Ил захидал

http://www.bolod.mn/Upload/news/p186tcc238h8fbqr1n7k12jtsvb2.jpg

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Туул голын дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барихаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Засгийн газрын тогтоолоор үндэсний компаниа дэмжихээр болж, баялаг бүтээгчдэд санал хүргүүлсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэхүү шийдвэрийг гүүр барьдаг Монголын компаниуд талархалтайгаар хүлээн авснаа дуулгахад таатай байна.

Улмаар өөрийн бодит хөрөнгө, чадварлаг инженер болон ажиллах хүч, ажлын  туршлага дээрээ үндэслэн дээрх ажлыг гүйцэтгэхээр Аж үйлдвэрийн яаманд саналаа хүргүүлээд байгаа билээ. Эдийн засгийн хямралын үед дотоод нөөц бололцоогоо ашиглаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээ илэрхийлж, хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэх боломж гарцыг эрэлхийлэн, зах зээлийн үндсэн зарчмыг хадгалсан зохицуулалтыг хөтөлбөр, бодлогодоо тусган ажилласаар ирсэнд тань талархаж байна.

Хямралын үед эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд ч Сонсголонгийн гүүрийг барих ажилд үндэсний компаниудыг оролцуулах шийдвэр гаргасан хэмээн боддог. Хүнд хэцүү үед олон хүнийг ажлын байраар хангах, үндэснийхээ компаниудыг дэмжиж, дотоод нөөц бололцоогоо ашиглах зорилт тавин, бодлого хөтөлбөрөө чиглүүлэн ажиллах бодлогоо Ерөнхий сайд та тууштай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Харамсалтай нь, Засгийн газрын тогтоол доод шатандаа хэрэгжсэнгүй. Цаасан дээрх албан бичгээс өөр ид шидгүй болж хөсөр хаягдлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд таны гаргасан шийдвэр тань доод шатандаа хэрэгжихгүйгээр үл барам нийслэлийн удирдлагууд сиймхий ашиглан мөнгө завших, улсаа өрөнд оруулах, үндэсний үйлдвэрлэгчдээ илт хааж, боогдуулах ажиллагаа явуулж эхлээд байна. Дотоод нөөц бололцоогоо ашиглах гүйцэтгэх засаглалын шийдвэрийг “том толгойт” хотын удирдлагууд зөрчиж, давхар тендер зарлаж, хоёр дахин өндөр өртгөөр, тэр ч бүү хэл Хятадын зээлээр дээрх ажлыг гүйцэтгэхээр сэм хэлэлцэн тохиролцох боллоо. Иймд гаргасан шийдвэрийнхээ араас хяналт тавьж, анхаарлаа хандуулж, хариуцлагын тогтолцоог идэвхжүүлэн ажиллахыг хүсье. Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахын тулд гаргасан шийдвэртээ тууштай байж, цаашид ч бодлого, хөтөлбөртөө тусган ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Ил захидал

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Туул голын дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих тендерийг зарласан. Уг нь Засгийн газрын тогтоолоор энэхүү ажлыг Монгол компаниар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд Засгийн газрын тогтоолыг үл тоомсорлов.

Нийслэлээс хаалттай тендер зарлаж үндэсний компаниудаа илт “боомилсон” нь хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хийгээд сонгуулийн “мөнгө босгох” гэсэн бүдүүлэг, бохир үйлдэл гэж хардаж байна. Учир нь дотоодын компаниудаас хоёр дахин илүү үнээр буюу Сонсголон болон Баянзүрхийн гүүрийг нийтэд нь 21.5 сая ам.долларын өртөгтэй зээлээр бариулах гэж байгаа нь үндэсний компаниудаа хавчин боогдуулсан үйлдэл билээ. Өөрийн бодит хөрөнгөтэй, чадварлаг инженер болон ажиллах хүчтэй, ажлын өргөн туршлагатай үндэсний компаниуд нь улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулах саналыг Аж үйлдвэрийн яаманд хүргүүлсэн билээ. Хятад Монгол хоёр компанийн хүргүүлсэн саналыг ч хүснэгтээс харьцуулан харж болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл та арай үндэсний үйлдвэрлэгчид гэхээр л өөрийнхөө хүүгийн компани шиг чадваргүй гэж эндүүрээгүй биз дээ. Монгол инженерүүд өөрсдийн хүчээр 418 метр хүртлэх урт, ижил хийцтэй гүүр барьж байсан туршлагатай билээ. Гэтэл энэ бүхнийг үл харгалзан хаалттай тендер зарлаж, Хятадын зээлээр дээрх ажлыг гүйцэтгэх гэж байгаад үндэсний компаниуд эсэргүүцлээ илэрхийлж байна. Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, ажлын байраа хадгалах, цаашлаад нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг Э.Бат-Үүл энэ мэт үйлдлээрээ уландаа гишгэж, гадны компанийг тахин шүтэж, өрийн тоолуурыг түлхүүрдэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байх. Зүй нь хотын дарга Э.Бат-Үүл таны нуун дарагдуулан байж 21.5 сая ам.доллар буюу 40 гаруй тэрбум төгрөгийн өртөгөөр Хятадын зээлээр хийлгэх гэж буй тэрхүү ажлыг тал үнээр нь концессийн гэрээгээр үндэсний компаниар хийлгүүлэхээр Засгийн газрын тогтоол гарсныг эрх биш сонссон байлгүй.

Баялаг бүтээгчдээ дэмжье хэмээн зураглаачийн дуран харахаараа улиг болтол хэлдэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн үг шоу байсан эсэхийг дээрх тендерт хэрхэн биелэлээ олохоос харагдах буй за.


URL:

Сэтгэгдэл бичих