Сэргээн босголтын ажил үргэлжилж эхэллээ
Бүтэн долоо хоногийн турш хар салхинд дарлуулсан Филиппин одоо л нэг толгой өндийж байна.
Хятад, Хайнаны арлуудаар дамжин орж ирсэн хар салхи 120 км цагийн хурдтай Манилаг дайран гарсан юм. Зогсолтгүй үргэлжилсэн хар шуурганы дараа тус улсын эрэг дагуух хэд, хэдэн хот гамшгийн онц байдалд шилжээд байгаа аж.
Манилагийн аврах албаныхан үерийн ус зайлуулах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс эхлээд ачаалалтай ажиллаж байгааг “Синьхуа” дамжуулжээ. Гамшгаас хамгаалах албаны дарга Бенит Рамосын мэдээлснээр орон нутгийн 60 гаруй хурдны замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Одоогоор амь үрэгдэгсдийн тоо 18-д хүрсэн бол 35 хүн ор сураггүй алга болжээ. Мөн шар усны үер Манилагийн гудамжуудад түрэн орж ирснээс далайн эргийн парк, төв талбай гэх мэт томоохон байгууламжууд усанд автжээ. Өнгөрсөн мягмар гаригаас эхэлж НҮБ-ын тусламжийн цуваа Филиппинд орж ирээд байгаа юм байна.
Несат хар шуурга Манилаг орхиод байгаа ч номхон далайн түрлэг эрс нэмэгдсэнээс үүдэж Филиппинд дахин гамшиг нүүрлэхгүй гэх газаргүй аж. Несат хар шуурга номхон далайг дамнан 650 км-ийн диаметрээр, 170 км цагийн хурдтай урагшилж яваа юм байна. Дашрамд дуулгахад, тус улсад хоёр жилийн өмнө байгалийн гамшиг нүүрлэж 400 гаруй хүн амь үрэгдэж байжээ.
URL: