Цаад “эзэн”-ийг зогсоохгүй бол “гулгаа” тасрахгүй

Монгол Улсын хуульд “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулахыг хориглодог. Гэвч энэ гэмт хэрэг ил, далд хэлбэрээр оршин тогтносоор байна. Өнгөрсөн оны сүүлээр ЭЦГ-аас дүүргийн Цагдаагийн байгууллагуудтай хамтран “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдэлд цохилт өгөх зорилгоор Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалтын ажил  зохион байгуулжээ. Уг шалгалтын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  “Фамилий”, “Скай массаж”, “Аle House”,”Ever Green” болон “Их ид” зоогийн газрын хонгилд байрлах саун, массаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хот” зочид буудлын доод давхарт байдаг саун, “Тайгер” зэрэг саун массажны газар ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлэн нийт 20 гаруй биеэ үнэлэгч охин, бүсгүй болон тэдний биеийг үнэлүүлж байсан гэмт этгээдүүдийг тогтоож, харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Нэр дурьдсан газруудыг өмнө нь удаа дараа хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байжээ. Мөн “Биеэ үнэлэгчдэд болон энэ төрлийн үйлчилгээ авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны  хариуцлага хангалтгүй байгаа нь биеэ үнэлэх асуудлыг өөхшүүлж, энэ төрлийн гэмт хэрэг зогсохгүй, далд байдлаар улам идэвхжсээр байна” хэмээн албаны эх сурвалж хэлж байна.

Үүнээс гадна нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах гэсэн залуусын бүлгэмээс “Гулгаа массаж нэрэн доор явагдаж байгаа бэлгийн мөлжлөгийг таслан зогсооё” уриан дор есөн баг гарган Офицероос Хархорин хүртэл зам дагуу гэрлийн модон дээр болон ханан дээр наасан гулгаа массажны зарыг хуулж, хаяжээ. Тэд нэг өдөрт 900 ширхэг зар хуулсан гэхээр нийслэлд энэ төрлийн бизнес, тэнд ажиллаж буй эмэгтэй нэлээд олон байгааг хэлж байна. Эмэгтэйчүүд нь ил зогсоогүй ч төв зам дагуу тавьсан зарыг нь харахаар “Ягааны гудамж” шиг болсон нийслэл хотоо “хир”-нээс нь цэвэрлэж байгаа нь залуусын үйлдэл зөв. Гэхдээ нийгмээрээ жигшээд ирэхээр энэ төрлийн бизнес даравч далдайна булавч бултайна гэдэг шиг улам далд хэлбэр лүү шилжиж, илүү зохион байгуулалттай болох аюул тулгарч байна.Харь элгийн хүнийг биш хайртай хүнээ уруул дээр нь үнсэх нь битгий хэл духыг нь үнэрлэдэг монгол ёс хэрхэн гээгдэж, хормойн дон шүглэв ээ. Албаны бүртгэл, үйлчлүүлсэн хүмүүсийн яриагаар 80-аад оны сүүл үеийнхэн болон 90-ээд оны охид, эмэгтэй гулгаа массажны газар ажилладаг юм билээ. Тэдний бага балчир насанд зурагтаар бэлгийн зан үйлийг харуулсан гадаад кинонууд ямар ч хаалтгүйгээр гардаг болсон. Шилжилтийн насанд нь интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, сошиал медиагаар бэлгийн мөлжлөг, буруу зан үйлд уруу татсан уриалга болоод мэдээлэл очих болсон юм. Мөн гулгаа массажны газар ажилладаг, тэнд биеэ үнэлж буй бүсгүйчүүд ар гэрийнхнээсээ нууж энэ ажлыг хийдгээ цагдаагийн ажилтнууд болон сэтгүүлчдэд хэлж байсан. Зарим нь бүр найз залуу, хамтран амьдрагч, нөхөртэй эмэгтэйчүүд байдаг юм билээ. Гэтэл тэд яагаад ийм зам руу орчихов. Улаанбаатарын замууд нийслэлийн иргэдийн автомашиныг чөлөөтэй зорчуулах зайгүй болоод нам түгжирч байгаатай адил эмэгтэйчүүдэд ажлын байр хомс байна. Үүнээс гадна архи дарс, тоглоом наадам хөөж өнөөдөр болж байвал маргааш яахав гэсэн зарим өрхийн тэргүүн, зугаа цэнгэлд толгой нь мансуурч түр зуурын жаргалд түрүүвчээ шавхадаг хэсэг эрчүүд буруутай.Хамгийн гол нь гулгаа массаж хийж, биеэ үнэлж буй эмэгтэйчүүдийн ар тал болж байр бусад зүйлээр хангаж энэ бүхнийг зохион байгуулж буй “цаад” эзэд бий. Эхэнд өгүүлсэн баримтад  массажны газруудыг удаа дараа хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгааг дурьдсан. Орон сууц болон түүний ойр орчим байрлах энэ мэт газруудын тухай оршин суугчид Цагдаагийн байгууллагад хандахад тухайн газрууд шалгалт ирэхээр хэд хоног хаагаад, буцаад нээдэг гэсэн. Иймд Цаад “эзэн”-ийг зогсоохгүй бол “гулгаа” тасрахгүй.

Б.Төгөлдөр


URL:

Нэр: ЗОЧИН 019 Огноо: 23 February 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих