Дэд сайд Б.Болор шиг “ногооноороо” хүмүүс яаж Б.Хурцыг суллуулах ажлыг хөөцөлдөж чадах вэ дээ

“Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурц суллагджээ” гэсэн мэдээлэл хэвлэлүү­дээр долоо хоногийн өм­нөөс цацагдаж эхэлсэн. Энэ мэдээлэлд хариу өг­чих, өгөх ёстой хүн бол Гадаад харилцааны дэд сайд Б.Болор. Юуны тө­лөө Б.Хурцыг суллах аж­лын хэсгийн ахлагч гэсэн гуншинтай билээ. Сэт­гүүлчид энэ мэдээлэл үнэн эсэхийг түүнээс тод­руул­сан. Тэр үгүйсгэж бай­на. “Б.Хурц суллагдаагүй. Хүүх­дээрээ тангаргалсан ч болж байна”, “Суллаг­даа­гүй гэдгийг нь 100 хувь баталж байна” гэж баахан сүржигнэн телевиз, со­нинд тодруулга өгчээ. Маргааш нь Б.Хурц өөрийн биеэр морилоод ирэв. Онгоц буухаас нэг цагийн өмнө  ирж буйг нь дуулсан дэд сайд “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд түргэн аван очжээ. Тэр булайгаа дэлгэлээ. Түүний хэлсэн үгний үсэрсэн шүлс нь хатаагүй шахам байхад Б.Хурц ирчихлээ.  Ямар мэд­рэмж­гүй дэд сайд вэ. Яасан зоригтой худал хэлж ча­дав аа. Б.Хурцыг суллах Ажлын хэсгийн  ахлагч нь шүү дээ, энэ хүн. Ичмээр зүйл тэнд өрнөв. Бантаж тэвдсэн Б.Болор гараад ирлээ. Сэтгүүлчид ч бү­чээд ав­лаа. Дэд сай­дын нүүр улайсангүй. Ху­дал хэл­сэндээ санаа зовж бай­гаа юм ч алга. Хээвнэг “Мэ­дээлэл хийхгүй бол бо­лохгүй нь” хэмээн сэт­гүүлчдийн асуултад ха­риу­лахаар болов. Ямар ч мэдээлэлгүй явсан дэд сайд мэдээлэл хийх гэж бас л булайгаа чирлээ. “Би Б.Хурцтай хэдхэн хо­ром хөөрөлдлөө. Энэ та­лаар хэлэх юм алга”, “Мэ­дээлэлгүй байгаа боло­хоор хариулж чадахгүй нь”, “Түү­нийг Германы тал “Та чөлөөтэй явж болно” гэж хэлээд сулласан” гэх мэтийн хэдэн өгүүлбэр 10 орчим минут давтаж хэл­сээр яриагаа дуусгав. Түү­нийг мэдэмхийрээд хэв­лэлийнхэнд “Би мэдэж байна. Хурц суллагдаа­гүй” гэж үр хүүх­дийн­хээ нэрийг барьж тангараг өргөн, ярилцлага өгч байх зуур нь Б.Хурц аль хэ­дийнэ сул­лагд­сан байжээ. Монго­лоос эхнэр хүүхэд нь  БНСУ-д очиж, түүнийг тосч уулзаад тэнд Б.Хурц  эмчлүүлж байсан байна.

Зүй нь бол дэд сайд сэтгүүлчдэд юу ярихаа мэдэх ёстой. Тэр бүү хэл Германы хэвлэлээс мэдээ­лэл авчихсан, Б.Хурцыг юуны учир суллагдсан тухай ярих ёстой байв. Гэвч тэр өөрийгөө ажилдаа ямар хариуцлагагүй, мэдрэмжгүй ханд­даг болохоо харууллаа. Сэтгүүлч­дэд худал мэдээлэл тараасныхаа хариуцлагыг тэр хүлээх ёстой.

Хаврын чуулган завсарлахаас өмнө монголчууд  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуультай болсныг энд сануу­лах хэрэгтэй биз. Энэ хуульд заас­наар бол мэдээлэл авах эр­хийг ноцтой зөрчсөн тохиолдолд тухайн хүнийг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах тухай хуульчилсан. Энэ хууль мөрдөг­дөх­гүй цаасан дээр байх ёстой гэж үзээгүй л юм бол хамгийн түрүүн  Б.Болортой хариуцлага тооцуулах учиртай.

Төрийн дэд сайд хийх нь битгий хэл төрийн албанд ч тэнцэхгүй ийм хүнийг Б.Хурцыг суллах ажлын хэсгийг ахалж чадна гэж  Ерөнхий сайд С.Батболд яаж найдаж чадав. Түүнийг удирдаж буй Гадаад ха­рил­цааны сайд Г.Занданшатар ч бөх зүрхтэй хүн юм. Яагаа ч үгүй нов ногоон түүхий залуусаар тө­рийн өндөр алба хашуулж буй энэ Засгийн газар нусгай жулд­рай­нуудынхаа армиас салахгүй бол болохгүй нь. Түүхэнд инээд­мийн юу ч мэдэхгүй алиа салбадай нараар дүүрэн Засгийн газар хэмээгдэн үлдэх вий дээ. Энд Б.Бо­лор шиг юугаа ч мэдэхгүй, ажил хийж ча­дахгүй “ногоонтнууд” дүү­рэн бий. Тэд өөрсдийгөө магтан мандуулж, цээжээ дэлдэж явахаас Монголын төрийн төлөө юу хийж чадах билээ. Б.Болор тэдний л нэг. Өөрийгөө гурван үеийн дэд сайд хэмээн бардамнан омогшиж явд­гийг нь мэдэх юм. Дотоод харилцаа гэдгээ ч мэдэхгүй хүн яаж гадаад харил­цаагаа ойлгож мэдрэх вэ дээ. Тэгээд бүр Б.Хурцыг суллах ажлыг Б.Болор хөөцөлдөнө гэдэг лөөлөө. Яаж ч чадах вэ дээ. Ядаж л үүрэгт ажлаа хийж чадаагүй Б.Бо­ло­роор Б.Хурцыг суллуулахад зарцуулсан мөнгийг төлүүлье, хариуцлага тооцъё. Энэ ажлын хэсэг 100 гаруй сая ам.доллар  зарцуулсан гэдэг юм билээ. Б.Хур­цын өмгөөллийн үйл ажиллагаа явуулах өмгөөлөгчийн нэг цагийн хөлс 150 ам.доллар гэж яригдаж байсан. Энэ мөнгө хэд болж үрж­сэнийг хэн мэдэхэв. Юутай ч  татвар төлөгчдийн мөнгөөр аж­лын хэс­гийн ахлагч гэх нөхөр замбараагүй  “тоглочихсон” байна.

Аль нэг намын зарим лидерийн хажуу хавирганд зүүгдэж, хэдэн төгрөг хандивлаж энэ сэнтийд  “ногооноороо” байгаа залуус хүр­дэг нь нууц биш. Гэхдээ хэнийг томилж, ямар хүнд төрийн хариуц­лагатай ажил даалгахаа энэ Зас­гийн газар мэддэг болмоор юм. Өмнө нь ингэж булайгаа чирч байсан дэд сайд байсан эсэхийг бүү мэд. Б.Болор уг нь сэргэлэн, гадаад, дотоод харилцаагаа мэд­дэг бай­сан бол Б.Хурцын өмгөө­лөгчтэй холбогдож, ядаж л тухайн улс оронд суугаа Элчин сайд, консулаас мэдээлэл аваад сууж болох байв. Юугаа ч мэдэхгүй нисэх онгоцны буудал дээр гүйж очиж, юу гэж мэдээлэл хийхээ мэдэхгүй тоть шиг хэдэн үгээ давтаад сэтгүүлч­дийн өмнө бүлтэлзээд зогсож байх юм. Ийм дэд сайд гэж байх уу. Амны салиа нь арилаагүй ийм л  залуу­саар сайд, дарга хийлгээд байхаар энэ улс орон чинь юу болох вэ. Монголын төр ийм “но­гоо­ноороо” залуусаас цэвэрших хэрэгтэй бай­на. Монголын ард түмэн Б.Болор гэдэг хүнийг мэ­дэхгүй. Харин тэр Б.Хурцыг суллах ажлын хэсгийн ахлагч болж худал, үнэн нь мэ­дэгдэхгүй зүйл ярьж нэг хэсэг “од” болсон. Энэ л үеэс хэвлэл мэдээл­лээр дамжуулан хагас дутуу ч гэсэн танигдаж эхэлсэн байх. Түүнээс Б.Болор гэж хэн юм бэ. Ингэж шившгээ дэлгэж ажил хийж татвар төлөгчдийн мөнгөөр ца­линждаг хүмүүсээсээ ангижрах болжээ, Ерөнхий сайд С.Батболд оо.

Г.ЯЛГУУН

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих