З.Энхболд: Оюу толгой Монголын төрийн өмч байх ёстой

Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай шаардлага Засгийн газарт хүргүүлсэн УИХ-ын 20 гишүүн өчигдөр хэвлэлийн хурал хийсэн билээ. Уг хурлын дараа УИХ-ын гишүүн З.Энхболдоос дараахь тодруулгыг авав.

-Энэ хэвлэлийн хурлын үеэр гишүүд болон сэтгүүлчдийн зүгээс нэлээд өөр өөр байр суурь гарч байх шиг байна?

-Шаардлагад гарын үсэг зурсан 20 гишүүн хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурал дээр гишүүд шаардлагынхаа талаар тайлбарласан боловч зарим сэтгүүлчдийн биеэ авч яваа байдал, асууж байгаа асуулт надад таалагдаагүй. Ялангуяа Мөнгөнцэцэг гэдэг танай сэтгүүлч ёс зүйгүй аашилсан. Рио тинто мөнгө өгсөн. Та нар мөнгө өгөхгүй бол хэлж байгаа зүйлсийг чинь гаргахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр мөнгөө төлсөн хүний хэлсэн зүйл гардаг болчихсон юм уу, Өдрийн сонинд. Мөнгөгүй хүмүүсийн дуу хоолойг гаргах шаардлагагүй байх нь ээ.

-Рио тинто үйл ажиллагаагаа сурталчлуулахын тулд л бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй рекламны гэрээ байгуулсан гэдэг талаас нь ярьсан юм биш үү?

-Би Рио тинто шиг мөнгө өгч чадахгүй. Танай сэтгүүлч Рио тинтогийн талд асуултаа асуусан. Төрийн өмчийн хувь нэмэгдээд яах юм, Монголын ард түмэнд ямар хүртээлтэй юм, гишүүд та нар л хулгай хийж идэх гэж байгаа биз гэж асууж байна лээ.. УИХ-ын 57 дугаар тогтоол батлахдаа “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэ гэж заасан. Гэтэл Засгийн газар гэрээ байгуулахдаа 30 жилийн дараа хувь эзэмшлийг ярина гэж оруулсан байсан. Тиймээс бид УИХ-ын тогтоолыг биелүүлж гэрээгээ сайжруул гэсэн шаардлага л тавьж байгаа. Үүнд юу нь болохгүй байгаа юм бэ. Рио тинто мөнгө өгөөд та нарыг ингэж асуу гэж явуулаад байгаа юм уу.

-Монголын талын эзэмших хувь нь 50 болж нэмэгдсэнээр ард түмэнд үнэхээр очиж чадах уу?

-Монголын уул уурхайн төрийн өмчийн бүх хувь Хүний хөгжил санд байгаа шүү дээ. Энэ сан бүгдээрээ монголчуудын өмч. Түүнээс бус УИХ-ын 20 гишүүний өмч биш.

-Гэхдээ Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийн ихэнх нь архины үйлдвэрт хөрөнгө оруулалт болж очдог гэдэг?

-Хүнийхээ ухамсраас л болж байгаа юм. 2.7 сая монголчууд бүгдээрээ архи авч ууж байна гэдэгт би итгэхгүй байна. Архи уух хүн гарна. Тэр бол ойлгомжтой. Архи уудаггүй зөв хүмүүс түүнд нь үрэгдэж болохгүй шүү дээ. Монголын төрийн өмч байснаас Рио тинтогийн өмч байсан нь дээр гэж танай сэтгүүлч хэлж байна лээ. Би бол эсрэг бодолтой байна. Монголын төрийн өмч байх ёстой. Харин тэр төрийн өмчөө зөв явуулдаг Засгийн газартай байх ёстой. 21 мянган төгрөг сайн муугаараа их хэлүүлж байгаа. Энэ бол хүний амьдралд хүрэхээр их мөнгө биш. Гэхдээ энэ мөнгөөр хоолоо авч иддэг олон хүн бий. Монголын байгалийн баялаг яагаад бүгдээрээ Рио тинтогийн өмч байх ёстой юм. Байгалийн баялаг төрийн өмч байж байж ард түмэнд тэгш хуваарилагдаж байдаг. Манай тэр баялаг Риогийнх биш. Риогийн авьяас чадвараас үл хамаарч тэр баялгийн үнэ цэнэ өсч байх, түүнээс илүү авдаг татварыг бий болгосон, 68 хувийн татвар гэж. Дэлхий даяар тийм хөдөлгөөн явж байна. Байгалийн баялгийг олборлоод компьютерийн программ зохиогоод өөрийнхөө толгойгоор мөнгө олж байгаа бол өөр хэрэг. Гэтэл байгалийн баялаг ашигладаг комланиуд нэг их гавьяа байгуулсан юм шиг яваад байх хэрэггүй.

-Гэхдээ та нарын гишүүд Оюу толгойн гэрээг байгуулж байх үед өнөөдрийнх шиг олуулаа сууж байгаад шүүмжлэхгүй яасан юм бэ?

-Эсэргүүцэлгүй яах вэ. УИХ-ын тогтоолын дагуу гэрээ байгуулна гэсэн итгэлтэй байсан. Гэтэл ийм зүйл хийж болохгүй гэж гэрээ байгуулахаас өмнө зөндөө л сануулсан. Гэрээ бараг зургаа, долоон сарын дараа үйлчилж байна. Тэр хооронд ч засаач гэж хэлж байсан. Түүний дараа ч бичиг явуулсаар байсан. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдгийг бүх хэвлэлд авлига өгсөн Рио тинто, гэрээ байгуулсан Засгийн газрын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн 30 жилийн дараа гэж ойлгочихоод түүнийгээ зөв гэж бидэнтэй маргаад байна.

Риогийн захирал нь биднийг цөөнх гэсэн байна лээ. Хэн нь цөөнх, хэн нь олонхи болохыг ирэх сонгуулиар харна. Бидний талд ард түмний олонхи нь байгаа. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдгийг 30 жил гэж ойлгож байгаа УИХ-ын гишүүд, сайд нар, авлига авсан , хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгдээрээ цөөнх болно. 2012 оны сонгуулийн дараа энэ улсад өөр засаг тогтоно. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг үгийг 30 жил гэж мөнгөний хүчээр ойлгоод явж байна. Монголчууд ингэмээргүй байгаа юм.

-Оюу толгой эцэстээ “Эрдэнэт” үйлдвэр шиг эрх баригч намын гол санхүүжүүлэгч болох юм биш биз дээ?

-”Эрдэнэт” үйлдвэрийг яаж ашиглаж байгаа нь бидний л буруу шүү дээ. Буруу зүйл хийсэн хүмүүсээ халж, солиод зөв хийж чадахгүй байгаа нь бидний л буруу. Харин төрийн өмч байсны буруу гэж байхгүй. Ялгаа нь үүнд л байна. Дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэр болох Чилийн Годилко компани 100 хувийн төрийн өмчийн хэлбэрээр байж л байна. Годилкогийнхон муу ажиллаж байна, түүнийгээ Рио тинтод бэлгэлчихье гэдэг Чилийн нэг ч улс төрч, нэг ч сонин байхгүй. Гэтэл та нар өөрсдийнхөө царайг хар.

Ж.Гэгээ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих