Нөгөө муу жоохон бацаан

-Найз охинтой юу?
-Байхгүй ээ.
-Байдаг л гэсэн дээ. Нуугаад байгаа юм уу?
-Үгүй чишш.
-Тэгвэл охидын захиа, мессеж их ирж байна уу?
-Миний утасны дугаарыг мэдэхгүй юм чинь. Би чинь хүүхэд ш дээ, эгч ээ.

Нэгэн сэтгүүлчийн асуултад ийн хариулж байхдаа тэр аль хэдийнэ Монгол Улсын гавьяат тамирчин болчихсон байлаа. Тэр үед нээрээ л ийм жаахан байсан. Жаал байсан. Тиймд түүнийг одоо л жаал хэвээрээ юм шиг санадаг юм. Үүнээс хойш долоон жил өнгөрчээ. Тэр найз охинтой болж, түүгээр ч зогсохгүй бүр аав болж, олимп, дэлхийн мөнгөн медаль хүртэж, сонирхогчдын боксоос мэргэжлийн бокс руу одож, нэг ёсондоо том болжээ. Гэвч одоо ч түүний царайнд хүүхдийн гэмгүй цайлган инээмсэглэл тодорсоор. Тэр гэнэн инээмсэглэлтэй “зэвүүн” жаал дэлхийн дөрвөн мэргэжлийн тамирчныг нам цохиж унагачихаад байна. Хэдхэн өдрийн дараа тавь дахь өрсөлдөгчөө ч торохгүй ялна гэж найдаж байна.

Ер нь бид энэ хүүд хар нялхаас нь хамаг найдвараа тавиад, түүндээ ч түүнийг дасгачихаж. Нэг ялалтынх нь ард дахиад, дахиад ялаад өг гээд л. Арван долоохон настайдаа дэлхийгээс медаль аваад ирэхэд нь одоо олимпоос гэж шуналтаад л. Нөгөөх нь ч тэр ачаа, тийм дарамтыг даана гэж тоймгүй. Харахад шөвийсөн бор бацаан. Шөрмөстэй байрын. Харин эргэлдсэн хар нүд нь тэсэрсэн хачин гоё очтой. Өрсөлдөгчийнхөө өөдөөс бол эрс зоримог тулах энэ харц монголчуудынхаа бол өр хайрыг татах тийм зөөлөн.

Анх таван настайдаа ширэн бээлий өмссөн түүнийг бүүр багад нь “Энэ хүүхэд Олимпийн аварга болно” гэж хүмүүс ярьдаг байсан гэдэг. Үнэхээр ч болох шахсан. 2012 оны Лондонгийн олимпийн алтан медалийн төлөө Кубын тамирчинтай эн тэнцүү тулалдаж, хэдхэн онооны зөрүүгээр ялагдсан билээ. Гэвч түүний сэтгэлд олимпийн мөнгө бус, алтан медаль багтсаар байсан юм. Тэр нэгэнтээ “2016 оны “Рио”-гийн олимпийн наадмаас алтан медаль хүртэхийн төлөө хамаг бүхнээ дайчилна” гэж “том үг” хэлсэн удаатай. Мөнгөн медалиа голсон хэрэг биш л дээ. Гагцхүү өөрийгөө олимпийн аварга болох ёстой л гэж бодоод, тамирчин хүний том зорилгоор өөрийгөө шахаж байсан хэрэг. Сэтгэлд багтсан зүйл тэвэрт багтдаг хойно олимпийн алт цээжинд нь багтаж байж дээ, мань жаалын.

Яагаад ийнхүү өнгөрсөн цаг дээр яриад байна вэ гэж гайхаж магад. Ард олон нь олимпийн алтан медаль зүүдэлж байх өдрүүдэд тэр гэнэт тэдний эсрэг шийдвэр гаргасан юм. “Би мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдлээ” гэж нэг л өдөр хэлээд, Америкийг зорин одох нь тэр. Тэр цагаас хойш түүний тухай сураг чимээ л сонсч суудаг болов. Олимпийн алт холдон одсон мэт гуниглал, нууц эмзэглэл, битүүхэн харамсал Монголын спортын тэнгэрт нэг хэсэгтээ л тунарсан даа.

Нөгөө мундаг жаал чинь мөнгөний төлөө шийдвэр гаргалаа, ард түмний итгэл найдвараар шалны алчуур хийж орхиод, амин хувийн амжилтаа хөөлөө гэхчлэнгээр хэрэндээ л тунирхсан. Энэ бол эх орон нь хүүгээ, дүүгээ, хүнээ, тамирчнаа харамласан сэтгэлийн дуу хоолой, цуурай нь байлаа. Яагаад гэвэл, тэр муу жоохон бацаанд эх орон нь хамаг найдвараа хурааж авчраад овоолчихсон байсан үе юм шүү дээ. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар рингээ орхиж, У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар зэлээ эвхэж байсан цагт түүнээс өөр “олимпийн найдвар” үлдээгүй нь мэдээж юм.

Гэвч эр нэгийг шийдэж, хоёрыг зорьжээ. Тэр мэргэжлийн бокст хүч үзэхээр эргэлт буцалтгүй шийдсэн байв. Түүний энэ шийдвэрт боксын спортын шударга бус шүүлт зохих нөлөөгөө үзүүлсэн гэдгийг тэр нуусангүй. Инчёны Азийн наадам, Казахстаны Армийн дэлхийн аваргад тэр ялалтаа луйвардуулав. Илт давуу ялчихаад байхад л эсрэг тамирчинд нь ялалтыг заах шударга бус байдал түүн дээр хэдэнтээ давтагдсан тул хор шар, гомдол залуу эрийн цээжинд багтахыг болиод байв. Ингээд энэ бүхэнд түүний өгсөн хариулт бол “Баяртай. Би худлаар ялагддаг биш, үнэнээр ялж болдог спортыг сонголоо”.

Тив, дэлхий, олимпод эх орныхоо нэрийг гаргах боломжтой шилдэг тамирчнаа үдэхдээ монголчууд лав л баярласангүй. “Шуналтай жаал” гэсэн шүү юм бодоцгоож, үл хайхарч, үл анзаарч, харин алга болсон найдварынх нь цог ахин хаа нэгтээ улалзахыг хүлээн хэсэг чимээ дарав. Мэргэжлийн бокс бол хэр баргийн аавын хүү барж иддэг зөөлөн боорцог биш. Нэг л жишээ хэлэхэд, олимпийн хошой аварга, Укрианы нэрт боксчин Васил Ломанченко мэргэжлийн бокст ороод, анхны тоглолтдоо ялагдал хүлээсэн. Өрсөлдөгч нь тийм ч мундаг тамирчин байгаагүй гэдэг. Харин В.Ломанченко бол 2007 оноос хойш нэг ч ялагдаагүй, 19 настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, түүнээс хойш дэлхийн хошой аварга, олимпийн хошой аварга болсон агуу амьтан байсан билээ. Тиймээс мэргэжлийн ринг мэдээж хатуу гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан юм.

Гэвч түүнд ямар ч айдас байсангүй. Өөрөө ч “Би айдгаа авдартаа хийнэ гэдэг шиг бүх айдсаа Монголд үлдээгээд ирсэн. Мэргэжлийн бокст нэг жинд 1000 гаруй тамирчин байдаг. Тэд нарын хэнтэй нь ч таарсан өрсөлдөгч бүрээ нам нам цохиод ялаад байвал рейтингээ хурдан өсгөж чаддаг гэсэн” хэмээн ярьж суусан.

Удалгүй Америкт “Кing Tug” гэж нэг монгол залуу 15 секундэд 130 цохилт хийлээ гэж шуугиад эхэллээ. Нөгөө хүүхдийн инээмсэглэл тодруулсан шазруун залуу маань ийнхүү нэг секундэд 8.6 цохилт хийж америкчуудыг алмайруулж байгаа сураг гарав. Клубынх нь залуус түүнийг “Кинг Тугсу” буюу “Хаан Төгсөө” хэмээн хочлох болсон гэнэ. Дасгалжуулагч Жо Гуссен “Түүний анхны бэлтгэл надад гэнэтийн бэлэг байсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэ мэт цуу алдар хурдацтай тархаж, улмаар эхний өрсөлдөгчөө 50 секундын дотор хүнд цохилтоор буулгаж авсан тухай дуулдлаа. Тэгээд хоёр дахиа, гурав дахиа ядах юмгүй дутуу гаргаж, дөрөв дэх учраагаа ч төвөггүй буулгаж авсан байна. Үндэсний найдвар өөр зүгт сэрлээ. Сонирхогчдын боксоос алдагдсан найдвар мэргэжлийн бокст тодорлоо. Угтаа бол нөгөө л хуучин найдвар, нөгөө л хуучны бор бацаан маань шүү дээ.

Түүнээс эх орондоо хэзээ ирэх тухай асуухад “Би мэргэжлийн боксын дэлхийн аварга болчихоод эх орондоо очно” гэж хүүхдийн гэмээр гэнэн цайлганаар хариулсан юм. Уг нь тэр одоо том болсон. Эцэг болсон. Гэхдээ л яагаад ч юм, жаахан санагдах. Одоо 24-тэй л дөө. Гэхдээ л жаал гэж харагдах.

Хамгийн гол нь энэ жаалын мөрөөдөл том юм аа. Лас Вегасын “MGM Grand” ордонд “Дэлхийн шинэ аварга Төгсцогт” гэж зарлуулаад, “Монгол” гэж цоллуулах мөрөөдлийг тэр одоо эзэмшиж байна. Түүнд дахиад бас нэг мөрөөдөл бий. Тэр нь олимпийн аварга болох.

Уг нь олимпийн аварга болох зорилгоо биелүүлэх ганц боломж нь удахгүй болох Риогийн олимп билээ. Яагаад гэвэл, мэргэжлийн бокст найман тулаан хийгээгүй байхдаа сонирхогчдын боксын тэмцээнд оролцож болох тийм дүрмийн боломж байдаг гэнэ. Хагас мэргэжлийн боксын тулаанаас олимпийн эрх авдаг болсон бөгөөд уг тэмцээнээс эрх авах боломжтой. Гэхдээ 56 кг-ын жинд Монголоос олимпийн эрх авах боломжтой Б.Цэндбаатар, Э.Идэрхүү гэх шилдэг боксчид бас байгааг мартаж болохгүй. Боксын алдарт дасгалжуулагч Д.Банди “Н.Төгсцогтоор жишээ татахад л энэ залуу хэрэв бэртэл гэмтэл авчихгүй л бол манай боксынхон ойрын хэдэн жилдээ уналтад орохгүй. Н.Төгсцогтын амжилт Монголын боксын хөгжлийг ойрын арван жилдээ тодорхойлно” гэж хэлж байжээ. Тийм байгаасай гэж үнэхээр найдаж байна. Төгсцогт гэж хэн бэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Би жирийн л нэгэн аав, ээжийн тамирчин хүү. Харин багш дасгалжуулагчдын хэлдгээр ясны тамирчин юм болов уу” гэж хариулсан нь бий. Тийм гэж үнэхээр бат итгэж байна. Тэр ясны боксчин.

Тэрээр олимпийн алтан медалиас атгаад алдсан тухайгаа “Ёооё, юу болчихов оо л гэж бодсон. “Куба. олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа. Тээр өндөрт дээр байсан сэтгэл зүй газарт навс гээд унах шиг л болсон. Уйлаад, харамссандаа уйлсан. Би яачихав аа, ийм олон жил хүлээж, хөдөлмөрлөчихөөд… хэрвээ, хэрвээ гээд л” хэмээн ихэд харамсан ярьсан байдаг. Тийм ээ, тэр тэгэхэд ердөө 20-хон настай байсан шүү дээ. Хэрвээ, хэрвээ гэдэг нь хэрвээ дахиад нэг л боломж олдох юм бол би олимпийн аварга болно гэсэн хор шар байсан. Хэрвээ түүнд боломж олдох юм бол нээрээ л аварга болно доо. Ялалтын баяр бахдал, ялагдлын хор шарыг амтлуулж чаддаг учраас Нямбаярын Төгсцогт гэх энэ агуу бацаанд монголчууд хайртай байдаг юм.

Д.Дамдинжав

Эх сурвалж: Ардын эрх сонин


URL:

Сэтгэгдэл бичих