МИАТ ”МАФИ” болсон нь үнэн юм байна
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн бараг 100 хувь нь ийн дүгнэж байна.МИАТ гэдэг төрийн өмчит компани чинь Монголын идээч авлигчдын талбар, МАФИ болсон юм биш үү гэх нь холгүй халаглав. Үндэсний аудитын газар анх удаа МИАТ ХК-д тендертэй холбоотой томоохон шалгалтыг Төсвийн байнгын хорооны захиалгаар хийжээ.
Тэгээгүй бол бохир ажиллагаа үргэлжилсээр, бугшсаар байх байсныг Байнгын хорооны дарга нь үгүйсгэсэнгүй. Ийм дээр нь олж мэдсэн нь аз шахуу юм гэцгээнэ. “2010 оны өвөлжилт онц хүндэрсэн аймгуудад улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилт, үр дүн”, “Утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд”-д аудит хийх захиалгыг Ц.Даваасүрэн дарга Ч.Раднаад бас өгсөн юм билээ. Гэтэл МИАТ-ийн асуудалд ач холбогдол өгсөн гишүүд нөгөө хоёр сэдвийг орхиж гарснаар Улаанбаатарын мээр асан Ц.Батбаяраас өөр хүн утаа, малд зарцуулсан мөнгөний тухай сонирхсонгүй. Ирцгүй гээд Байнгын хорооны хуралдаан завсарлав. МИАТ ХК-д шатах тослох материалыг ганцхан МАН-ын Бага хурлын гишүүн, “Сод Монгол” группийн эзэн Ц.Анандбазар гэгч онцгой давуу эрхээр, дэлхийн зах зээлийн үнээс өндөр өртөгөөр нийлүүлдэг байсан нь УИХ-ын анхаарлыг татахаас аргагүй байж. Тэгээд л Ц.Даваасүрэн дарга Ерөнхий аудиторт сэжим өгсөн бололтой.
“МИАТ-т нийлүүлж буй шатах тослох материалын тендер шалгаруулалтын үр дүн, үр нөлөөг шалгаж дүнг холбогдох байгуулага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэсэн. Шатах тослох материалыг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан эсэх, онгоцны тийзийн үнэ өсөхөд энэ нь нөлөөлж буй зэрэгт анхаарал хандууллаа” гэж ҮАГ-ын дарга Ч.Раднаа танилцуулгынхаа өмнөтгөл болгож ярилаа. Уншигч авхай Танд ойлгоход илүү дөхөм байх үүднээс, бас олон хуудас учир АҮГ-ын дүгнэлтээс тоймлон хүргэх нь зөв гэж үзэв. Худалдан авах журмыг баримтлаагүй байна гэж ҮАГ шууд дүгнэсэн байна.-Шатахуун нийлүүлэх тендерийг нээлттэй хэлбэрээр зарлах байтал өрсөлдөөнийг хязгаарлан “Ойн бирж”, “Сод Монгол групп”, “Алхана трейд” ХХК /”Сод Монгол”-ын охин компани/-иас үнийн санал авсан. Гэвч “Ойн бирж” ХХК тодорхой бус шалтгаанаар материал ирүүлээгүй. Нөгөө хоёр компанийн баримт нь ижил бөгөөд Тендерийн хороо хянан үзэж, үнэн зөв сонгон шалгаруулаагүй. “Алхана трейд” ХХК тендер үнэлэх найман шалгуурын ганц үзүүлэлтээс бусдыг хангаагүй.
-”Роснефть” компаниас “Сод Монгол групп” ХХК-д онгоцны түлш импортлох давуу эрх олгосны дагуу МИАТ зарласан тендерээ хүчингүй болгож “Сод Монгол групп”-тэй шууд гэрээ байгуулжээ. -”Сод Монгол групп” болон “А-Жет лимитед” ХХК онгоцны шатахуун импортлох, цэнэглэх давуу эрхээ ашиглан шатахууны үнийг өндөрт байлгах замаар МИАТ ХК-ийн ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болгож байна. Энэ байдал нь МИАТ ХК-ийг гадаадаас шатахуун сумлах үйлчилгээ түлхүү авахад хүргэсэн.
-МИАТ ХК зах зээлд өрсөлдөх, онгоцны түлшний үнийг бууруулах зорилгоор шатахуун импортлох, хадгалах савтай болох, онгоц цэнэглэх үйл ажиллагаа эрхлэх талаар ЭБЭХЯ, ТӨХ, ИНЕГ-т тодорхой санал хүргүүлж байжээ гээд АҮГ доорх дүгнэлтийг хийсэн байна. Түүнд, -Импортлож буй онгоцны шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнээс харьцангуй өндөр байна.-Шатахуун импортлох болон хөлөг сумлах давуу эрхийг цөөн компани эдэлж байгаагаас шударга өрсөлдөөний зарчим алдагдаж, үнэ нэмэгдэх нөхцөл бүрдсэн.-Худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулаагүй, худалдан авах аргыг буруу сонгож, тендерийг үнэн зөв хянаж, сонгон шалгаруулаагүй.
-Гэрээний биелэлтийг хангаагүй, гэрээний заалт биелээгүй байхад хариуцлага тооцоогүй байна гэжээ. Аудитын дүгнэлтийг МИАТ ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал З.Энхбаяр хүлээн зөвшөөрөөд зөвлөмжийг хэрэгжүүлэхээ бичгээр мэдэгджээ. АҮГ-аас эрх бүхий сайд, дарга нарт албан тоот явуулжээ. Тэдгээрт, ганц компанид давуу эрх олгож, өрсөлдөөнийг хязгаарласан асуудлыг Засгийн газар хоорондын комиссын түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх, шатахууны үнэ бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад, Шатахуун нийлүүлэлтэд өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахад, Тендерийг хуулийн дагуу зохион байгуулаагүй албан тушаалтанд арга хэмжээ авахыг ТӨХ-ны дарга Д.Сугарт, Шатахуун нийлүүлж байгаа компаниудын татвар төлөлтөд хяналт тавихыг ҮТЕГ-ын дарга Ц.Оюунбаатарт, Гэрээнд хяналт тавьж, зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцож байх, худалдан авалтыг үр ашигтай зохион байгуулж ажиллахыг МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэд /тухайн үеийн албан тушаалаар/ зөвлөсүгэй гэсэн бичиг байна. Одоо гишүүдийн бухимдлыг түүвэрлэе.
Л.Гантөмөр: -Нэг компанид давуу эрх өгсний учрыг олмоор байна.
Хариуцлага тооцох гэхээр өөр ажилд шилжүүлдэг, дэвшүүлэн зайлуулдагаа зогсоох хэрэгтэй. О.Чулуунбат:-Нэг тонн нь 570 долларын шатахууныг 1550 доллараар авдаг нь гэгээн цагаан өдрөөр хулгай дээрэм хийж байгаагаас ялгаагүй хэрэг. Шахааны бизнесээс гадна том дарга нарын боловсон хүчний бизнесийг таслан зогсоох хэрэгтэй.
Ш.Сайхансамбуу:
-МАН, АН хуйвалдаад хуваагаад иддэг мафи нүүрлэсэн газар болсон байна. Тэр мафийг илчлэх цаг ирсэн. Нойтон түрээс гэж бас мөнгө иддэг заваан юм байна. “Хуурай” түрээс байж болдоггүй юм уу. С.Оюун:-МИАТ-ийн хөрөнгийг хувааж иддэг болсоор 10 жил өнгөрөв. Идсэн, уудсан хүмүүс гэмт хэргээс мултарсан байж болзошгүй байна. Тэдний идсэн зөрүү мөнгөний дүн хэд болсон бэ? /Үүнд хариулах албан тушаалтан байсангүй/
Ц.Сэдванчиг:
МИАТ 2009 онд 1.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Дэлхийн зах зээлийн үнээр шатахуун авдаг бол энэ ашиг хоёр дахин нэмэгдэх байсан. Шахааны бизнес танай ашгийг бууруулдаг уу? /МИАТ ХК-ийн захирал Ц.Орхон түүний үгийг хүлээн зөвшөөрөв/.
Д.Ганхуяг:
Бараг хоёр тэрбум төгрөгийн зөрүү мөнгийг иддэг юм байна. Ийм хүмүүсийг нэр, албан тушаалаар нь нэрлээч. Буруутай хүмүүс нь хэн бэ. Тухайн үед ТУЗ-ийн дарга хэн байсан юм бэ? /МИАТ-ийн удирдлагын хэлснээр одоогийн ТӨХ-ны дарга Д.Сугар хариуцлага хүлээх ёстой бололтой/.
Х.Баделхан:
- Зөвхөн МИАТ ч биш төрийн өмачийн бүх компаниудад ийм бусармаг явдал бий шүү. Түүнийг төр онцгой анхаарах ёстой гэв. Уур амьсгал нэг иймэрхүү. Гэхдээ МИАТ ХК-ийг дандаа хараар будах хэрэггүй аж. Одоогийн захирал Ц.Орхон бохир заваан юмнаас салах, алдагдлыг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байгааг зарим нэг гишүүн онцолж байсан. Төрийн өмчийн компаниар бизнес хийдэг асуудлыг тал талаас нь шалгах хэрэгтэй. Ц.Орхон захирал томилогдсоноос хойш зардал бууруулах, булхайтай үйл ажиллагааг засаж залруулах талаар санаачилгатай ажиллаж байгааг Тсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мөн тэмдэглэв. Хамгийн оновчттой бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэсэн Д.Ганхуяг, О.Чулуунбат нарын саналыг ч дэмжиж байна. Ц.Сэдванчиг МИАТ-ийг хувьчлах ёстой. Монголын зах зээлд хувийн аж ахуйн нэгжүүд л ашигтай ажилладаг гэв. Ерөнхийдөө гишүүд МИАТ-ийг хувьчлах ёстой гэдэг дээр санал нэгдэж байна. Өмнө нь төрийн өмчийг хувьчлах жагсаалтад МИАТ байдаг ч яг хэлэлцүүлэг болохын өмнөхөн намын бүлгүүдийн босгыг давалгүй хасагдчихдаг байсныг Ш.Сайхансамбуу ярьж байлаа. Ингээд Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх агуулга бүхий тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болов.
Го.ЭНХТӨР
URL: