Хоёрдугаар сарын бодлууд
Амраглалдаа үнэнч азарган чонын сэрвээ цантай
Асгат уулс мөнгөн цасны гэгээтэй
Өвлийн шөнийн оддыг цэнхэр торгон хөнжилөөр хулдаж
Өндөр цагаан хунгарыг сэтгэлийнхээ илчээр хайлуулмаар
Тунамал эрдэнийн орчлонг хэн бүтээснийг мэдэж
Тунгалагхан горхины чимээ хэдэн нотоор эгшиглэгдэгийг сонсмоор
Хоёрдугаар сарын бодлууд минь хөнгөн гэгэлзээтэй
Холоос ирэх салхин аялгуутай
Хуучин модон сандалаас дурлалын дурсамжаа хайх шиг
Хувь дутуу анхны хайраа дуу болгон дуулна
Тамхины минь утаа хөх унар болон сарних нь
Танихгүй бүсгүй зөрөөд өнгөрөх шиг
Тэнгэрийн заадас дагаж өнчин саран алхах нь
Тэнд хайрын ертөнц байдаггүй юм шиг
Хоёрдугаар сарын бодлууд минь нэг л нандин зөнтэй
Хос бөгжнийхөө өрөөсөнг олсон мэт догдлолтой
Өр зүрхний минь гүнд өнжих бүсгүйг өдөржин хүлээх шиг гэгэлзээтэй
Өөрт минь оногдоогүй жаргал ирээдүйгээс ирэх шиг совинтой
Нууж л хайрлах цагаан зүүдний минь ертөнцөөс
Нуураа хайсан өнчин шувуу нисэх шиг шаналантай
Хоёрдугаар сарын бодлуул минь хорвоог аргадсан хүсэлтэй
Хоног өдрүүдийг бугуйлын сур шиг эвхсэн хүлээлттэй…
URL: