Зүрхээ хамгаалахын тулд эхлээд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх нь чухал
Саяхан “Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” сэдэвт үндэсний анхдугаар чуулган болсон билээ.
“Салбар дундын хамтын ажиллагаа, түншлэлийг шинэ төвшинд гаргаж, халдварт бус өвчин осол гэмтлийн тархалтыг бууруулах эрүүл мэндийг дэмжигч орчныг бүрдүүлье” хэмээх уриатайгаар Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулсан юм.
Мөн 2010 оны халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах талаарх Сөүлийн тунхаглал, энэ оны дөрөвдүгээр сарын ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Амьдралын эрүүл хэв маяг, халдварт бус өвчний хяналт” сэдэвт дэлхий дахины сайд нарын анхдугаар хурлаас гарсан тунхаглалтай холбогдуулан Монгол Улсад салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчинг бүрдүүлэх, халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах ажлыг шинэ шатанд гаргахад гол зорилго нь оршиж байгаа юм.
“Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” сэдэвт үндэсний анхдугаар чуулганд эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд илтгэл тавьсан бөгөөд илтгэлүүдийг эмхтгэн ном болгон гаргасан билээ.
“Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” сэдэвт үндэсний анхдугаар чуулганд ЗГХА-Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Л.Оюун “Эрүүл зан үйл төлөвшүүлэхэд зан үйлийн онолын ач холбогдол” сэдвээр илтгэл тавьсан юм. Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн арав хоногт “Зүрхээ хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Тиймээс халдварт бус өвчний зонхилон тохиолдох гол өвчлөлийн нэг болоод байгаа зүрх судасны эмгэгийн талаар дурьдаж байна.
Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зан үйлийн онол зайлшгүй чухал юм. “Зүрхээ хамгаалах дэлхийн өдөр”-т зориулан ЗГХА-Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Л.Оюуны “Эрүүл зан үйл төлөвшүүлэхэд зан үйлийн онолын ач холбогдол” сэдэвт илтгэлийг хүргэж байна.
Эрүүл зан үйл төлөвшүүлэхэд зан үйлийн онолын ач холбогдол
Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчний тархалтад хүчтэй нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлсийн нэг хэсэг нь хувь хүний эрүүл мэндийн эрсдэлт зан үйлтэй шууд холбоотой юм.
ДЭМБ-ын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хувь хүний эрүүл мэндийн эрс дэлт зан үйлд дараах үйлдлүүд багтдаг. Үүнд, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, тамхи татах, дам тамхидалтад өртөх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх гэх мэт.
Монгол Улсад 2009 онд зохион байгуулсан “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хучин зүйлсийн тархалтыг судлах” судалгааны ур дүнгээр манай улсын 92.3 хувь нь хоногт таваас бага хэмжээгээр жимс, ногоо хэрэглэдэг. 7.5 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 24.3 хувь нь өдөр бүр тамхи татдаг, эрэгтэйчүүдийн 39.7, эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарсан байна.
Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн байдлаар Монголын хүн амын таван хүн тутмын нэгд, 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэгд халдварт бус өвчний гурваас дээш эрсдэл хавсран тохиолдож байна. Энэхүү эрсдэлт зан үйл нь 20-35 насны эрэгтэйчүүдийг мөн насны эмэгтэйчүүдээс хоёр дахин их өвчлөх эрсдэлд хүргэж байна.
ДЭМБ-аас гаргасан тооцоогоор хүн архи, тамхины хэрэглээнээс татгалзаж, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр зүрх судасны өвчнийг 80 хувиар бууруулах боломжтой.
ДЭМБ-аас зөвлөж байгаа эрүүл мэндэд тустай үйлдлүүдийг хийх нь амар боловч хүмүүс зөвлөмжийг дагах нь цөөн байгаа нь манай улс орны хүн амын өвчлөлийн тэргүүлэх өвчнүүдийн жагсаалтаас харагдаж байгаа юм. Хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх нь удаан хугацааны зан үйлийг өөрчлөх онолуудад тулгуурласан, өртөг багатай, хэрэгжүүлэхэд хялбар стратеги төлөвлөгөөнд суурилснаар илүү үр дүнд хүргэдэг. Иймээс мэндийн боловсрол олгогчид зан үйлийн онолуудын талаар зөв мэдлэгтэй байж, өөрийн ажилд ашиглаж сурснаар хэрэгжүүлж байгаа нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг чанаржуулах, эрчимжүүлэх боломжтой. Онол нь аливаа нэгэн нөхцөл байдал ба үр дүнг тайлбарлах буюу урьдчилан тооцоолох зорилгоор ухагдахууны харилцаа холбоог системтэй байдлаар харуулж болох өөр хоорондоо харилцаа холбоотой баримтлалууд ба ойлголтын багц юм.
Зан үйлийн онолуудыг ашигласнаар бид хүмүүс яагаад энэ үйлдлийг хийгээд байна, тухайн үйлдлийг яаж өөрчилж болох, мөн ямар арга хэмжээ нь үр дүнтэй байсан талаар илүү ойлголт мэдээлэлтэй болдог. Хувь хүний үйлдэж байгаа зан үйлийг тодорхойлохдоо тухайн хүнийг Нийгэм экологийн загварын нэгэн хэсэг гэж үзэх нь зүйтэй юм.
Нийгэм экологийн загварын бүрэлдэхүүн хэсэг болгон нь нэг нэгэндээ нөлөөлж, төвшин болгондоо өөрийн гэсэн зай үйлийн онолтойг харуулсан загвар юм. Хувь хүн нь өөрийнхөө эрүүл мэндэд эрсдэлтэй зан үйлийг үйлдэж байгаагаа мэдэж байгаа боловч амьдарч байгаа орчин нийгэм нь тус хүний зан үйлийг тодорхойлоход томоохон нөлөөлөл үзүүлдэг. Тийм ч учраас зан үйлийг өөрчлөх үйл ажиллагааг нийгэм экологийн бүх төвшинг харгалзан зохион байгуулах шаардлагатай билээ.
Хувь хүний зан үйлийг өөрчлөхөд ашигладаг хамгийн алдартай онолын нэг нь Болзолт рефлексийн онол. Оросын алдарт эрдэмтэн физиологч И.П.Павлов анх энэ онолыг нохойн шүлс ялгаруулах үйл явцыг судлаж байхдаа нээсэн боловч тус онолыг нийгмийн ухааны олон салбарт өргөнөөр ашигладаг билээ.
Э.Энх
URL: