Тэмцэлдэж биш тэмүүлж амьдармаар
Ирж буй шинэ өдөр, тосч буй долоо хоног, сар жил эргэх бүрт үйл явдлын үргэлжлэл хийгээд өрнөлийг багцалж дараачийн алхмаа тооцох нь иргэншсэн нийгмийн иргэн хүний онцлог. Он гараад 2 сар өнгөрчээ. Сар шинэ хуучраад 20 хоног. Дахин нэг сар өнгөрөхөд шинэ оны нэг улирал өнгөрсөн байх юм. Улс төрийн хүрээнд болоод төр засгийн зүгээс өнгөлж буй мэдээ мэдээллийг бөөгнүүлж харвал урьд онд эхлүүлсэн сөргөлцөл талцал нь намдах бус даамжирсаар байгааг харж болно.
Онцгой субьект болох Цэцийн даргыг чөлөөлөхөөр хийсэн алхмууд Их хурлын он дамжаад амжуулсан гол ажил боллоо. Эхнээсээ маргаан талцаантай энэ шийдвэрийн зөв буруугийн талцаан хавраа даах төдийгүй Их хурлыг үндсэн ажлаас нь хөндийрүүлсэн хэрүүлийн алим хэвээр байх нь ээ.
Үндсэн хуулиа бариад хийж байгаа хоёр талын тайлбарыг хэн хэрхэн тасалж нэг талд гаргах нь үнэндээ маш ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Эцэг хуулийг элэг барин зөрчсөн аливаа хууль, түүний тодорхой заалт дээр хориг тавьж дэнсэлж байдаг Цэц нь өөрөө арга хэмжээнд орчихоод байна. Энэ нь таслах эзэнгүй хэрүүл буюу эрх зүйн хүрээний том хямралыг дуудаад байгааг хуульчид хэлж байна.
Эдийн засгаар хямарсан байгаа дээрээ ингэж хуулийн хямрал босгох зайлшгүй гэж болох цаг үеийн тулсан шаардлага юу байсан юм бэ гэж асуумаар. Хэрвээ энгийн иргэн ойлгохгүй нарийн зөрчил шалтгаан байсан бол Цэцийн тухай хуульд яаруу өөрчлөлт хийж даргыг нь сольчихлоо. Тэр шалтгаан нь яагаад амирлахгүй улам туйлширсан талцаан маргаан босгоод байна. Анагаахын салбараар бол хүнд хүн байна гээд яаралтай хагалгаа хийж. Яагаад улам хүндрээд байна.
Нээлээ хаалаа болсон ээлжит бус чуулган яагаад ганц энэ асуудлыг шийдээд бусад хуулиа хойш тавьж хойргошив. Хуулийн хүрээнд ингээд сонирхсон хуулиа батлаад бусдыг нь хойшлуулж болох ч ёс зүйн хувьд тэгж хэнэггүйтэх нь иргэдэд яаж буух вэ. Хэтэрхий улс төржсөн хууль тогтоох парламент өөрөө хямарсан байгаа юм биш үү гэсэн олон асуулт цөхөрлийг иргэддээ үлдээгээд чуулган түр завсарлаж улс төр өнгөн талдаа хэсэг амирлав.
Хаврын баяруудын сезон наашилж байна. “Эх орончид”-ын баяраар салхи нь хагарах ирж буй гуравдугаар сарын баярын үзвэр үйлчилгээ, шоу цэнгүүний хөтөлбөр аль хэдийн гарсан байна. Үүнийг сонгуультай хэрхэн холбох намуудын төлөвлөгөө ч нарийн буусан байж таарна.
Харин улс орон минь аль зүгт явж байна. Энэ хавар төр ийм ажлын үүцээ задлана. Түүнд нь би ингэж оролцоно. Тэгж хичээнэ. Үр хүүхэд минь ийм сургалт хөтөлбөр, ажил бүтээн байгуулалтад оролцоно. Ийм хууль журам хэрэгжиж бидний тодорхой тийм асуудал эерэгээр шийдэгдэнэ гээд иргэн хүний итгэл сэргэж урам нэмэх ямар бүтээлч ажил хөтөлбөр манай төрд байна вэ.
Телевизүүдээр өнгөлөөд байгаа Бондын мөнгөний мэргэн зөв зарцуулалт. Түүгээр хийсэн гэх бүтээн байгуулалт хийгээд Хөгжлийн банкны гайхамшигтай ажилласан талаарх төрийн захиалгат сурталчилгаанаас өөр тодорхой бүтээлч ажил шийдвэрийн талаарх үнэмшилтэйхэн мэдээ ч алга.
Төрийн түшээд, томоохон улстөрч албан тушаалтнууд ямар нэвтрүүлгийг түлхүү сонгож юуны талаар их ярьж байна. Үнэнээ хэлэх мөч, Цэнзургүй яриа, Танил хүн. Хэн Хэн бэ, Танайд хоноё (удахгүй “манайд хонооч” нэртэй болох байх) зэрэг нэвтрүүлгүүдээр нүүр дүүрэн гарч ганц л зүйлийн талаар буюу үнэндээ өөрийнхөө тухай л ярьж суугаа харагдах юм.
Гишүүдийн хувьд тодорхой. Тойрогтоо ажиллаж байна гэсэн мэдээ шидчихээд сошиал ертөнцөд эргэлт хийлгэхээр бэлдсэн тусгай багаа сорилт туршилтад оруулаад өөрсдөө биечлэн сонгуульдаа мордсон. Бүгдээрээ л дахин сонгогдох гавьяатай гэж бодож байгаа бололтой. Гүйцэтгэх засаглал гэж байгаа болохоор тэднийг бас хормойдоод байх юм алга.
Ирэх чуулганаар Ипотекийг эцэслэнэ. Түрээсийн байранд орон сууцгүй иргэд хамрагдана. Малчид саравчаа барьцаалаад зээл авч болно. Машинтай нь татвараа тэгш сондгойгоороо энэ хавар төлж дуусгана. Хамтын тэтгэврийг батлах гэж маш хүнд зам туулж зовсон. Зээл авах улам амархан болно. ЖДҮ-т нэмээд хэдэн тэрбумыг төсөвт батлуулж чадсан… Иймэрхүү ПОП уур амьсгал давамгайлсан портколны мэдээг бэлдүүлж телевиз хэвлэлд тараачихаад засаг ч бас өөр зүйлд л анхаарсан ч юм уу, амарсан дүр зурагтай.
Уйдсан хэвлэлүүд Цэцийн дараагийн дарга хэн болох таавар өрнүүлэхийн хажуугаар цас зуд хөдөөд хүндэрсэн болоод Зика вирус ойртоод байгаа тухай цаг үеийн мэдээгээр уншигчдаа аргацааж байгаа. Ийм л нэг юунд ч юм найдсан нэг бол бүр юу ч бодохоо байж цайрсан хүн мэт улс орон унтаа байдалд шинэ оны эхний 2 сарыг өнгөрүүллээ гэхэд болно.
Нийгмийн массын хүлээж байгаа сураг нь үнэндээ улс төрийн тэмцэл, сонгуулийн зураглал болчихлоо. Нөгөө талдаа гайхалтай уран үгсийн чуулган хөдөө орон нутаг, хороо хорины зааланд үнэ төлбөргүй явагдаж эхлээд байна. Яасан ч их хөнгөрдөг зээл хүү байдаг юм. Ямарч амархан шийдчих асуудлууд 4 жил дүлийрсэн байсан юм.Гайхмаарыг амалж, ухаарч сэхээрч бүтээлч ажиллахаар шийдчихжээ манай намууд. Хямралын суурь нь намуудын энэ л хулхи улс төр. Хоосон амлалт. Төлөөллийн ардчиллыг мөн чанараар нь аваад явах ёс зүйн чадамжгүй болж бизнесийн бүлэглийн гарт орсон парламент. Тэндээс шигшин томилсон засаг төртэй болчихоод байгаад оршиж байгаа шүү дээ.
Ингээд олон болохгүйг тоочоод ирэхээр буруутныг нэрлэх шаардлага үүсдэг.
Бид үнэндээ улс төрөөр л амьдардаг болоод удсан байна. Хэдхэн сарын дараа бүрэн эрхт, эрхэм хүндэт сонгогч болох гэж байгаа иргэд бид хэнд саналаа өгөхөө бодохоос өмнө ямар улс орны юуг эрмэлздэг, хаашаа тэмүүлж байгаа иргэд юм бэ. Яг өнөөдөр бид хөгжлийн шатны аль гишгүүр дээрээ зогсож байгаа вэ. Хэтэрхий доор зогсож үлдсэн бол яагаад вэ гэдгийг олноороо хэлэлцэн дүгнэлтээ нэгтгэмээр. Захиалгат улс төрийн хар шар мэдээ гахаагүй байгаа энэ боломж дээр хэвлэлүүд олон нийтийн санаа бодлыг түлхүү тавьж энэ сэдэв дээр тогтож ярьж нийтэлмээр.
Өнгөрсөн 25 жилд бид сайхан ирээдүйд тэмүүлж биш өөр зуураа тэмцэж амьдардаг л ард түмэн болчихож. Хэнтэй тэмцсэн юм бэ. Өөрсөдтэйгээ гэвэл том философи тавих гэж ядсан болох. Гэхдээ үнэнд ойртоно.
Ингэсээр дараагийн чуулган Цэцийн даргыг томилж Эрүүл мэндийн сайдыг тодруулснаар бүрэн хаах юм. Бид сонгууль ярьж унтаж, сонгууль ярьж сэрсээр наадмаа хийхээр яарна.
Товчдоо бүх зүйл дахин давтагдаж улс төрд гол гаргуулж, гул үсэрсэн 30 дахь жил рүүгээ явчихаар л харагдаж байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
URL: