Хэлэх амархан, хэрэгжүүлэх хэцүү

Эрүүл ахуйн тухай хуулийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Энэ хуулийг зөрчсөн иргэнийг 5.000-1.000.000 төгрөгөөр торгох заалт оржээ. Тухайлбал, гудамжинд нус, цэрээ хаясан иргэнийг 5000 төгрөгөөр торгохоор хуульд заасан байна. XXI зууны соёлтой иргэнд байж боломгүй үйлдэл гаргадаг зарим нөхдөд энэ хууль нүдээ олсон шийдвэр.

Албаны хүний хэлж буйгаар хуулийн хэрэгжилтийг олон нийтийн идэвхтэн ажилтан, цагдаагийн алба хаагч, сайн дурын ажилтнууд хянана гэсэн. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэхээс өмнө амьдрал дээр бодит ажил болгохыг сайтар төлөвлөх хэрэгтэй байжээ.

Учир нь одоо ч гэсэн зарим хэнэггүй нөхөд гудамжинд шүлс цэрээ хаясаар байна. Манай улсад АСЕМ-ын хурал хийхээр болсноос нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтад өнгө нэмсэн ажлуудыг төлөвлөж, эхнээсээ хэрэгжиж буй нь сайшаалтай. Харин хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарал хандуулахгүй бол хотын соёл, эрүүл ахуйд тустай сайхан ажлууд цаасан дээр л хоцрох нь байна шүү.

Сүүлд нь иргэдэд сануулахад Эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн иргэнд торгууль ногдуулаад зогсохгүй зөрчил дутагдал дахин гаргахгүй байх үүднээс шүлс, нус, цэр арилгуулж, ухуулга сурталчилгаа хийлгэхээр төлөвлөсөн гэнэ шүү. Тиймээс өнөөдрөөс нийслэлийнхээ соёлтой иргэн болоорой.

Б.Номуун


URL:

Сэтгэгдэл бичих