“Mars” компани шоколадуудаа эргүүлэн татаж байна

Америкийн шоколад үйлдвэрлэгч “Mars” компани Голланд улсын Хойд Брабант мужийн Вехель хотын үйлдвэрт үйлдвэрлэсэн шоколадуудаа 55 орноос эргүүлэн татаж байна. Энэ тухай телевизийн “NOS” суваг мэдээлжээ.

Тус компани “Mars”, “Snickers” болон “Milky Way Mini” шоколад болон “Celebrations”, “MiniMix” чихрийн цуглуулгуудыг эргүүлэн татаж байгаа аж. 2016 оны зургадугаар сарын 19-нд үйлдвэрлэсэн эдгээр бүтээгдэхүүний хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 8-нд дуусах аж.

Нэгдүгээр сарын 8-нд Германд “Snickers”-ээс улаан өнгөтэй хуванцрын хэсэг гарсны дараа бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Компаниас явуулсан шалгалтаар хуванцар нь Вехель хотын үйлдвэрийн үйлдвэрлэлийн машины хуванцар эрэгний хэсэг болохыг тогтоосон байна.

“Хэрэглэгчид шоколаднаас хуванцар илрүүлэх магадлал тун бага. Гэхдээ бид эрсдэл гаргахыг хүсэхгүй байна” гэж компанийн албан ёсны төлөөлөгч Рула Говерс хэлжээ.

Дээрх бүтээгдэхүүнүүдийг Нидерланд, Бельги, Их Британи, Вьетнам, Герман, Испани, Итали, Франц, Шри-Ланка зэрэг 55 орноос эргүүлэн татаж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих