Дахиад 280 сая төгрөгөөр “Усан хөшиг” барина гэнэ үү

Өнгөрсөн зун 70 саяын өртгөөр боссон гэгдэх “Усан хөшиг” долоо хонолгүй эвдэрч сошиал ертөнцөөр нэлээд хэл ам дагуулж олны дургүйцлийг төрүүлээд байсан.

Гэтэл, энэ жил дахиад нийслэлийн хөрөнгөөр дөрвөн томоохон гүүрэнд “Усан хөшиг”-ийг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал Сонсголон, Яармаг, Энхтайваны болон Маршалын гүүрэнд “Усан хөшиг”-ийг илүү томруулан хийхээр зураг төсөл, бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Тус ажлыг Нийслэлийн Захирагчийн албанаас хариуцан ажиллаж байгаа бөгөөд урд жил гарсан асуудлуудыг анхааралдаа авч нарийн судалгаа хийж байгаа гэнэ. Уг нь улс орны эдийн засаг туйлдаа хүрч олон хүн идэх хоолгүй, төрөх дөхсөн эмэгтэйчүүд нь хэвтэх эмнэлэг ч үгүй байхад нийслэлийн удирдлагууд нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах нэрийдлээр усан оргилуур хийж шоудаж байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн зун 70 саяар усан хөшиг хийсэн бол энэ 280 саяар усан хөшиг хийх юм гэнэ. Тэд төлөвлөсөн зүйлээ иргэд хичнээн эсэргүүцэж байсан ч тоохгүй хийдэг.

Тиймээс энэ жил өнгөрсөн жилийн алдаагаа давтахгүй, дэлхийн стандартад нийцсэн үзэх, харах зүйл ихтэй шинэлэг зүйл хийгээсэй гэж итгэж хүлээхээс өөр сонголтгүй. Хэрвээ уншигч та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил Арслантай гүүрэнд хийсэн усан оргилуурын хажууд нарлаад тоглож наадах талбай байтугай, тухлаад суучих ганц сандал ч үгүй өнгө муутайхан дүр зураг сэтгэлд тодхон байна. Уг нь үнэхээр хотын тохижилтод анхаарч усан хөшиг хийж байгаа бол наандаж гүүрээ шинэчилж будаад, ойролцоох талбайд нь сүүдрэвч тавьж хэдэн сандал ч гэсэн байрлуулсан бол залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг газар болох нь дамжиггүй байсан байх. Гэтэл нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр хэдэн төмөр холбож гагнаад л, нүхэлж ус гоожуулаад л 70 сая гэсэн нь харамсалтай.

70 саяын өртөгтэй тус бүтээн байгуулалтын ажил нь Сөүлийн Вапро голын гүүрэнд байрлах усан хөшгийг дуурайсан гэсэн. Гэвч дуурайх нь байтугай хүний урманд дөхөж ч очоогүй. Дэмий л иргэдийг бухимдуулж, татвар төлөгчдийн халаасны мөнгөнөөс “хумсалсан” төдий ажил болсон. Энэ удаад 280 сая төгрөгөөр Сөүлийн Вапро голын гүүрэнд байрлах усан хөшигтэй яг адилхан биш юм аа гэхэд ядаж жаахан ч гэсэн дөхүүлсэн зүйл хийвэл сайнсан.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих