Төв цэвэрлэх байгууламжийг 8.1 тэрбумаар засварлана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх тухай хэлэлцсэн юм. Энэ үеэр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар /УСУГ/- ын дэд дарга бөгөөд ерөнхий инженер Б.Батсүхээс дараах зүйлийг тодруулав.
-Төв цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэлтийн хүрээнд ямар ажил хийх талаар тодруулна уу?
-Лагийг усгүйжүүлэх технологийн дамжлагыг нэмэх, ил хатааж буй лагийг үнэргүй болгох, ирж буй усны бохирдлыг бууруулах, цэвэршилтийн төвшинг сайжруулах гэсэн багц ажлыг хийхээр төлөвлөж байна. Гэхдээ байгууламжийн ажлыг нэг цаг ч зогсоохгүйгээр засварлана. Тэндхийн өмхий ил талбайд хатааж байгаа лагаас үнэртдэг. Тиймээс нэн түрүүнд лагийг усгүйжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Тэгэхээр ирэх долдугаар сар гэхэд лагийн үнэр үгүй болно гэсэн үг үү?
-Аль болох яаралтай энэ ажлаа зохион байгуулж хийвэл үнэрийг 70-80 хувь бууруулах боломжтой. Манай ажлын хэсгийнхний хувьд лагийг усгүйжүүлэх технологийг нэвтрүүлэх талд нэг саналтай байгаа. Ер нь бол улсын төсөвт тавьсан 8.1 тэрбум төгрөгт багтааж энэ ажлыг хийнэ.
-Манай цэвэрлэх байгууламжийн лаг бусад газрынхтай харьцуулахад өөр гэдгийг судлаачид хэлсэн. Үүнийг тайлбарлана уу?
-Төв цэвэрлэх байгууламжид ирж буй лагийн шинж чанар Европын болон Азийн бусад орноос арай өөр. Илүү тослог байгаа юм. Гэхдээ тослогийг цааш нь түүхий эд болгон ашиглах бололцоотой.
URL: