9 тэрбум орчим төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэгт холбогдон 410 хүн шалгажээ. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл, төрийн улс төрийн 42, төрийн захиргааны 79, төрийн тусгай 44, төрийн үйлчилгээний 58, төрийн бус байгууллагын албан тушаалтан 11, бусад 176 байв.

Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буурсан байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн захирал Б.Лхамсүрэн, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, ня-бо М.Хулан нарын зэрэг 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

Гэмт хэргийн улмаас 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлжээ. Шүүхээс 8 тэрбум 847 сая 242 мянга 855 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих