гэрээс гараагүй аж. Тэрбээр усаа ууж хэвтсээр байгаад бодол санаа нь хүртэл эрүүлжсэнийг анзаарсан байна. “Одоо яах вэ…” гэж бодохдоо “Бурмаагаа авчирна. Миний охины ээж. Би түүнийг уучилна” хэмээн өөртөө хэлжээ.
Энэ тухайгаа эхний шөнийн зүүд болон аягатай, амт нь мэдэгдэхгүй архины тухай Думаа гуайд яриад:
- Би одоо эхнэрээ авчирна. Архи уухгүй. Ээж минь надтай цуг байгаа юм байна. Би сэтгэлийг нь амраая гэж хэлээд Төмөрсүх жигтэйхэн гоёж аваад гарчээ.
Есөн жилийн өмнө Солонгос руу явсан эхнэр нь гурван жилийн дараа охиноо татаж аваад сураг тасарсан аж. Эхнэртээ гомдсон гомдлоо архиар угаасаар яваад ажил, амьдралынхаа урт хугацааг өнгөрүүлсэн Төмөрсүхийн эхнэр нь солонгос эртэй дэр нэгтгэжээ. Харин жилийн өмнө Бурмааг нутагтаа эргэж ирсэнийг сонссон Төмөрсүх дотроо их баярласан ч “Өөрөөсөө ичээд түүнтэй уулзаагүй” гэж ярьдаг байна. Охин нь оюутан болоод тэндээ үлдсэн гэдгийг ч эцэг нь мэдээж, баярладаг байж. Гэтэл эргэж ирсэнээс нь хойш утсаар яриагүй атлаа:
- Чамайг авах гэж ирлээ. Чи бид хоёрт ярих өөр юм байхгүй гээд хүрээд ирсэнд гайхсан бүсгүй түүний эрүүл эсэхэд хүртэл эргэлзэхэд хүрчээ.
Хүний үнэргүй зан гаргасандаа ичиж, эмээсэн бүсгүй ямар ч тайлбар хийж чадалгүй Төмөрсүхийг дагаад гэрт нь очсон байна. “Мөнгөний хойноос улайрч, баян эрд толгойгоо мэдүүлж жаргахаасаа илүү зовж явсан болохоор охиныхоо эцгээс айсан ч гэсэн хүрээд ирэхэд нь баярласан. Дагуулаад гэртээ аваачна гэж бодоогүй учраас итгэж чадахгүй хэцүү байсан. Гэтэл юу ч болоогүй, яг л анх нэг гэрт орж байсан шигээ халуун дулаан сайхан байлаа. Охинтойгоо өдөр бүр ярьж, чаатлаад эцэг хүний магнай тэнийх ямар байдгийг хараад би өөрийгөө хараадаг байсан. Гэтэл хагас жилийн настай ийм сайхан амьдрал байсныг хэн нь ч төсөөлөөгүй. Би ингэж шийтгүүлсэндээ харамсдаггүй ээ. Би тэр сайн хүнийг егүүтгээгүй, муу муухай юм хийгээгүй ч гэсэн буруутай. Би амыг нь барьснаас ялгаагүй их гомдоосон. Үйлийн үрийг тарьсан учраас л би үүрч яваа гэдгээ ойлгодог…” гэж Бурмаа ярьж байна.
Ээжийнхээ 49 хоног дээр зүүдэлж, тэр л хүний сүнсээр дамжин ирсэн тагштай усыг уугаад “архи” гэдэг амьдралын дайснаасаа салж чадсан эр анхныхаа хайр, охиныхоо ээжтэй л амьдрах сонголт хийсэн аж. Тэр хоёр зургаан сар гаруй хугацаанд сайхан амьдарчээ. Бурмаа хүүхэд олсон ч зулбасан нь бас л тэнгэрийн орноос илгээсэн шагнал, шийтгэлийн аль нэгэн гэдэгт бүсгүй эргэлздэггүй байна.
“Том охиноо өсгөж, хайрлаж өндийлгөөгүйдээ харамсаж явдаг тэрнийг минь дахиад нэг хүүхдээ өнчрүүлэхийг Бурхан зөвшөөрөөгүй байх аа” хэмээн Бурмаа хэлсэн. Амьдрал нь тэгширч, бүхнийг шинээр эхэлж байсан тэднийг яагаад ингэж шийтгэх болсон нь сонин.
Төмөрсүх ээжийгээ бурхан болсноос хойш бор тагшинд нь “Эзэн сууж” хоол, цайгаа ууж иддэг болжээ. Тэр шөнө “рашаан” хүртсэндээ билэгшээж, бас ээжийгээ санахын эрхэнд эмтэрч, холторсон тэр аягаа эрхэмлэн нандигнадаг болсон байна. Үүнийг нь Бурмаа огт мэдээгүй ажээ. Тэр хоёр буурь сэлгэн хашаа, байшингаа томруулж, хэдэн найзыгаа урьж бяцхан цайллага хийсэн байна. Энэ үеэр талийгаач Төмөрсүх:
- Миний тагш… Миний тагш хаана байна? Хөгшиндөө тагшинд л хийчих гээд мөнгөн аягатай цай барьсан эхнэрийгээ аргадангүй хараад байжээ. Аль хэдийнэ бодийг нь хөтөлсөн болохоор Бурмаа,
- За, яах вэ. Миний хөгшин энэ аяганд уучих… хэмээн займчуулаад өнгөрч.
“Миний хувьд тэр мөнгөн аягыг ханьдаа зориулж хийлгэсэн бөгөөд ёроолд нь дурсгалын үг сийлсэн. Үнэндээ ханиасаа уучлал хүссэн бас уучилсанд нь талархсан тийм агуулга, утгатай учраас биш байшингийнхаа цайллага хийх өдөр цайныхаа дээжийг хийж өгсөн юм. Миний хань ухаантай, хүлээцтэй хүн юм чинь намайг тэгж хэлэнгүүт инээгээд л тэр аяганд ууж, идсэн… Гэтэл хэдхэн цагийн дараа хорвоог, намайг охинтойгоо орхиод явчихсан. Тийм болохоор тэр хүний үхэлд өөр хэнийг, юуг буруутгах юм бэ..?
Бурмаагийн яриа энэ. Тэрбээр өргөтгөл хийж томсгосон шинэ байрандаа орж, цайллагад бэлтгэж байхдаа буюу тэр өглөө нь нөгөө бор тагшийг галд өргөж орхижээ. Асаж байсан гал нь унтраад бор тагш жаахан харлачихсан уугиж байхад нь “Мод биш эд юм байх даа” гэж бодонгуутаа жаахан тос нэмж өргөж байгаад галаа сэргээхэд их л чимээтэй шатсан тухай Бурмаа ярьжээ. Ингээд бодохоор талийгаач эрийн ээжийнх нь ид тэр л бор тагшиндаа шингэсэн байсан гэлтэй.
Талийгаач Төмөрсүхийн ээж нь олонд хүндлэгдсэн буянтай хөгшин бөгөөд өвдсөн, жаахан будилсан oйр хавийнхнаа үлээж өгдөг, эсвэл эрхиэрээ домноод их сайхан болгочихдог гэдгийг ойр орчныхон нь бүгд мэдэх аж.
Цайллаганы үеэр дуу нь цөөрч, нэг л тавгүй байхыг Бурмаа анзаарсан байна. Тэгээд ч архийг жигшсэн тэрбээр дан цагаан идээ, сүү, айргаар нөхдөө дайлжээ. Урилгаар ирсэн нөхөд нь яваад удаагүй байтал Төмөрсүх огиулж, бөөлжиж эхэлжээ. Эмч дуудах гэтэл тэрбээр зөвшөөрөөгүй байна. Оронд нь хэвтүүлж, хүйтэн жин тавьж, шингэн юм уулгах бүрт “Миний тагш…” гэж асууж байсан эр оройн 22 цагийн үед гэнэт амьсгал хураасан ажээ. Өглөө бүх бие нь цоо эрүүл байсан хүн ингэж хорвоог орхихдоо цээж, хоолой хэсэгт нь улаан гүвдрүү гарч, бүр хумсны ул мөр адил шарх хүртэл үүссэн байна. Хоригдож байсан бүсгүй хавтаст хэрэгтэй танилцах үедээ тэр зургийг хараад айж, гайхсан боловч “Талийгаачийн хоолой багалзуур хэсэгт улаан сорвины ул мөртэй… Хумсны шарх үүссэн…” гээд дүгнэлт гэх огт баталгаагүй цаасан дээр бичсэн зүйл л Бурмааг хэрэгтэн болгосон гэнэ.
Уг нь тэр сорви, шарх, хэний гар, юунаас үүссэнийг тогтоох ёстой. Тийм юм байхгүй…. Гэхдээ би хоёрхон удаа мэдүүлэг өгсөн. Миний гарын мөр мөн үү? Нотлоод өг гэдгийг шаардсан. Огт тоогоогүй мөртлөө л ялласан. Нэгэнт амин сүнс байсан аягыг нь устгаад тэр сайхан амьтныг хамт явуулчихсан болохоороо би харамсдаггүй” хэмээн Бурмаа ярьсан юм.
Түүний бодол, талийгаачийн алтан хайрцаг нээх үеэр батлагдсан гэнэ. Ээж нь хүүгээ авч явахдаа “Чи жаахан зовох ёстой” гэж чихэнд нь шивнэхийг Бурмаа сонсчээ.
URL: