Өршөөгдсөн залуус гурван дүүрэг дамжиж хулгай хийжээ
Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн албан хаагчид хулгайн гэмт хэргийн бүлэг этгээдийг саяхан илрүүлжээ. Хэрэгт сэжигтнээр М нарын таван этгээдийг баривчилсан байна. Тэдний гурав нь өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаад байжээ.
Сэжигтнүүд Баянзүрх дүүргийн 9, 11, 20, 23,28 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 20, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс айлуудад хулгайгаар орж, олон удаагийн үйлдлээр “БСӨ” зурагт, зөөврийн комьпютер, алт, мөнгөн ээмэг бөгж, үнэт эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг нь хулгайлдаг байжээ.
Одоогоор 50 гаруй үйлдлээ яриад байгаа гэнэ. Цагдаа нар тэдний хулгайлсан 124 ширхэг эд зүйлсийг ломбард болон орон байрнаас хураан авчээ. Дээр дурдсан хорооны харъяат, халдлагад өртөж эд зүйлсээ алдсан иргэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст хандаарай.
Б.Заяа
URL: