М.Төрбат: УИХ-ын дарга Үндсэн хуулийн толгой дээр “заларлаа”

1fgs

Эрхзүйч М.Төрбаттай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах шийдвэр гаргасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ шийдвэрийг маш товчоор дүгнэхэд ардчилсан Монгол Улсад Үндсэн хуулийг дээдлэх ёс үгүй болгосон өөрөөр хэлбэл, манай улсад хуулийн засаглал биш эрх мэдэлд шунасан нэг хүний засаглал бий болж байгааг энэ шийдвэр нотоллоо. Харин нөгөө талаараа ард иргэд нэгдэн Үндсэн хуулиа хамгаалах зайлшгүй шаардлагатайг харууллаа гэж дүгнэж байна.

-Тэгэхээр та Үндсэн хуулийн Цэцийн даргыг Үндсэн хууль зөрчин эгүүлэн татах шийдвэр гаргасан гэж үзэж байна уу?

-Тийм. Үндсэн хуулийн 65.4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэж хоёрдмол утгагүйгээр хуульчилсан байдаг. Гэтэл энэ шаардлагын алийг нь ч хангаагүй байхад Цэцийн даргыг эгүүлэн татах шийдвэр гаргасан. Үүнийг хэн ч ойлгоно.

-Үндсэн хуулийн Цэцийн даргыг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Цэцийн даргыг хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоолоо гэсэн агуулгатай бичгийг Улсын дээд шүүхэд илгээсэн байдаг. Үүний хариуд Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт  “Энэ талаар тусгайлан саналгүй” гэсэн бичгийг УИХ-д хүргүүлсэн.Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байхгүй гэсэн үг.

-УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Цэцийн даргыг хууль зөрчсөнийг тогтоох эрхтэй билүү?

-Үгүй. Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажлыг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, Тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх, нэгдсэн, байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх, Тамгын газрын ажилтан, гишүүний саналыг үндэслэн түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслахыг томилох, чөлөөлөх үүрэгтэй.

Мөн УИХ-ын төсвийн төслийг бэлтгэх, баталсан төсвийг зарцуулах гэм мэт үүргийг оногдуулснаас биш шүүх эрх мэдлийн эрх үүргийг буюу албан тушаалтны гэм буруутайг тогтоох эрхгүй. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга эрх үүргээ ухамсарлахгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаа нь эрх мэдэлтний гар хөл болсон төдий гэж үзэж байна. Энэ мэтчилэн зүйлээс дүгнэхэд Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлыг анхнаасаа улс төрийн болон хувийн зорилгын үүднээс гаргаж тавьсан гэж харагдаж байна.

-Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчсөн тухай болон түүнийг эгүүлэн татсан нь Үндсэн хуульд нийцэж байгаа гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хийж байсан. Үүнд та ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Х.Тэмүүжин гишүүний хийсэн тайлбарыг сонссон. Түүний санаачлан батлуулсан нэлээд олон хууль Үндсэн хуулийн Цэцэд очоод унаж байсан. Үүнд маш бухимдалтай байдаг нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага болон УИХ-ын чуулганы үеэр хэлсэн үгнээс нь харагддаг. Энэ бүгдээс болоод ашиг сонирхлын зөрчилтэй болсон гэж ойлгож байна. Уг нь ингэж бухимдахынхаа оронд хуульч хүний хувьд өөрийн санаачилсан хуулийн чанарт анхаарч дүгнэлт хийх ёстой юм.

-Та УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн удаа хандаж байсан гэсэн. Таныхаар УИХ-ын дарга хэзээнээс эхэлж Үндсэн хуулийг зөрчив?

-2012 онд УИХ анхдугаар чуулганаараа УИХ-ын даргыг томилохоос эхлээд УИХ өөрөө хууль зөрчсөн. Үүний тодорхой баримт нь УИХ-ын даргыг томилсон тогтоол. Тодруулбал, УИХ-ын даргыг томилох хүртэл анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн удирдах ёстой. Өөрөөр хэлбэл, “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийн “Анхдугаар чуулган” гэсэн II бүлгийн хэсэгт хуульчилж заасан байдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл гуай Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд анхдугаар чуулганы хуралдааныг товлон зарласан. Гэтэл одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Л.Цог гишүүнээр анхдугаар чуулганыг удирдуулъя” гэсэн хууль бус санаачлагыг гаргасан.

Ингээд Л.Цог гишүүн чуулганыг удирдаж, УИХ-ын даргыг сонгосон энэ үеэс эхлээд Үндсэн хуулийг зөрчсөн. Тиймээс энэ асуудлаар 1992 онд Үндсэн хууль батлалцаж байсан иргэд гомдол гаргаж, 2012 оны есдүгээр сарын 27-нд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Гэтэл тэдний мэдээллийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэхгүй дөрвөн сар дарж байгаад 2013 оны нэгдүгээр сарын 14-нд “УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан мэдээллийг’ тухайн үед шуурхай авч хэлэлцээгүйгээс асуудлын ач холбогдол нь алдагдсан” гэсэн хариу өгсөн.

Уг нь тэр даруйд нь хэлэлцэх ёстой байсан. Үүнээс үзэхэд Цэц өөрөө Үндсэн хууль зөрчих эх үндсийг тавьсан. Харин өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд би УИХ-ын даргын хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн Цэцэд иргэний хувиар хандсан.

-УИХ-ын даргыг Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчиж байна гэж та үзэв. Таны хүргүүлсэн мэдээлэлд Үндсэн хуулийн Цэцээс ямар дүгнэлт гаргасан бэ?

-”УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны долдугаар сарын 28-нд 156 дугаар захирамж гаргаж УИХ ээлжит бус чуулганы тов, хэлэлцэх асуудлыг тогтоохдоо эрх бүхий субъектээс УИХ-д огт өргөн мэдүүлээгүй, өргөн мэдүүлэх эсэх нь ч тодорхой бус зарим асуудлыг тусгасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 39.2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, 41.1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна’’, 70.1 дэх хэсгийн “Үндсэн хуульд…төрийн байгууллагын …шийдвэр, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн. Миний мэдээллийн агуулга, шаардлага нь товчхондоо, төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарим зүйл, заалтыг УИХ-ын дарга З.Энхболд зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах байсан.

Гэвч, миний мэдээлийг хянасан Цэцийн гишүүн Д. Солонго энэ асуудалд зарим талаар улстөржсөн байдлаар хандаж Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн хариу өгсөн. Тиймээс би энэ шийдвэрийг үл зөвшөөрч Цэцийн бага суудалд гомдол гаргахад П.Очирбат, Н.Жанцан, Д.Наранчимэг нар хуралдаж “…Хууль зүйн үр дагавар бий болгоогүй бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна” гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол маш хариуцлагагүй дүгнэлт.

-Цэцийн бага суудлын хуралдааны шийдвэрийг та ямар үндэслэлээр буруу гэж үзэх болов?

-Яагаад гэвэл зургаан сайдыг огцруулж, дахин томилсон. Энэ нь Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоос гадна улс төрийн намуудын хамтран ажиллах гэрээ зөрчигдсөн гэсэн үг. Тиймээс хууль зүйн үр дагавар үүссэн гэсэн үг. УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан энэ үйлдлийг би “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүний Үндсэн хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд халдаж Цэцийн хэн нэг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд урьдчилан оруулсан захирамж гаргаж, энэ тухай асуудлыг тогтоосон хугацаанд заавал оруулж ир” гэж Цэцийн даргыг тулган шахаж байгаатай адил Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим, төрийн эрх мэдлийг хуваарилсан үзэл баримтлал, Цэцийн бүрэн эрхэд халдсан бүдүүлэг үйлдэл мөн” гэж зүйрлээд УИХ-ын дарга З.Энхболд …зөрчсөн гэж үзэж энэ тухай дүгнэлт гаргаж өгөхийг, мөн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу “… яаралтай шийдвэрлэх асуудал” хэмээн онцгойлон авч үзэж хянан шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа танаас хүсье” гэж мэдээлэлдээ онцолж сануулж байсан.

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дээрх хуульд нийцээгүй дүгнэлтүүд УИХ-ын даргыг өөгшүүлсээр байгаад эцэст нь Цэц өөрөө асуудалд уналаа.

-Тухайн үед таны өгсөн мэдээллийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж хуульд нийцсэн шийдвэр гаргасан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж үү?

-Хэрэв тухайн үед Цэц миний мэдээллийг хэлэлцэн зөв дүгнэлт гаргасан бол Үндсэн хуулийн цэц, түүний гишүүдийн бүрэн эрх, халдашгүй байдалд улстөрчдийн зүгээс улстөржсөн, магадгүй хувийн байдлаар халдах гэсэн оролдлого өнөөдрийнх шиг ноцтой хэмжээнд хүрэхгүй байсан байж магадгүй. Хэрэв Үндсэн хууль зөрчих энэ байдал даамжирвал маргааш хэн нэгэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, нөгөөдөр Улсын Дээд шүүх, Ерөнхий прокурорын бүрэн эрхэд субъектив байдлаар халдахад гайхах зүйлгүй. Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн толгой дээр УИХ-ын, дарга, АН-ын дарга З.Энхболд “заларлаа”.

-Ийм байдалтай нүүр тулахгүй байх гарцыг та яаж харж байна вэ?

-УИХ-ын даргын албан тушаалыг улстөрийн намын төлөөллөөс ангид байх зохицуулалтыг яаралтай хуульчлах нь эрх мэдэл нэг хүний гарт хяналтгүйгээр төвлөрөх, ардчилалд аюул учрахаас сэргийлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. Мөн Цэц энэ асуудалд онцгой анхаарах биз ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн энэ завхралыг таслан зогсоох талаар санаачлагатай ажиллана гэдэгт найдаж байна. Мөн ирэх УИХ-ын сонгуульд иргэд хариуцлагатай сонголт хийх цаг иржээ.

C.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих