Гахай Ганбаа
Гахай Ганбаагийн гэрт онцгой байдал тогтоод хорин дөрвөн цаг өнгөрч байна. Гол буруутан Ганбаа урлан хэмээх сүржин нэртэй даржин амбаартаа орж бүгээд нэг өдөр болов. Гахай Ганбаа гэхээр уншигч Та хотын хулигаан мэт эндүүрч, онцгой байдал гэхээр тэдний гэр орон малын гоц халдварт өвчин юм уу байгалийн гамшигт нэрвэгдсэн гэж бүү санаарай. Ганбаа маань болдоггүй хүн ч биш социализмын төгсгөл үед боловсрол эзэмшсэн зураач. Ганбаагийн эхнэр Дэнсмаа авааль нөхрөө ичээнээс нь гаргах гэж уйлж нэг, дуулж нэг үзээд, эцэс сүүлдээ гэрийн хаяанд аргал хомоол түлж утах гэж нэг оролдоод тусыг эс олов. Алгын чинээ жижиг цонхоор нь шагайваас ханийх нь бараа үл харагдана. Тэрсхэн өссөн хоёр хүү нь дайны хажуугаар дажин гэгчлэн тэрүүгээр нэг орилолдон, ийш тийш томоогүйтэн гүйж, усан буугаар аавынхаа амбаар луу гал нээн, үлдсэн хомоолоор бөмбөгдөж, эсрэг талыг шахан гаргах гэсэн ажиллагааг нэгмөсөн маазруулж орхижээ. Урьд өглөө нь Ганбаа гэр орныхоо бүхэл бүтэн таван жилийн хуримтлал болох долоон сая төгрөгийг цүнхэлж,амьдралдаа анх удаа хөл залгуулах унаа авах онцгой даалгавартай гарсан юмсанж. Ямар машин авахыг эхнэр нь товлож, үнэ өртөгийг хэлэлцэн ярьсан тул эр нөхөр зөвхөн чейнж залуугийн гэрт очин мөнгийг тоо ёсоор нь хүлээлгэн өгөөд, машинаа барьж ирэх ёстой байлаа. Харин Ганбаа багын найз Боролзойг хань татахаар шийдэн, түүний ойрын арваад хоног толгой хоргодоод байгаа хашаагаар орсон нь байдлыг огцом эргүүлжээ. Боролзойн оромжноос нойр үнэртэн, багын найз бүхлээрээ унтжээ. Улаан нүдээ ухан дургүйхэн сэрсэн Боролзой дээш харан хэсэг хэвтсэнээ “Чамд мөнгө байна уу?” гэж сааралтсан хоолойгоор асуухад Ганбаа толгой сэгсрэв. Үнэндээ түүнд машин авахаас өөр бэл бэнчин байсангүй. Боролзой: “Сүүлийн гурав хоног ерөөсөө нойр хүрдэггүй, муу бондгор хүүгээ санаад балрахнээ” гээд хана руу харахад, Ганбаа найзыгаа өрөвдөн “Хоол унд идэж байна уу? Хөгшин нь цай чанаж өгөх үү?” гэж асуув. Боролзой : “Хоол унд ч яамай, хэдэн хоног архи ууж байгаад үхэж далд ороод энэ муу Янжмаагийнхаа санааг амраагаад өгье” гээд орон дээрээ явган суун, эрхий нь цоорхой оймсоо оролдлоо.
“Гахай” умгар гэрийг нэгэнтээ тойруулж хараад, түлээний савнаас мод авч зууханд хийн гал асаав. Цай халахаар нь аягалаж өгөөд, “Миний найз ер нь юу болоод байгаа юм бэ?” хэмээн асуухад Боролзой толгойгоо хоёр гараараа тэврэн, “Хүмүүс урлаг ойлгохгүй байж болно, хүний эхнэр ханиа ойлгох ёстой биз дээ?” гээд норсон нүдээр анд нөхрөө ширтэнэ.
-Тэгээд яг яачихаад байгаа юм бэ?
-Ар гэрийн амьдрал хэцүү байхад аяганы нэмэргүй гэж авгай намайг хэлэхэд би дуугуй л байсан. Дараа нь хадам ээж ирээд хүнд хэрэгтэй ажил хийгээч ээ, хүү чинь удахгүй сургуульд орох нь гэхэд бас юу ч хэлээгүй. Харин сая ам зөрөхөд Янжмаа намайг ёстой муухайгаар доромжилдог байна ш дээ, гээд Боролзой хүдэр гарт нь өчүүхэн харагдах аягаа атган өнчин нулимсаа хүүхэд шиг арчжээ.
- Яасан, салж сарнина гэсэн үү? Эсвэл өөр хүнтэй болчихож үү?
- Үгүй бүр дор.
Боролзой чичирсэн хоолойгоор ийнхүү хэлээд цайгаа томхон балган доош ширтлээ. Ганбаагийн дотор харлан найзыгаа юу гэхийг хүлээн, хүрмээ тайлав. “Амьдралд нэмэргүй гэж эр хүнийг хэлэхээс өөр юу тийм гомдохоор байх билээ” гэсэн шиг гайхан суутал, Боролзой гэнэт “намайг уран бүтээлгүй уран бүтээлч гэдэг байна ш дээ” хэмээн хашгирах шахам хэлээд гашуун нулимсаа асгаруулж орхилоо. “Эр хүн уйлах ёсгүй” хэмээн бат итгэсэн Ганбаа юу хэлж, яах ёстойгоо үл ойлгон бүлтгэнэснээ хүрмээ дуугуйхан өмсөөд гадагш гарлаа. Тун удахгүй тэрбээр хоёр торонд архи дарс, жаахан хүнс хийсээр ирэв.
…Ганбаа уг нь архи дарс уудаггүй тохьтой нэгэн билээ. Ихэнх зураачдыг бодвол тэрээр гуч наслатлаа тоотой хэдэн удаа сархадтай нөхөрлөж үзсэн хүн аж. Анх дүрслэх урлагийн сургуулийн төгсөлтийн үдэшлэгэн дээр архи ууж тасарсан Ганбаа адилхан халамцсан багшийнхаа машины түлхүүрийг яаж ч юм бүү мэд гуйж авчихаад ангийхаа охиныг хаа байсан Орбит хүргэж өгчээ. Эцгийнхээ машины кабинд өсөх шахсан ч, өөрөө хэзээ ч машин жолоодож үзээгүй мань эр дараах өдөр архи нь гарсан хойно багшийнхаа унааг буцаан хүргэж чадахгүй аавыгаа гуйн эрүүний шөл ууж билээ. Түүний Гахай Ганбаа гэдэг нэр ч бас архитай холбоотой…
Ганбаагийн хамгийн том аз жаргал амссан нь түүний анхны хүү төрсөн өдөр. Хөл нь газар үл хүртэл догдолсон Ганбаа чинээлэг нэгэнд монгол уран бичлэг хийж өгсний шанд нэлээд хэдэн төгрөг халааслаж, тэр чигтээ төрөх рүү харайлган, эхнэртээ аяга шөл, дөнгөж мэндэлсэн хүүдээ өлгий хүргэж өгчихөөд багын найз Боролзойтойгоо уулзан баяр хөөрөө хуваалцсан аж. Аз жаргалыг архитай хольж тасартлаа хүртсэн тэрээр харих замдаа ойрын хэдэн өдөр тэдний гудам хавиар холхих болсон тооройг гэнэт сүрхий өрөвдөн хашаандаа оруулан хоолложээ. Хоолложээ ч гэж маргааш өглөө сэрэхэд тооройтой нэг дээвэр дор унтсанаа мэдэж, хүний юм хумсалсан хэрэгт орохвий хэмээн ихэд сандран, болж өнгөрсөн явдлын талаар тэр даруй хэсгийн цагдаад өчжээ. Харамсалтай нь тооройн эзэн тодроогүй бөгөөд Ганбаа хашаандаа “гахайн тоорой алдсан хүн яаралтай холбоо барина уу” гэсэн зарлал хадаж, түүнээс хойш Гахай Ганбаа хэмээх хочтой болсон юм. Хожим тоорой томорч, үлэмж царай орон том мэгж болсон ч Ганбаа хаяа тохиох өлмөн өдрүүдэд ч түүнийг хоол болгон харж байгаагүй гэнэ. Жолооч аавын бүхээгт хүн болж, хэцүү цагт хар болсон өвөг эцгээрээ шөнө орой төвд хийгээд уйгаржин бичиг заалгасан зураач залуу монгол бичиг гэнэт моодонд орсны ачаар сүүлийн хэдэн жил хийх ажилтай болж, хөл дүүжлэх унаа авахаар жолооны күрст орон, шалгалт шүүлгээ ч торох юмгүй өгчээ.
…Ганбаагийн авчирсан сархадаас хурдтайхан хүртсэн Боролзойн нүүрээр цус гүйж, сүүмийсэн нүд нь гэгээ орлоо.
-Уран бүтээлчийн зовлонг энгийн хүн яаж ойлгох юм бэ, тийм ээ? Би Янжмаад Эрээнээс тийм юм авчирч ингэж зар гэж заадаггүй биз дээ? Рембрандт эцэс сүүлдээ үгэйгүйрэн үхэж, булш нь олдоогүй биз дээ? Ван Гог гутарсандаа архидсаар дууссан. Поль Гоген Таити арал руу зугатсан бол би энэ Монгол гэрт бүтээлээ цаашид туурвина.Биднийг хөндлөнгийн хүмүүс амьд сэрүүнд минь даан ч ойлгон үнэлэхгүй л дээ.
-Ийм ерөөлгүй юм ярьж яахав. Миний найз тайвшир. Амьдрал тэгширч л таараа.
-Үгүй ээ. Би шийдээ нэгэнт гаргасан. Чи энэ цаасыг хардаа.
Боролзой хүүхдийн тоо бичгийн дэвтрийн үнгэгдсэн хуудсыг Ганбаад сарвайв. Түүн дээр нэлээн замбараагүй бичгээр: Гэрээслэл. Гэрэлхvv овогтой Боролзой миний бие сэтгэл санааны асар их дарамт, хөндлөнгийн хүмүүсийн хүйтэн цэвдэг ааш араншингаас болж энэ хорвоогийн мөнх бусыг үзвээс, миний энэ насандаа бүтээсэн бүх уран зураг нь багын анд Цэрэнжавын Ганбатад бүрмөсөн гэрээслэгдэн үлдэнэ гэж сараачсан байв. Бас болоогүй гарын үсгийнх нь орчим нулимсны бололтой сэжиг бүхий ул мөр үзэгдэнэ.
Ганбаа ганц үг дуугарсангүй, шүүгээнээс өөртөө аяга авч дүүртэл нь архи хийгээд, нэг амьсгаагаар хөнтөрч орхиод, араас нь зүсэм хиам илгээв.
Хоёр найз элдвийг удтал хөөрч, сүүлдээ үг аяийг үнэнд хамгийн их дөхүүлж чадах “Аяны шувуудыг” гурвантаа дууллаа.
Боролзой нэлээд халамцсан бололтой, “Дүрслэхэд сурч байхдаа хэдэн төргөг олохын тулд талийгчдын чулуу цохидог байсныг санаж байна уу? Тэгэхэд хоёулаа сургуулиа төгсчихөөд том зураач болно, үзэсгэлэнгээ гаргаж, эхнэр хүүхдээ урина гэж мөрөөддөг байлаа шүү дээ. Гэтэл босоход толгой тулам энэ муу бор гэрт архи ууж, хиам идэж байдаг. Бодоод бодоод бодын шир дөрөв юмдаа” хэмээн үглэсээр төмөр орон дээрээ буцаад өнхрөөд өгөв.
Ганбаа хөлчүүхэн зүүдэндээ үл ойлгогдох зүйл бувтнах найзыгаа хэсэг харж сууснаа өгсөн “гэрээслэл”-ийнх нь ард “Миний найз тэнэгэр амьдрах таван ханатай танан цагаан гэр худалдаж аваарай. Чи минь сайхан амьдрах ёстой” гэж бичээд цүнхтэй мөнгөө дэрнийх нь хажууд ивэж тавиад гарч одов.
Дэнсмаа гэртээ орж хоёр хүүдээ хоол хийж өгчихөөд ширээний ард элдвийг бодон сууна. Өчигдөр орой машинаа худалдаж аваад ирэх ёстой нөхөр нь хашаагаар чимээгүйхэн гэтэж ороод урлангаа тас түгжин, янз бүрийн зүйлээр хаалгыг нь түшүүлэн тавих чимээг сонсмогц байдал бишгүйдсэнийг тэр гадарлажээ. Мөнгөө алга хийсэн, эсвэл дээрэмдүүлсэн бол цагдаа шүүх болмоор юм. Юу гээч нь болдог байна аа? Өглөө цүнхтэй мөнгө өгч явуулахад л нэг муу совин татаад байсан юм гэж дотроо зовнино.
Үг дуу цөөтэй, сэтгэлийн хөдлөл тун бага энэ эртэй ханилаад арван жил болжээ. Нөмөр нөөлгөтэй, элдэв асуудал гаргадаггүй, хоол олдвол идчихээд хувцас байвал өмсчихдөг хүн сэн. Хүүхдүүдтэйгээ үе тэнгийн юм шиг тоглож, хааяа эхнэртээ хангинуулна. Сая хурим хийсний арван жилийн ойгоор бас л зэмлүүлсэн. Тэр өдөр Дэнсмаа нөхөртөө сайхан монгол дээл, дурдан бүс төхөөрөөд, эртхэн харьж бууз чимхэн битүүхэн хүлээсэн юм. Ганбаа удалгүй гаднаас ирсэн ч гэрээрээ шагайлгүй гахайгаа хооллочихоод урландаа ороод сураггүй болжээ. Нөхөр нь хуримын өдөр тохиож буйг мартаж гэдгийг ойлгосон Дэнсмаа хэдэн цаг тэссэний эцэст түүнийг “хоолоо ид” хэмээн уцаартайхан дуудахад Ганбаа сая чимээгүй орж ирээд ханан дээр нэгэн юм хадаж тогтоолоо. Харанхуй шөнө хана нүдэж хавь ойрынхны дургуйг хүргэлээ гэж нөхрийгээ загнаж гарсан Дэнсмаа өлгөсөн зургийг хармагц өөрийн эрхгүй дуу алдсан юм. Гоёмсог бор хүрээтэй бичээсэн дээр “Ирэх насандаа ч чамд дурлана” хэмээх шүлгийг алтан өнгөтэй монгол үсгээр дэндүү тансаг таталсан байж билээ..
Алаг нүднээс чинь гунигийг олж харлаа
Аз эзийн дэнсийг эргэцүүлэнхэн санаа юу
Дэндүү дассан хайр надаас нэгийг асууж
Дэргэд эрхлэх заяаг нэхэх гэсэн болов уу
Алиа хөөрхөн ааш чинь ойрдоо нэг л өөр
Алаг хорвоон үнэн аль вэ хэмээн шаналаа юу
Үйлийн үрт хайр надад нэгийг өгүүлж
Үргэлж хамт явахыг амлана гэж хүлээв үү
Ариун хайранд чинь ууссан нь үнэн
Ахиж надаар хайртай гэж бүү хэлүүл
Эцсийн амьсгал хүртэл хайрлана
Ирэх насандаа ч бас чамд дурлана гэсэн энэ шүлгийг Дэнсмаа тэр дор нь цээжилсэн юм. Тун удахгүй сахилгагүй хоёр хүү нь сарнай цэцгийн баглаа, амтат бялуу барьсаар гүйлдэн орж ирж, аав хүү гурав ээждээ баяр хүргэсэн тэр үдэш гайхамшигт сайхан гэрэл гэр орныг нь дүүргэснийг Дэнсмаа нүдийг нь бүрхэх нулимсны цаанаас олж харсан.
Дэнсмаа эсрэг талын хананд өлгөөстөй шүлгийг хараад, ямар ч байсан миний нөхөр мөнгөө элдэв дэмий зүйлд үрэх ёсгүй. Нэг л юм болсон байж таараа хэмээн яаран гарлаа.
Бүсгүй, “Миний хөгшөөн. Одоо гарах болоогүй юу? Бие чинь зүгээр үү? Өлсөж байгаа байлгүй. Ядаж гарч ирээд бие засаач. Тэр хэдэн төгрөг яах вэ, учир нь олдох байлгүй” хэмээн аргадахад ашгүй амбаарны хаалгыг тулж тавьсан ширээ, гэрийн тооныг холдуулж буй чимээ гарлаа. Үүд онгойход эхлээд гахай, дараа нь Ганбаа шилээ маажин гарч ирэхэд хэн нэгэн хашааны хаалга цохино. Дэнсмаа эр нөхрөө өрөвдөн тосч, тэр хоёр гар гараасаа барин хэсэгхэн зуур зогссоноо хамт очин хаалгаа тайлтал, Янжмаа харагдав. Цаана нь нэлээд зайтай цүнхтэй юм барьсан Боролзойн бараа сүүмийнэ. Одод ер бусын тод гялалзах тэр шөнийн тэнгэр дор эгэл дөрвөн хүн хэсэг тэврэлдэн уйлалдсан юм.
URL: