Цэцийн даргын үүргийг Н.Жанцан түр орлохоор болжээ

Саяхан буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр бараг л Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг эрх баригчдын зүгээс зарлан хуралдуулсан гэхэд хилсдэхгүй үйл явдал болсон. Тэгвэл УИХ-ын тогтоолыг хоёрдугаар сарын 22-ний өдөр ёсчилсон бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газарт 23-нд хүргүүлсэн байна. Хуулиар бол Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавих эсэхийг шийдвэрлэх сүүлчийн хугацаа нь гуравдугаар сарын 1-нээр дуусах ёстой юм байна.

Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын тогтоол гуравдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх юм. Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр Цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн саналаараа ажлаа хүлээлгэж өгчээ. Өнөөдрөөс эхэлж Цэцэд хамгийн олон жил ажиллаж буй гишүүн Н.Жанцан Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ.

Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болохоор хуульчилсан байдаг байна.

Гэтэл иргэн н.Ламжав УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсэн гэж үзэн Цэцэд хандсан тухайгаа мэдэгдчихсэн байдаг. Хэрэв УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл бүх юм эхний байрандаа очих уу? Эсхүл энэ байгаагаараа хэвээр үлдэх үү?

Энэ бүхний эцэст Монгол Улсад хуулийн засаглал тогтож байна уу? эсхүл улс төрийн дарангуйлал тогтож байна уу гэдгийг ард түмэн харах л үлдлээ дээ.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих