Р.Гончигдорж Цэцийн дарга болж, Л.Гансүх цагаадаад УИХ-ын гишүүн болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц дахиад бүрдсэнгүй гэж бухимдсан олныг “тайтгаруулж”, З.Энхболдын хор шарыг малтагчдын урмыг хугалж ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Гэхдээ зөвхөн Цэцийн даргыг эгүүлэн татаад л чуулганаа хаачихсан. Энэ улс төрийн ”том” зорилго биш үү. Бүр маш тодорхой. Одоо Цэцийн гишүүд огцрохгүйн тулд УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиудыг иргэн гомдол гаргаад ирэхэд Үндсэн хууль зөрчсөн байсан ч “нүдээ анин” таалагдах дүгнэлт гаргаж өгөх ёстой бололтой.

МАХН-ынхан яагаад хуралдаа оролцох болов гэдэг нь ойлгомжтой. Гол хүн нь Д.Тэрбишдагва гишүүн байсан. Тэрбээр чуулганы ирцийг бүрдүүлэн Цэцийн даргыг чөлөөлөх хуралдааныг хийх нөхцлийг бүрдүүлснийхээ шагналд Шадар сайд болох нь гэх яриа Төрийн ордноос түгэх боллоо. Гэхдээ л УИХ-ын дарга, АН-ын даргыг огцруулах хүсэл “хөрөөгүй”. МАН-ынхны хувьд хууль зөрчсөн асуудал хэлэлцэх хуралдаанд оролцох сонирхолгүй байгаагаа илэрхийлчихээд байгаа.

 Гэтэл үүнтэй зэрэгцээд гурав хоногийн дараа ҮХЦ-ийн их суудлын хуралдаан болох гэж байдаг. Энэ хуралдааны шийдвэрийн дараа З.Энхболд УИХ-ын даргаар ажиллах эсэх нь асуудалтай. Тийм ч учраас Цэцийн гишүүнээр УИХ-аас санал болгон сонгосон гишүүд болох Т.Лхагваа, Д.Наранчимэг, Ш.Цогтоо нар гэнэт “өвдөж” хилийн чинадыг зорих болсон сурагтай. Тэгэхээр Цэцийн их суудлын хуралдаан наанадаж долоон гишүүний ирцтэй хуралдаж шийдвэр гаргах учраас томилсон УИХ-ынхаа төлөө “бултсан” гэж ойлгож болохоор байна.

Харин үүнээс өөр ямар үйл явц болж байна вэ гэвэл Цэцийн дараагийн даргаар Р.Гончигдоржийг “зүтгүүлж” байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүнээс ҮХЦ-ийн даргын суудал руу шилжвэл намын жагсаалтаар удтал хүлээсэн Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох учиртай. Гэвч түүний нэрийг татуулаад хэнийг оруулж ирэх тохироо явж байна гээч. “Нүүрсний” хочит Л.Гансүх. Түүний хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар аль хэдийнэ “галт тэрэг хөдөлчихөж”. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сар шинээр золгож очихоос гадна найздаа ийм том тус хүргэх алхмуудыг хийчихээд байна. Мэдээж тэр ганцаараа хүч хүрэхгүй л дээ. Гэхдээ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар авч үлдэх тохирооны үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар энэ талаар хэдийнэ түүнтэй зөвшилцөж чадсан аж.

Ямартай ч УИХ-ын дарга маань яанаа ийнээ гэхээс илүүтэй Л.Гансүх хэрэг нь “цагаадаж” Их хурлын гишүүний дархан эрхээр нөмөрлөн, толгой дээгүүрээ дээл нөмрөх аюулаас ангижирч, Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцийн дарга болох магадлал өндөр байна.

С.Зэндмэнэ


URL:

Нэр: иргэн Огноо: 23 February 2016

маш зөв гаргалаа бна, дэмжиж бна аааа

Сэтгэгдэл бичих