Б.Обама Шинзо Абэг ОХУ-д айлчлахыг хоригложээ
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Японы Ерөнхий сайд Шинзо Абэг Орост айлчлахгүй байхыг зөвлөсөн тухай тус улсын “Киодо” агентлагаас мэдээлжээ. “Одоо тохиромжгүй үе байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 9-ний өдөр Японы Ерөнхий сайдтай утсаар ярихдаа хатуухан “зөвлөсөн” аж.
Б.Обама Украин, Сирийн талаар АНУ, ОХУ-ын байр суурь зөрөлдөөнтэй хэвээр, тавдугаар сарын сүүлчээр “Их7”-ийн удирдагчдын уулзалт болсны дараа хийвэл илүү тохиромжтой хэмээн үүнийгээ тайлбарласан байна. Шинзо Абэ хариуд нь ОХУ, Японы хооронд ярьж шийдвэрлэгдээгүй олон чухал асуудал байгааг өгүүлжээ. Харин албан ёсны мэдээлэлд тухайн үед хоёр орны удирдагч Умард Солонгосын тал сансарт хиймэл дагуул хөөргөж, пуужин хөөргөсөн тухай хэлэлцсэн тухай өгүүлсэн байна.
Японы хэвлэлүүдэд мэдээлснээс үзэхэд тус улсын Ерөнхий сайд ирэх дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр ОХУ-д айлчлахаар төлөвлөж байжээ. Шинзо Абэ газар нутгийн маргааныг шийдвэрлэхийн тулд ОХУ-ын төрийн тэргүүнтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх хүсэлтэй гэдгээ энэ сарын 20-ны өдөр дахин илэрхийлжээ.
“Далан жилийн дараа ч хоёр орны хооронд газар нутгийн маргаан оршсон хэвээр байна. Мөн энхийн гэрээ байгуулаагүй. Энэ бол хэвийн зүйл биш. Үүнийг ухамсарлаж буйн хувьд би ОХУ-д айлчилж, мөн Ерөнхийлөгч В.Путинийг Японд айлчлуулахыг зорьж байна. Хугацааг нь товлоогүй ч айчлалыг тохиромжтой үед хийх болно“хэмээн тэрбээр мэдэгдсэн аж.
Японы Ерөнхий сайд ОХУ-д айлчлах талаар хэдэн жилийн өмнөөс хэлэлцэж эхэлжээ. Мөн Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны намар Японд айлчлахаар төлөвлөж байсан ч Украин дахь хямрал, олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулахад хүрсэн байна. В.Путин, Шинзо Абэ нарын албан бус уулзалт 2016 онд болох магадлалтай гэсэн мэдээлэл анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан.
ОХУ-ын Хабаровск, Владивосток хотын аль нэгэнд болно хэмээн таамаглаж байсан уг уулзалтаар хоёр орны хоорондын газар нутгийн маргааныг хэлэлцэнэ хэмээн хүлээж байв. В.Путин, Шинзо Абэ нар өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр хамгийн сүүлд уулзсан байна. Тухайн үед тэд хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах тухай хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
Д.Мөнхболд
URL: