Б.Сумьяа: 2018 оны өвлийн олимпод амжилт гаргах нь миний гол зорилго
Тэр дөнгөж 17 настай. Харин түүний мөрөөдөлд хязгаар үгүй. Түүний хамгийн ойрын зорилго нь ирэх 2018 онд Пёнчанд болох БНСУ-ын насанд хүрэгчдийн өвлийн олимпод оролцох гэсэн. Олимпод оролцох эрхээ авахын тулд цаашлаад олимпийн аварга болохын төлөө тэр шаргуу хичээллэж, бэлтгэж байгаагаа яръсан юм. Тэрбээр тэшүүрийн өсвөрийн ангиллын Монгол Улсын рекордыг 18 удаа шинэчилсэн. Өдгөө түүний 500,1000, 5000, ЗООО метрт тогтоосон рекордыг хэн ч эвдээгүй байна.
Норвегийн Лиллехаммер хотноо энэ сарын 12-21-нд болсон Залуучуудын өвлийн II олимпоос гүйлтийн тэшүүрийн төрлөөс алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Буянтогтохын Сумъяатай ярилцлаа. Тэрбээр Үндэсний олимпийн хорооны нэгдмэл багт БНХАУ, Итали, БНСУ-ын тамирчидтай гүйлтийн тэшүүрийн төрлөөр оролцон улсынхаа өвлийн олимпийн анхны аварга болов.
-Ойрын өдрүүдэд монголчууд залуучуудын өвлийн олимпийн эзэн болсон чиний амжилтаар бахархаж байна. Өвлийн олимпийн аварга болсонд баяр хүргэе. Баярт мөчийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Олимпийн аварга болж, медалиа гардаж байхдаа ч яг одоогийнх шиг ийм их баярлаагүйгээ мэдэрч байна. “Би олимпийн аварга болчихлоо гэж үү дээ” гэж өөрөөсөө асуун баярлаж зогссон мөчийг эх орондоо медаль зүүгээд ирэхтэй зүйрлэх аргагүй гоё байдаг юм байна. Хэдийгээр холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн ч Монголын өвлийн спортын амжилтад нэгэн түүх бичигдлээ. Багийн тамирчид бүрдсэний дараа медаль авах зорилгыг өөргөө тавьсан. Тэмцээний үеэр “Энэ боломжийг л алдаж болохгүй шүү” гэж өөрийгөө зоригжуулсан. Манай багт үнэхээр сайн тамирчид багтсан. Багт маань БНСУ-ын Чүн Жэ Вүн, БНХАУ-ын Шень Хань Ян нарын хөвгүүд, Италийн Боназа Ноеми нар багтсан. Бидний оролцсон төрөл бол багийн буухиа уралдаан. 1.6 км зайг багаараа алдаа гаргалгүй уралдана гэдэг тийм амар биш. Гэхдээ бид шилдэг нь байж чадсан. Бид дөрвөн тамирчны нийлбэр дүнгээр нэг минут 57 секундын амжилтаар бусдыгаа хошуучилж, бусад багаасаа нэг секундээр түрүүлж, алтан медаль авсан.
-Олимпийн өмнө бэлтгэлээ хаана, хэрхэн хийсэн бэ?
-Олимпийн наадамд орохын тулд эрхээ авах ёстой байдаг. 28 тамирчин шалгаруулж авдаг. Эрхээ авахын тулд залуучуудын дэлхийн цомын тэмцээнд амжилтгай оролцох ёстой. Тэр тэмцээнүүдэд амжилттай оролцсон шилдэг 28 тамирчныг шигшин авч, олимпийн наадамд оруулдаг. Дэлхийн цомд явахьш өмнө Солонгост 10 хоног бэлтгэл хийсэн. Харин дэлхийн цомд явж ирээд, Хятадад 21 хоног нэгдсэн бэлтгэл хийсэн. Монголд бэлтгэл хийх тохиромжтой мөс байхгүй учраас бэлтгэл хийж чадахгүй байгаа.
-Энэ удаагийн тэмцээнд хувийн төрөлдөо ямар амжилт үзүүлэв?
-500 метрийн зайд уралдсан. Энэ зайд хоёр удаа гүйсэн. Хоёр гүйлтийн нийлбэр оноогоор насанд хүрэгчдийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
-Хэзээнээс тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн бэ. Гэр бүлийнхнээс чинь спортын хүн бий юү?
-2008 оноос энэ спортоор хичээллэсэн. Манай гэрийнхэн спортод элэгтэй, намайг хамгийн ихээр дэмждэг учраас би одоогийн амжилтаа гаргасан. Цаашид гаргах амжилт миний бэлтгэл, сургуулилалттай шууд холбоотой учраас хичээнэ. Гэр бүлд маань одоогоор спортоор хичээллэдэг хүн байхгүй. Харин аав минь залуудаа хоккей тоглодог байсан гэсэн.
-Багш нарынхаа талаар яриач?
-Олон улсын хэмжээний мастер С.Мандах, Д.Нацагдорж гэж хоёр дасгалжуулагч надад тэшүүрийн спортын А үсгийг зааж өгсөн. Дарханд байхдаа би энэ хоёр багшийн шавь байлаа. Анх найман насгай байхдаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртэж байсан. Харин 2010 оноос нийслэлд ирж, Н.Цэнд багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. 2013 оноос хойш олимпийн наадамд оролцох зорилготойгоор бэлтгэл хийсэн. Энэ хугацаанд олон улсын хэмжээний мастер боллоо. Хувийн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосон. Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо. Сая олимпод түрүүллээ.
-Монголд тэшүүрийн бэлтгэл сургуулилалт хийх боломж бараг байхгүй. Энэ тал дээр сэтгэгдэлээ хэлэх үү?
-Ирж явахдаа энэ талаар л хэлэх юм шүү гэж бодож явлаа. Өвлийн спорт манай оронд хөгжих бүрэн боломжтой. Монголд тэшүүрийн спортоор хичээллэдэг, амжилт гаргахыг хүсдэг олон арван залуу бий. Мөн сонирхогчид ч бий. Тиймээс битүү дээвэртэй ордонтой болвол тэшүүрийн төрлөөр гаргах амжилт жил ирэх тусам нэмэгдэнэ гэж боддог. Бусад орны тамирчдыг харахад үнэхээр атаархмаар. Яагаад гэхээр тэд эх орондоо өөрсдөд нь зориулсан талбайд дураараа, хүссэн хугацаагаараа бэлтгэл сургуулилалт хийдэг. Энэ тал дээр холбогдох хүмүүс анхаарч, өвлийн ордон байгуулж өгөөсэй.
-Хамгийн том мөрөөдөл, зорилго тань юу вэ?
-2018 онд болох насанд хүрэгчдийн өвлийн олимпийн наадамд амжилттай оролцохын төлөө л зүтгэнэ, бэлтгэл сургуулилалтаа хийнэ. Насанд хүрэгчдийн олимпийн наадамд оролцохын тулд дэлхийн цомоос эрх авах ёстой. Тэгээд дэлхийн цомд оролцож байж эрхээ авна. Гэхдээ олимпийн эрхийн оноогоо авсан ч гэсэн шилдэг 28 юм уу, 40 тамирчинд багтах хэрэгтэй болдог. Ямар ч байсан энэ бүх амжилтыг үзүүлж, олимпийн наадамд оролцох эрхээ авахын төлөө зүтгэнэ дээ. Үүний тулд би дээд сургуульд суралцахаа түр хугацаанд хойшлуулаад байгаа.
-Дээд сургуульд элсэлгүй бэлтгэл сургуулилалтдаа л анхаарч байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. 2018 оны өвлийн олимпод амжилт гаргах нь миний 2013 оноос хойш өөртөө тавьсан зорилго.
-Ойрд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Энэ сарын сүүлчээр өсвөрийн ЖШТ, ирэх сард Бүх ард түмний спартакиад байгаа. Мэдээж гуравдугаар сард Канадад болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохыг хүсэж байна.
Тэр нэг эгч, хоёр ахтай, айлын бага охин. Айлын бага, 17-хон настай түүнд дэлхийн энтэй зорилго, мөрөөдөл бийг түүнтэй ярилцсан багахан хугацаанд мэдэрсэн юм. Түүний дараа дараагийн тэмцээнүүд, 2018 онд болох олимпод гаргах амжилтыг тэсэн ядан хүлээе. Амжилт хүсъе.
Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: