Хуурамч эх орончдыг байранд нь нэг тавих арга

a1sd21f2asd1f

“Хүний сайныг ханилан байж мэднэ,
Хурлын гишүүнийг сорин байж танина”

УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст нэг ижил шалгуур тавж эхлэх цаг болсон. Энэ бол бодлогын мэтгэлцээн. Хөгжингүй орнуудад бодлогын мэтгэлцээн хийж, нэр дэвшигчийн асуудалд хандах хандлага, үзэл баримтлал нь хэр цэгцэрсэн, тулгамдсан асуудлыг яаж шийдэх гэж байгаа байр суурийг нь тодорхой ойлгож авдаг.

Нэр дэвшигчдийг хооронд нь өнгө мөнгө, “тэрний энэний” хүн гэдэг шалгуураар биш улс төрчид байх ёстой ноён нуруу, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах чансааг нь мэтгэлцээнээр тодорхойлох практик бий.

АНУ-ын жишээн дээр бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд ил тод нэвтрүүлдэг. Тодорхой дүрэм журмын дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн туршид гурван удаа үндсэн мэтгэлцээн хийдэг. Түүнээс өмнө бүтэн жилийн туршид намууд нэр дэвшигчдээ сунгаагаар тодруулахдаа мөн л мэтгэлцээний явц, үр дүнг үндэс болгодог.

Муж улсууд болон сенат, конгрессийн сонгуульд нэр дэвшигчид ч мөн ялгаагүй мэтгэлцэнэ. Тэд асуудлаа ерөнхий гурван ангилалд хуваадаг. Нэгт: Нийгмийн бодлого, хоёрт: Дотоод бодлого, гуравт: Гадаад бодлого гэсэн хүрээнд мэтгэлцээн явагддаг. Түүнээс бус сав суулга тарааснаар нь, сонгууль дөхүүлж хэн илүү зурагтаар ухаантай юм ярьснаар нь бус.

Сонгуулийн мэтгэлцээнийг хийж занших нь хамгийн түрүүнд сонгогчдод сонголт хийх бодит боломж бүрддэг.

Мөн нэр дэвшигчдэд тавигдах шалгуур ч энэ хэрээр өндөрсдөг. Адаглаад мэтгэлцэгч хоосон популизм хийлгүй, асуудлын гүн рүү орох шаардлагатай тулгарна. Сонгогчдын нэр дэвшигчдэд тавих шалгуур өндөрсөхийн хэрээр “санамсаргүй од”-ууд зүй тогтлоороо шахагдана. Нөгөө талаас бэлтгэгдсэн хүний нөөц байх ёстой газраа ажиллах нөхцөл бүрдэнэ. Төрийн тогтвортой байдал ч цэгцэрнэ.

Манайхны зарим нь “ардчилал Монголд зохино, зохихгүй” гэж туйлшрамтгай үзэлд автах хандлага бий. Берклигийн профессор Сабллоф Монголчуудын төрийг барьж ирсэн түүхэнд ардчиллын голлох элементүүдийг ашиглаж, гүрэн улсаа байгуулж байсан туршлага бийг эрдэм шинжилгээний үндэстэй нотолсон. Уламжлалаа бодох юм бол Монголын их гүрэн нэг хүний хэт их дарангуйллаар биш “Хуралдай” буюу хамтын хэлэлцүүлгээр томоохон асуудлаа шийдэж байсан өв бий. Мөнх хааны өргөөнд гэхэд л бүх шашны нөлөө бүхий эрхмүүд цуглаад 763 жилийн өмнө мэтгэлцээн өрнүүлж байсан түүхтэй. Монголчууд түүхэндээ өндийж боссон нууц нь эрх чөлөөг хамгийн сайн хангаж, дээдэлж байсан мөчүүдэд тохиосон байх жишээтэй.

“2016 онд сайн хүн сонгох хэрэгтэй, сонголтоо зөв хийх ёстой” гэсэн ухуулга их явж байна. Үүнээс үүдэн, хүмүүсийн сайн мууг яаж ялгах юм бэ гэдэг асуулт ургаж гарна. Хүний сайныг ханилан байж мэддэг нь Монгол ёс. Харин Хурлын гишүүнийг сорьж байж л тарыг нь мэдэж, чадварыг нь танина. Тэр сорилт бөгөөд шалгуур нь чухамдаа “мэтгэлцээн” юм.

Монголчууд өнөөдрийг хүртэл албан ёсоор мэтгэлцээнийг улс төрийн сонгуульд ашиглаагүй байна. Л.Түдэв гуай, П.Очирбат гуайн үеэс эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулиас 2013 оны сонгууль хүртэл нэг ч удаа Ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг жинхэнэ утгаар нь зохион байгуулсангүй. Бидний мэтгэлцээн гэж хэлээд байгаа нэр дэвшигчдийн асуулт хариулт бол ямар ч мэтгэлцээний ур чадвар сорьдоггүй шалгуур. Жишээ нь нэр дэвшигчдэд яг ижил асуулт өгөөд 3 минутанд хариул гэхээр өөр өөрийнхөө чигт бодсон зүйлээ л хэлнэ.

Харин мэтгэлцээн гэдэг бол үүнээс илүү боловсронгуй үзэл бодлын уралдаан, бодлогын өрсөлдөөн өрнүүлэх талбарыг хэлнэ.

“Хуульч Сандаг”, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир”, за мөн язгуур урлагийн төрөл болсон “Дайралцаа үг” гээд мэтгэлцээний арвин баялаг өвтэйг нотолсон ардын сайхан уламжлал байна.

“Арван тавны сарыг ар дээр гартал хэлэлцье
Адуу, үхэр хоёрыг бэлчээрт гартал хэлэлцье” гэж байгаа юм. Уул шугамандаа сайтар нягталж асуудлыг олон талаас хөөрөлдөхийн нэр. Лам нар хүртэл хэдэн өдөр шөнөөр ном хаялцаж, эрдэм чадлаа мэдэлцэн “мэтгэлцдэг” шүү дээ.

Гаднаасаа гял цал хүмүүсийн алийг нь сайн муу гэхэв, үнэн худал нь мэдэгдэхгүй том том сургуулийн диплом өвөртөлсөн нөхдүүдийн хэнийг нь жинхэнэ мэдлэгтэй гэхэв, зүгээр л мэтгэлцүүлье. Тойрогт өрсөлдөж байгаа гишүүд тойрогтоо мэтгэлцээд түүнийг нь цахимаар сонгочдод хүргэж чадвал сонгогчийн боловсрол ч тэлнэ, сайн улс төрчид ч өснө.

Одоо Монголд цахим сүлжээ газар авч байна, ухаалаг утастай иргэд ч олширч байна. Ирж яваа цагийнхаа өнгийг ухаарч, бидний хувь заяаг залуурдах төрийн эрхмүүдэд өндөр босго тавьж гэмээн сонгууль чанаржина.

Мэтгэлцээн бол өөрийн дүрэм журамтай, хил хязгаартай эд. Хэрүүл маргаан, гүтгэлэг доромжлолоор хэвлэл мэдээллийн орон зайг дүүргэхийн оронд цэц булаалдсан хөгжлийн, бодлогын мэтгэлцээнээр үзэлцэж байж энэ улс төрчид захаасаа томоожино. Мэтгэлцээн хоосон амлалтын хүрээг хумина. Мэтгэлцээн шазав татав гэсэн их зантнуудын хандийг дарна. Мэтгэлцээн юуг ч болов харлуулаад сурчихсан хуурамч эх орончдыг илчилнэ.

Мэтгэлцээн тоо баримт, судалгаа, үндэслэл шаардана. Мэтгэлцээн хүний ноён нурууг тандаж, худалчлыг илрүүлэх боломж олгоно. Төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн санаачилга гаргаад төрийн гар харалгүй энийг санаачлаад хийх цаг болжээ. Тансаг зангиа зүүсэн, тархи зүрх нь царцуу нөхдөд мэтгэлцээн аюулын харанга болно. Эрдэм чадалтай хүмүүст мөнгөнөөс том боломж авчирна. Эрх мэдэлдээ эрдэгчдэд сүүлчийн сануулга болно. Харин ард олонд очих тусыг бол тоочоод баршгүй.

С.Эрдэнэболд


URL:

Нэр: zochin Огноо: 3 March 2016

hyn namiig egt demjih hereggui shuu ard tumen mini ee

Сэтгэгдэл бичих