Хойд хөрш МАН-д илүү итгэж байна

12773372_1039670942772641_499671337_o

Төрийн эрхийн төлөөх сонгууль ердөө дөрвөн сарын дараа болох гэж байгаа энэ үед “Дараагийн эрх баригчид хэн бэ” гэсэн асуулт, хариулттайгаа хамт яригдаж эхэлсэн нь үнэн юм. Бүх л улстөрийн нам, хүчнүүд өөрсдийнхөө ялалтыг ямар нэг хэмжээнд зөгнөж, яг тэр мөрөөдлөө иргэд, сонгогчдод итгүүлэх марафон эхэлсэн ийм үед МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй гишүүд ОХУ-д айлчилсан үйл явдал уг нь тун тодорхой нэг мессеж өгснийг намынх нь пиарчид ч, олон нийт ч төдийлөн ойшоолгүй өнгөрөөж, одоо тэр нь мартагдах тийшээ хандав.

ОХУ манайхаас авах ёстой ч их өрийг тэглэхдээ Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 174.2 сая ам.долларын өрийг үлдээгээд байснаас өнгөрсөн сарын сүүлээр Төрийн Дум дээрээ хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Ингэхдээ үүний 97.5 хувийг чөлөөлж, үлдсэн 2.5 хувь буюу 3.8 сая ам.долларыг Монголын тал 30 хоногийн дотор хойд хөршид эргүүлэн төлөх үүрэг хүлээлгэсэн. Энэ хэдэн тоо, өрийг барагдуулах үүрэг, хариуцлагыг тойрсон яриатухайн үед хэвлэлээр шуургалаад өнгөрөх үед МАН-ын дарга М.Энхболдын хойд хөршийнд хийсэн айлчлалын “үнэ цэнэ” бараг яригдалгүй бүдгэрч орхисон билээ.

Үнэндээ бол “Нэгдсэн Орос” намын урилгаар айлчилсан МАН-ын дарга М. Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг Холбооны зөвлөлийн хаврын чуулганы нээлтийн хуралдаанд “зочилж” орохыг урьж байгаад тэдний нүдэн дээр 174.2 сая ам.долларын өрийг барагдуулах асуудлыг авч хэлэлцэн санал хураалтыг явуулсан нь анхаарал татахуйц агшин байсан юм.

Манай нөхдийг хуралдааны танхимд орж ирсэн тэр үед санал хураалтыг явуулж, их өрийн үлдэгдлийн 97.5 хувийг тэглэх саналыг Холбооны зөвлөлийн 166 гишүүний 158 нь буюу 98 хувь нь дэмжиж байгааг нотлон харууллаа.

Түүнчлэн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд МАН-ын дарга  М.Энхболдын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, цаашид улам их өндөр хувь нэмэр оруулахыг хүсч, Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнажээ. Энэ бүхэн яавч санамсаргүй тохиолдлууд биш.

ОХУ төрийн бодлогын түвшиндээ өнөөгийн эрх баригчдыг биш харин тэдний өрсөлдөгч, сөрөг хүчнийг илүү чухалчлан авч үзэж байгаагаа үүгээрээ дамжуулан илэрхийлж буйг үйл явдал харууллаа. Дараагийн эрх баригч хүчин МАН гэсэн хандлагаа ОХУ бараг ил тод зарлачихав уу?

Сүүлийн жилүүдэд ялимгүй хөндий, хүйтэн явж ирсэн хоёр орны харилцааг ойртуулан бүлээсгэхэд 2014 оны намар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийсэн айлчлал нэг чухал алхам болсон бол үүнээс хойш хойд хөршийн манайд илэрхийлэх хандлагыг ажиглан тандаж байсан стратегич, судлаачдын хувьд сөрөг хүчин МАН-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн санамсаргүй гэмээр айлчлал тун тодорхой мессежийг өгсөн хэрэг боллоо. Хойд хөрш МАН-д илүү итгэл, дэмжлэг үзүүлж байгаа хэрэг биш гэж үү?!

З.Боргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих