Б.Болор: Төсөвт тодотгол зайлшгүй хийнэ

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн 20-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнтэй Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт болон улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Хууль хэрэгжиж дууссан хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17.00-00.00 цагийн хооронд программ гацсан талаар зарим байгууллагуудаас гомдол ирүүлээд байна. Энэ асуудал дээр тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудлыг өнгөрсөн даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр нэлээд ярьсан. Энэ байгууллагуудыг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж үзэж байна. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ.

-Их хэмжээний нуусан хөрөнгийг ил болголоо. Яг ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нууж байгаа вэ. Энэ асуудлыг судалж үзсэн зүйл байгаа юу?

-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг цэцэглэж байна гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийг үр дүн нь сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийгдэж дуусаагүй байна. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

-Сангийн яам, Монголбанкны зүгээс шалтгаалсан орон сууцны таван хувийн зээлийн ямар асуудлууд хүлээгдэж байгаа бэ?

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох ажил ер нь бол хийгдэнэ. Монголбанктай яамны зүгээс хамтран ажиллаад явж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.

- ОХУ-д төлөх өрийг хэдийд шилжүүлэх бэ?

-ОХУ-д төлөх өрийг асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжтой.

-Төсвийн байдал одоогоор ямар байгаа бэ?

-Төсвийн орлогын 90 гаруй хувийн биелэлттэй явж байна. Энэ бол урд жилүүдтэй харьцуулахад харьцангүй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлц гаргаж ажиллаж буйн үр дүн гарч байгаа. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний сарууд төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, орон нутаг руу шилжүүлэх мөнгөнүүдээ цаг тухайд нь хийгээд явж байна.

-Төсөвт тодотгол хэдийгээр хийгдэхээр байна?

-Тодотголыг тодорхой хуулийн заалтын дагуу хийдэг. Бид тэр хүрээндээ ажиллаад явна. Төсөвт тодотгол хийх тодорхой нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хаврын чуулганаар тодотгол оруулах боломжтой. Эсвэл намар хийгдэнэ. Ер нь бол энэ сонгууль болохтой холбоотойгоор төсөвт тодотгол зайлшгүй хийгдэж таарна.

- Мазаалай бонд Олон Улсын зах зээл дээр босгох яриа гараад намжсан. Бонд босгох асуудал юу болсон бэ?

- Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг байгаа. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд Олон Улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд амжилттай явж байсан боловч улстөрийн нөхцөл байдлаас үүдэн зогсонги байдалд орсон. Биднийг бондын зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орчихсон байгаа. Засгийн газрын огцруулахаар санал өргөн барьсан өдөр хүү огцом өсөж, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн учраас хүү нь амархан буурахгүй байна. Тиймээс түр зогсоод байгаа.

-Засгийн газраас бонд босгох талаар дахин ажиллах уу. Ер нь бондоор хэдий хэмжээний хөрөнгө босгох төлөвлөгөө байсан юм бэ?

-Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэгэн алхам хийх төлөвлөгөө алга. Яг хэдий хэмжээний хөрөнгө босгох талаар ярилцсан зүйл байхгүй байна.

-Бонд авч чадахгүй болсон гол шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой юм байна. Хэрвээ хүү буурвал бонд босгох ажлын эхлүүлэх үү. Хүү хэд байвал Засгийн газарт ашигтай вэ?

-Зээлийн хүү мэдээж нэг оронтоо тоо руу орсон нөхцөлд бондын талаар ярилцах боломжтой.

-Хятадын экспорт, импортын банкнаас 1.3 тэрбум долларын зээл авах гэж байна гэсэн мэдээлэл бий?

-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Эдийн засаг сэргэх үү. Бүсээ чангалсан хэвээр л байх уу?

-Эдийн засгийн хувьд манай хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гардлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүн Европ, баруун европын орнууд гээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол орон өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдэс маш их хамараалтай улс. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллага, CNN, Bloomberg мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг харахад Гацууртын ордпыг ашиглах, Оюутолгойн далд уурхай хөдөлсөн, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эерэгээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн харуулах бололцоо харагдаж байгаа. Гадны экспертүүд хэлж байна, дотоодын эдийн засагчид ч хэлж байгаа. Гол нь улс төрийн нөхцөл байдал ямар байх нь вэ, эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, улстөрийн популизмаас татгалзаж, УИХ-ын сонгууль болох гэж байгаа үед эдийн засгаа алахааргүй юм руу яваасай л гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр бууруулах шийдвэр гарснаар хөрөнгө оруулалт буурсан байгаа. Сонгуулийн жил ч гэлээ эдийн засгаа зөв гольдролд нь оруулах төсөв оруулж ирж байсныг та бүхэн санаж байгаа байх.

-УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Хэдий хэмжээний чөлөөлөлт хийгдсэн бэ, төсөвт нөлөөлөх үү?

-Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Хуулийг баталснаараа орлого яаж нэмэгдэх вэ гэдгийг судалж байгаа. Судалгаа дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгнө.

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд ар гэрийнхнийг нь хамруулах боломжгүй байна гэсэн. Энэ асуудал яах вэ?

-Хуулийнхаа хүрээнд явна. Хөрөнгө орлого мэдүүлдэг хүмүүс үүнд огт хамрагдаагүй. Анх хамруулахаар орж ирсэн. Адилхан л Монгол Улсын иргэн. Бүгдэд нь тэгш хандах зарчим барьсан. Гэвч УИХ-ын төвшинд хөрөнгө орлого мэдүүлдэг иргэн хамрагдах ёсгүй гэж үзсэн учраас хуулийн хүрээнд л явна.

-Намрын чуулганаар гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталлаа. Нийт хэдэн төгрөгийн чөлөөлөлтийн асуудлыг өнгөрсөн чуулганы хугацаанд шийдсэн гэдэг дээр Сангийн яам дүгнэлт хийж үзэв үү. Төсөв энэ дүнгийн нөлөөлөл хэр байх нь вэ?

-Хуулийн нөлөөллийг хууль өргөн барихаас эхлээд хэлэлцүүлгийн үед байнга ярьж байдаг. Тодорхой судалгааны дүнг гарахаар хэвлэлийнхэнд мэдээлнэ.

-НӨАТ-ын азтан боловч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол 1111 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Энэ асуудлыг судалж үзсэн. Судалж үзээд саадгүй олгогдохоор болсон.

-Оюутолгой, Гацууртын орд гацаанаас гарлаа. Ер нь энэ оны төсөвт тусгагдаагүй орлогын томоохон эх үүсвэр гарч ирж байна уу?

-Ер нь бол том бүтээн байгуулалт явж эхлэхээр том зургаа харахаар эдийн засагт өгөх өгөөж нь их л дээ. Ер нь зах зээлийн эдинй засагт хувийн хэвшлээ дэмжих ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээнээс гарч чадалгүй өдий хүрлээ. Том төслүүд явснаар эдийн засагт өгөх өгөөж нь нэмэгдээд ирэхээр татварын орлого нэмэгдээд ирэхээр орлогын эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Үүнийг төсвийн тодотголын үеэр яриад явна.

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.

-Төрийн байгууллагаас тэтгэвэртээ гарч байгаа иргэд тэтгэмжээ авч чадахгүй байна гэж байна. Сангийн яам тэдгээр иргэдэд мөнгө байхгүй хэмээн буцааж байгаа тухай иргэд ярьж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ер нь цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг ямар ч саадгүй олгож байна. Ганц нэг гомдол ихэнхдээ иргэдтэй өөрсдөдтэй нь холбоотой байдаг. Бичиг баримтын бүрдэлгүй дутуу байх жишээтэй. Энэ тал дээр яам иргэдтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ санхүүжилтийг яам өгч байгаа.

-Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-Татварын хуулийг чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгож байгаа. Үүнийг УИХ-аас ажлын хэсэг гарч ярилцсан. Хаврын чуулганаар баталж гаргана.

-Сервер унаснаас тайлангаа өгч чадаагүй байгууллагуудыг яах вэ? Хуулийн хугацааг сунгах уу? -Сервер нурсан шалтгаан байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд 2 дугаар сарын 20 хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлсэн. Одоо хугацаа сунгах боломж байхгүй.

-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх бол?

- Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтүүд олгогдоод эхэлсэн.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих