“Эдийн засгийн хувьсгал эхэллээ”

20 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийсэн Ардчилсан намыхан одоо Эдийн засгийн хувьсгал хийх цаг эхэллээ гэж үзэцгээж байна. Тэд өнөөдөр энэ хувьсгал эхлэх цаг боллоо гэдгийг зарлаж төрийн ордонд чуулж “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” хэмээх сэдвийн хүрээнд лекцүүдийг уншиж байгаа юм.

Хамгийн эхний лекцийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тавьж байна. Тэрбээр илтгэхдээ “Бид эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэхдээ үндсэн дөрвөн зүйл дээр тулгуурлан ярих ёстой. Нэгдүгээрт, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх. Одоо Монгол хүний дундаж наслалт 67,5 байна. Харин энэ нь хөгжилтэй орнуудаас 20 насаар бага байгаа юм. Хоёрдугаарт, одоогийн хувь хүний болоод өрхийн орлогыг найм дахин нэмэгдүүлэх, гуравдугаарт, боловсролын түвшинг гурван дахин нэмэгдүүлэх, дөрөвт, хүний хөгжил, эрхийг дээд зэргээр хангах шаардлага байна. Эдгээр дөрвөн зүйл дээр тулгуурлаж бид бодлогоо барьвал Эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж буй хэрэг юм. Мөн энэ хувьсгалыг хийхийн тулд бид Монгол хүнийг  ажиллаж, хөдөлмөрлөх сэтгэлгээг нэлээд дэмжих шаардлагатай. Одоо хүн бүр халамж, тэтгэмж аваад амьдрах сонирхолтой болжээ. Үүнийг бид бууруулах цаг болсон…” гэж байлаа.

АН-ын дарга Н.Алтанхуягийн илтгэл өнөөдөр нийтлэлч Баабар зэрэг АН-ын гишүүдийн илтгэлээр үргэлжилнэ.

“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” лекц сар бүр нэг удаа зохион байгуулагдахаар болжээ.

Ч.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих