Хятадын нүүрсний салбарт 1.3 сая ажилчныг хална

Хятадын аж үйлдвэрийн салбар дахь илүүдэл хүчин чадлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд олон хүнийг ажлаас нь халахаар төлөвлөснийг тус улсын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хангамжийн сайд Инь Вэйминь мэдэгджээ.

“Нэн тэргүүнд нүүрс олборлолт, ган хайлах үйлдвэрлэлд илүүдэл хүчин чадлыг бууруулна. Урьдчилсан тооцоогоор нүүрсний салбарт 1.3, ган хайлах салбарт 500 мянган хүнийг ажлаас нь халснаар нийт1.8 сая ажилчны ахуй амьдралд нөлөөлнө” хэмээн сайд хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлсэн байна.
Өмнө нь Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Фан Фэй тус улсад 100 тэрбум юанийн(15.3 тэрбум ам.доллар) тусгай сан байгуулж, хүнд аж үйлдвэр дэх хүчин чадлыг бууруулах явцад ажилгүй болсон иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь туслах зорилгоор зарцуулна гэдгийг ярьжээ.
Мөн Хятадын“Цзинцзи цанькао бао” эдийн засгийн сонины нэгдүгээр сарын дугаарт мэдээлснээр тус улсын эрх баригчид ирэх4-5 жилийн хугацаанд хүнд аж үйлдвэрийн салбар дахь хүчин чадлыг бууруулж, ажилгүй болсон иргэдэд тэтгэмж олгох зорилгоор жил бүр 100 тэрбум юань зарцуулахаар төлөвлөсөн аж.
Үүний дараа Хятадын Төрийн зөвлөлөөс тус улсын ган хайлах, нүүрсний салбар дахь үйлдвэрлэлийн хэмжээг хорогдуулахаар болсныг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр албан ёсоор мэдэгдсэн байна. Хятадын статистик тоо баримтаас үзэхэд тус улсад нүүрсний хэрэглээ 2015 онд 3.7, 2014 онд 2.4 хувиар тус тус буурчээ.Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих