Б.Болор: ОХУ-д төлөх 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаан шилжүүлнэ
Сангийн сайд Б.Болор өчигдөр Сайдын цаг уулзалтад оролцож салбарынхаа мэдээллийг хүргэлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа дууссантай холбоотойгоор зарим тоон мэдээллийг өгсөн. Тодруулбал, энэ сарын 20- ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наядын татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлжээ. Мөн энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн, 89394 татварын, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Харин давхардсан тоогоор 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрсөн гэдгийг Сангийн сайд мэдээллээ. Эдгээр мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дуусах өдөр буюу энэ сарын 20-ны 17.00 цагаас хойш программ гацсаны улмаас 110 аж ахуйн нэгж санхүүгийн тайлан мэдээллээ өгч чадаагүй гэсэн. Энэ асуудлыг шийдэх ямар боломж байна вэ. Ер нь хуулийг хэрэгжүүлэх явцад программ гацах тохиолдол нэг бус удаа гарсан юм билээ?
-Сервер нурсан шалтгаан байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлсэн. Одоо хугацаа сунгах боломж байхгүй. Гэхдээ бид энэ асуудлыг даваа гаригийн шуурхай хурлаар нэлээд ярилцсан. Ямар ч байсан цөөнгүй аж ахуйн нэгжийн асуудал байгаа учраас хуулийн хүрээнд ямар нэгэн гарц хайж байна. Ямар ч байсан эдгээр аж ахуйн нэгжийн асуудлыг шийдэх зорилго тавьж байгааг хэлье.
-Ил тодын хуулиар нуун дарагдуулсан их хэмжээний хөрөнгийг ил болголоо. Ер нь аж ахуйн нэгжүүд ямар шалтгаанаар хөрөнгөө нуусныг судалж үзэв үү. Цаашдаа хууль гараад өршөөчихдөг юм чинь гэдэг байдлаар дахиад хөрөнгөө нуухгүй гэх баталгаагүй шүү дээ?
-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг нэлээд өндөр хувьтай байна гэсэн дүн гардаг. Энэ судалгаанд үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийн үр дүн сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор нарийн шинжилгээ хийж байна. Судалгааны хариу гарахаар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлнэ.
– Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал ямар шатандаа явна вэ. Зээлийн хүүг таван хувь болгоход Сангийн яам, Монголбанкны зүгээс шалтгаалсан ямар зүйл дутуу байна вэ, одоогоор?
-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох ажлыг ер нь бол хийнэ. Бүх механизм нь гарчихсан байгаа. Энэ талд бид Монголбанктай хамтран ажиллаад явж байна. Ойрын хугацаанд энэ ажлыг хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байна. Засгийн газраас журмыг нь баталсан байгаа шүү дээ.
-МАН-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлах үеэрээ ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг маш нааштайгаар шийдэж ирсэн. Ингэснээр манай улс 30 хоногийн дотор 3.8 сая ам.долларыг хойд хөршид төлөх ёстой болсон. Энэ өрийг ямар байдлаар, хэдийгээр төлж барагдуулахаар байна вэ. Хугацаа яваад эхэлсэн шүү дээ?
-ОХУ-д төлөх өрийн асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ бол нэлээд эртнээс хоёр улсын хооронд яригдсан асуудал. Сая болсон зүйл биш л дээ. Засгийн газар төсвөө батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлснээр их өрийг тэглэх боломжтой.
-Энэ оны төсвийн байдал ер нь ямар байгаа вэ. Гаднаас орж ирэх мөнгө гэх зүйл байна уу?
-Төсвийн орлого 90 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ бол урьд жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаагийн үр дүн. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний сарууд төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг орон нутаг руу шилжүүлэх мөнгийг цаг тухайд нь хийгээд явж байна.
-Төсөвт тодотгол хийх үү?
-Тодотголыг тодорхой хуулийн заалтын дагуу хийдэг. Бид тэр хүрээндээ ажиллаад явна. Төсөвт тодотгол хийх тодорхой нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хаврын чуулганаар тодотгол оруулах боломжтой. Эсвэл намар хийнэ гэсэн үг. Ер нь УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор төсөвт зайлшгүй тодотгол хийж таарна.
-Эрх баригчид оны босгон дээр “Мазаалай” нэртэй бондыг олон улсын зах зээлээс босгох гэж байсан ч Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор бүтэлгүйтлээ гэж байсан. Одоо энэ асуудал юу болсон бэ?
-Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг. Энэ хүрээнд өрийн таазандаа багтааж, тодорхой олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Гэтэл нэлээд амжилттай явж байсан ажил улс төрийн нөхцөл байдлаас болоод зогсонги байдалд орсон. Биднийг бондын зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу болчихсон байгаа. Засгийн газрыг огцруулахаар санал өргөн барьсан өдөр хүү огцом өссөн. Мөн завсарлага авсны дараагаар дахиад огцом өссөн. Ингээд нэгэнт хүү огцом өсчихсөн учраас амархан буурахгүй байна. Тиймээс бонд босгох ажлыг түр зогсоогоод байна.
-Хятадын Экспорт, импортын банкнаас манайд 1.3 тэрбум ам.долларын зээл өгөх гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ. Ямар зорилгоор авах гэж байгаа зээл юм бэ?
-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл л дээ. Энэ асуудлаар манай яамны Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
-Ер нь энэ онд эдийн засаг сэргэх хандлага байна уу. Энэ талаар танай яамнаас холбогдох судалгааг хийж байна уу. Инфляцийн бууралттай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан байгаа шүү дээ ?
-Эдийн засгийн хувьд манайх хоёр хөршөөсөө хамаардаг шүү дээ. ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй байна. Цаашлаад Зүүн, баруун европын орнууд гээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс маш их хамараалтай улс. Гэхдээ CNN, Bloombergийн мэдээллээс харахад Гацууртын ордыг ашиглах, “Оюутолгой”-н далд уурхай хөдөлсөн. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн гарах бололцоо харагдаж байгаа. Гол нь улс төрийн нөхцөл байдал ямар байх нь вэ. Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, популизмаас татгалзаж, эдийн засгаа алахааргүй юм руу яваасай л гэж хүсч байна.
-НӨАТ-ын азтан болсон боловч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол 11-11 төвд их ирсэн гэсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?
-Бид үүнийг судалж үзээд саадгүй олгохоор болсон.
-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа юм билээ. Улсын ажил гүйцэтгээд хаалгаа барих дээрээ тулаад байгаа аж ахуйн нэгжүүдийн мөнгийг хэзээ олгох вэ?
-Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Үүний дагуу санхүүжилтүүдийг нь олгож эхэлсэн.
М.Өнөржаргал
URL: