Микроавтобус эрхлэгчдэд нэг сарын “өршөөл” үзүүлжээ
Нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микроавтобус 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусч байгаа юм байна. Тиймээс маргаашнаас буюу ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гарсныг албаныхан мэдэгдсэн. Ийнхүү хориглосноор иргэдэд үйлчилж буй 390 микроавтобусаас ердөө 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой гэдэг тооцоо гараад байгаа. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21.00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаад байсан юм. Энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хэвлэл, олон нийт хариуцсан ажилтан Б.Болдоос тодрууллаа.
-Маргаашнаас эхлэн нийслэлд үйлчилгээнд явж байгаа микроавтобусны 90 хувийг үйлчилгээнд явуулахгүй гэсэн. Энэ шийдвэр хэвээр байгаа юу?
-Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Зам тээврийн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн газар зэрэг байгууллагад энэхүү хугацааг сунгах хүсэлтийг гаргаад байгаа. Харин манай байгууллагын зүгээс маргаашнаас эхлэн микроавтобусыг үйлчилгээнд явуулахгүй гэсэн шийдвэрийн хугацааг нэг сараар хойшлуулж ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл түр түдгэлзүүлээд байна.
-Маргааш микроавтобус урьдын адил хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг үү?
-Тийм. Тэгэхгүй бол тээврийн үйлчилгээнд шууд доголдол үүсэх гээд байгаа юм. Тиймээс манай байгууллагын зүгээс дээрх хугацааг нэг сараар сунгаад байна.
Д.ЖАРГАЛ
URL: