Ч.Батзаяа: Дэлхийн хэмжээний хэвлэлд бүтээлээ нийтлүүлж, Монголоо сурталчилдаг
Их Британийн“The Telegraph”, “The Guardian”, “Daily Mail” зэрэг томоохон хэвлэл болон“Yahoo news” сайтад албан ёсны эрхтэйгээр гэрэл зургуудаа нийтлүүлсэн “Аян Трэйвел” компанийн захирал, гэрэл зурагчин Ч.Батзаяатай ярилцлаа. Түүний бүтээлүүдийг www.facebook.com/Ch.BatzayaPhotography цахим хаягаар орж үзэх боломжтой юм.
-Таны авсан шарга азарга болон морьтны зургийг Их Британийн хэд хэдэн хэвлэлд нийтэлсэн нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Та эдгээр бүтээлээ хэзээ, хаана авсан бэ?
-Шарга азарганы зургийг өнгөрсөн сарын арван хэдний их хүйтнээр Хэнтий аймгийн Батноров сумын нутагт хэсэг зурагчны хамт очиж, адууны зураг авах үеэр дарсан юм. Батноров нутгийн адуучид Нахуу баяны нутаг хэмээгдэх Хөхүүрийн хөндий гэдэг газар адуугаа цуглуулж бидний ажилд их тус болсон. Олон азарга адуун дундаас би шарга азаргыг сонгож гэрэл зургийг нь авсан. Тэр үеэр авсан гэрэл зургууд гаднын хэд хэдэн сонин, сайтад фото нийтлэл болон гарсны нэг нь энэ юм. Английн “The Telegraph” сонин “The Picture of the Day” буюу өдрийн онцлох зурагнууд гэдэг буландаа энэ сарын 10-нд “Шарга зүсмийн адууны дэл нь эгээ л хиймэл үстэй мэт сүртэй харагдана. Адууны зургийг Ч.Батзаяа өвөл цагт -40 хэм хүртэл хүйтэрдэг Монголд авчээ” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн. Энэхүү нийтлэлээс улбаалан шарга азарганы зургийг Английн дуучин Ellie Goulding-тэй адилхан байна хэмээн цахим ертөнцөөр шуугиж байна. Мөн үеэр авсан хэд хэдэн гэрэл зураг Монголын ковбойчид гэсэн тайлбартайгаар“Daily Mail” сонинд нийтэлсэн.
-Таны гэрэл зургуудыг ямар шугамаар эдгээр сонин, сайтууд авч нийтэлсэн юм бэ?
-Би гэрэл зургуудаа Английн нэгэн хэвлэлийн агентлагтай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу барууны сонин сэтгүүл, сайтад нийтлүүлдэг.
-Энэ шарга азарга хэн гэдэг малчны адуун сүргийн манлай вэ?
-Шарга азарга бол Батноров сумын дөрөвдүгээр багийн мянгат малчин О.Төмөрбаатар гэдэг хүнийх. Батноров сум манай улсын хамгийн олон адуутай сум төдийгүй Тожил хийцийн эмээл, эдлэл хэрэгслээрээ гайхагддаг. Ер нь Тожил хийц энэ сумтай холбоотой.
-Өмнө нь та ямар бүтээлүүдээ гаднын хэвлэлд нийтлүүлж байв?
-Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаадын 30 гаруй хэвлэлд бүтээлээ нийтлүүлсэн. “Yahoo news”, “The Guardian” зэрэг сая сая уншигчтай дэлхийн хэмжээний хэвлэлд бүтээлээ нийтлүүлсэндээ баяртай байна. Ялангуяа “Бүргэдийн баяр”, “Цаатны амьдрал” зэрэг гэрэл зураг маань гад-нынханд их хүрсэн.
-Таны фэйсбүүкт Монголын байгалийн сэдэвт зураг олон бий.Та эдгээр зургаа гадаадын хэвлэлд нийтлүүлэхээс гадна олон улсын тэмцээн уралдаанд илгээдэг үү?
-Би аялал жуулчлалын“Аян Трэйвел” компанийг удирддаг. Гэрэл зураг бол миний хобби нөгөө талаараа ажилд минь зайлшгүй хэрэгтэй зүйл. Нэгэнт аялал жуулчлалын салбарын хүн учраас Монгол орноо гаднын хүмүүст сурталчлан таниулахын тулд өөрийн боломж бололцоогоороо хувь нэмрээ оруулах юмсан гэж хичээдэг. Гаднын жуулчдын нүдээр харж тэдэнд сонирхолтой, тэдний харж мэдэхийг хүсч байгаа Монгол ахуй амьдрал, нүүдлийн соёлыг харуулсан зургууд түлхүү авахыг хичээдэг.
-Ер нь гадаадынхан манай байгаль, ахуйн сэдвээс гадна ямар зургуудыг сонирхож байна?
-Монголын байгаль үнэхээр сайхан. Энэ сайхан байгальд амьдарч буй монгол хүний ахуй соёл дахин давтагдашгүй өвөрмөц бас гайхалтай. Монгол орон, монголчуудыг бусад улс, үндэстнээс ялган харуулдаг зүйл бол манай нүүдлийн ахуй соёл. Тиймээс Монголын номадизм буюу нүүдлийн давтагдашгүй соёлыг харуулсан гэрэл зургууд гаднынхны сонирхлыг ихээхэн татдаг.
-Нууц биш бол та гэрэл зургуудаа хэрхэн үнэлж худалддаг вэ?
-Зураг худалдахын хувьд би тийм ч сайн бизнесмэн биш. / инээв/
-Танд авсан гэрэл зургуудаасаа онцгойлон үздэг бүтээл бий юү?
-Би авсан бүх гэрэл зурагтаа хайртай. Ер нь зурагчин бүр авсан гэрэл зургуудаа ялгалгүй хайрладаг байх.
-Таны авсан гэрэл зургууд хүмүүст ямар сэтгэгдэл үлдээгээсэй гэж хүсдэг вэ?
-Гэрэл зураг хүний сэтгэлийг татдаг хүчтэй урлаг гэж би боддог. Миний авсан гэрэл зургуудыг үзсэн монгол хүнд эх орноороо бахархах сэтгэл, гаднынханд “Монгол оронд очих юмсан” гэсэн сэтгэгдэл төрөөсэй гэж хүсдэг.
-Гэрэл зурагчинд аливаа зүйлийг харах өөрийн гэсэн өнцөг байдаг. Та ямар өнцөг, мэдрэмжээр зургаа авахыг хичээдэг вэ?
-Би тийм өнцөгтэй гэж хэлэх амаргүй. Хүн гэрэл зураг авах явцдаа өөрийн гэсэн арга барилыг эзэмшдэг. Мөн бусдаас суралцана. Авахыг хүсдэг зургийн сэдэв, санаагаа эрж хайна бас судална. Урьдчилан хар зураг гаргаж төлөвлөнө гээд өөр өөрийн арга барилтай байдаг.
-Та аялал жуулчлалын мэргэжилтэй ч хүсэл сонирхлоороо гэрэл зурагт татагдан оржээ. Гэрэл зураг юугаараа таныг өөртөө соронз шиг татав?
-Гэрэл зурагт татагдан ороход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Би одоогоос арван жилийн өмнө Сахарын цөлд аялахдаа жижиг халаасны камер авч явсан минь гэрэл зураг авах эхлэл болсон. Тэнд авсан гэрэл зургуудыг минь үзсэн франц найз нар “Чамд зураг авах авьяас байна” гэж онгироосноос эхлэлтэй гэх үү дээ. Мөн ажлын хэрэгцээ, шаардлага нөлөөлсөн. Гаднынханд Монголоо таниулан, сурталчлахад сайхан фото хэрэгтэй болсон юм. Сүүлийн үед цахим ертөнц хөгжиж, авсан гэрэл зургуудаа бусадтай хуваалцах боломж бүрдсэнтэй холбоотой. Гэрэл зургуудаа хэнд ч үзүүлэхгүй авдрандаа дардаг байсан бол би гэрэл зурагт ингэтлээ дурлахгүй байсан байх.
-Чанартай бүтээлийг хальсанд үлдээхэд цаг хугацаа хэрэгтэй юү. Эсвэл авсан кадр болгон бүтээл гэж боддог уу?
-Гэрэл зураг болгон үнэ цэнэтэй. Гэрэл зурагчдыг зүгээр л харснаа дараад байдаг гэж ойлгож болохгүй. Цаг хугацаа, мөнгө, бодол санаа зэрэг олон зүйлийн үр дүнд гэрэл зураг бүтдэг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Цаашдаа Монголд ирэх сонирхлыг гаднынханд бий бол гохуйц зургуудыг цуврал нийтлэл болгон гадаадын хэвлэл мэдээллийн байгуулагуудтай хамт ран ажиллах бодол бий.
Х.Эрдэнэзаяа
URL: