Ил захидал
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Туул голын дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барихаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Засгийн газрын тогтоолоор үндэсний компаниа дэмжихээр болж, баялаг бүтээгчдэд санал хүргүүлсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэхүү шийдвэрийг гүүр барьдаг Монголын компаниуд талархалтайгаар хүлээн авснаа дуулгахад таатай байна.
Улмаар өөрийн бодит хөрөнгө, чадварлаг инженер болон ажиллах хүч, ажлын туршлага дээрээ үндэслэн дээрх ажлыг гүйцэтгэхээр Аж үйлдвэрийн яаманд саналаа хүргүүлээд байгаа билээ. Эдийн засгийн хямралын үед дотоод нөөц бололцоогоо ашиглаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээ илэрхийлж, хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлэх боломж гарцыг эрэлхийлэн, зах зээлийн үндсэн зарчмыг хадгалсан зохицуулалтыг хөтөлбөр, бодлогодоо тусган ажилласаар ирсэнд тань талархаж байна.
Хямралын үед эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд ч Сонсголонгийн гүүрийг барих ажилд үндэсний компаниудыг оролцуулах шийдвэр гаргасан хэмээн боддог. Хүнд хэцүү үед олон хүнийг ажлын байраар хангах, үндэснийхээ компаниудыг дэмжиж, дотоод нөөц бололцоогоо ашиглах зорилт тавин, бодлого хөтөлбөрөө чиглүүлэн ажиллах бодлогоо Ерөнхий сайд та тууштай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Харамсалтай нь, Засгийн газрын тогтоол доод шатандаа хэрэгжсэнгүй. Цаасан дээрх албан бичгээс өөр ид шидгүй болж хөсөр хаягдлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд таны гаргасан шийдвэр тань доод шатандаа хэрэгжихгүйгээр үл барам нийслэлийн удирдлагууд сиймхий ашиглан мөнгө завших, улсаа өрөнд оруулах, үндэсний үйлдвэрлэгчдээ илт хааж, боогдуулах ажиллагаа явуулж эхлээд байна. Дотоод нөөц бололцоогоо ашиглах гүйцэтгэх засаглалын шийдвэрийг “том толгойт” хотын удирдлагууд зөрчиж, давхар тендер зарлаж, хоёр дахин өндөр өртгөөр, тэр ч бүү хэл Хятадын зээлээр дээрх ажлыг гүйцэтгэхээр сэм хэлэлцэн тохиролцох боллоо. Иймд гаргасан шийдвэрийнхээ араас хяналт тавьж, анхаарлаа хандуулж, хариуцлагын тогтолцоог идэвхжүүлэн ажиллахыг хүсье. Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахын тулд гаргасан шийдвэртээ тууштай байж, цаашид ч бодлого, хөтөлбөртөө тусган ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
URL: