”Эх орончид ба ардчилал” эрдэм шинжилгээний хурал боллоо
Улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой Эх орончдын өдрийг тохиолдуулан “Эх орон ба ардчилал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Б танхимд зохион байгууллаа. Уг хурлын нээлтийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний Үндсэн хуулийн баталгаажилт сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Батлан хамгаалах бодлого ба эх оронч үзэл сэдвээр Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, Монгол Улсын шинэ үеийн түүхэн дэх тусгаар тогтнолын товчоон сэдвээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Монгол Улсын орчин үеийн түүх сэдвээр түүхч Д.Өлзийбаатар нар илтгэл сонирхолтой илтгэл тавилаа.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ “Эх орончдын өдрийг манай хоёр нам хамтран тэмдэглэж байгаа нь бэлгэшээлтэй чухал улс төрийн үйл явдал юм. Аливаа улс төрийн намууд дотооддоо өрсөлдөж болох ч гадааддаа нэгдмэл улс төрийн шигшээ баг шиг байх учиртай. Ингэж байж улс орныхоо нэр хүндийг бүс нутагтаа болоод дэлхийд өндөр зэрэгт авч явж чадна. Энэ утгаар нь авч үзбэл бидний сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн батлан хамгаалах бодлогод нэгдмэл байр суурьтай ажиллаж байгаа. Батлан хамгаалах салбарын уламжлал шинэчлэлийн талаар ярихад бол 20 зууны ихэнхи хугацааг холбоотны аргаар өөрийгөө батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлж ирсэн. Монгол Улс, ЗХУ-тай хамтран ажиллах, харилцан туслах онд байгуулсан гэрээ байдаг. Үүнд Монгол Улсад гадны түрэмгийлэл бодитойгоор заналхийлсэн үед Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэйгээр хамгаална гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ холбоотны гэрээгээр 1990 он хүртэл явсан. 1990 оноос хойш манай гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хоёр хөрш маань найрамдалт харилцаатай болсон үед Монгол Улс анхдагч хөршүүдтэй стратегийн түншлэлийн харилцаатай явсан. Аль алинтай нь тэнцвэртэй харилцана гэсэн бодлого бий. Бидний сүүлийн жилд баримталж ирсэн бодлогыг үзэхээр хоёр хөрш болон бусад их гүрнүүдийн сонирхлын тэнцвэрийг хангах замаар идэвхитэй бодлого үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хүрээнд манайхтай ойр дотно бүс нутаг, дэлхийд нөлөө бүхий холбоотны байгууллага, цэргийн эвсэл тухайлбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манайх ажиглагчийн байр сууринд байдаг. НАТО-той энхийн төлөө түншлэл гэсэн гэрээтэй. Энэ бүхэн их гүрнүүдийн дэлхийд нөлөөлөх хүчнүүдтэй харилцаагаа тэнцвэржүүлэх, идэвхитэй хамтран ажиллах бодлого баримталж ирснийг харуулж байна” гэлээ.
URL: