Д.Ганзориг: Миний залуу нас
Хундага өргөсөн ширээн дээр хуульгүй юм шиг агсарч
Хутга өвөрлөсөн нохдын дунд ч цаазгүй юм шиг цамнаж
Хүүхэн хонгорын зүрхэн дундуур ч хөтөлгөө морьтон шиг давхиж
Хүний орчлонгийн хүрдэнд хөөрцөглөж явлаа. залуу нас минь
Амьдрал зохионо гэж аархаж бас андуурч ч явлаа
Асуултын тэмдэг шиг голд нь махийж ч. тахийж ч үзлээ
Айлын бүсгүйд дурлаад шөнөжин нойргүй хонож ч явлаа
Авсан цалин үгүй халаас хоосон гэлдэрч ч явлаа
Холбоо нуурын эрэг дээр хос морьтой гангарч
Хонгор жаахан алдрайд хайртай хэмээн шивнэж
Хонь хотолсон шөнөөр айлын нохой шуугиулж
Хоёр аралтай тэргэн дээр эр хүн болж ч явлаа
Бор халзан зуутыг гарын салаагаар урсгаж
Боодол боодол мөнгөн дээр цамнаж бас явлаа
Бололцоогүй нэгэн цагт нь зориг шулуудаж
Болох болохгүй зүйлд орооцолдож явлаа
Од шиг залуу нас морин дэл дээр дарцаглаж
Ойворгон гэнэн бодолд минь дэлхий хүртэл багтаж явлаа
Охь нь чангадсан нэрмэлд мансуурч
Орчлонгийн жамыг ч огоорч явлаа
Алдаатай ч гэсэн миний залуу нас
Алтан гадас шиг гялалзаж явсан юм
Тэнэгхэн ч миний залуу нас
Тэвэр дүүрэн сургамж байсан юм
Д.Ганзориг
URL: