Цэц цэцэн байж чадсан бол…
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн 25 жилийн хугацаанд үнэнч шударгаар ажиллаж чадсан уу. Цэцийн шийдвэрүүд цэцэн байж байгаа оносон нь хэд билээ. Цэц шүүх мөн үү, цэцийн гишүүд шүүгчид үү, эсвэл…Цэц ер нь ямар үүрэгтэй байгууллага вэ. Алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээдэг үү. Сүүлийн үед өрнөж буй Үндсэн хуулийн цэцтэй холбоотой маргаан, энэ байгууллага УИХ хоёрын хооронд үүссэн дажингаас эдгээр асуулт ургаж байгаа юм. Харамсалтай нь Цэц манах ёстой Үндсэн хуулиа мартаж, энэ хуулиар олгогдсон ард түмний эрхийг хамгаалах үүргээ авлигын золиос болгосон гэсэн шүүмжлэлүүд түлхүү сонсогддог. 2000 оноос,түүнээс ч өмнөөс ийм хэл ам тасраагүй. Эрх баригчид “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг Үндсэн хуульд шургуулсны дараахан буюу 2000 оны гуравдугаар сарын 15-нд Цэц хуралдаж, хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл хүчингүй шийдвэр нь хэрэгжиж, Цэц ус балгасан мэт 15 жил явж ирэв. Цэцийн шийдвэр эцсийн байна гэсэн хуулийн заалтаа өөрсдөө ийнхүү үгүйсгэсэн. Үндсэн хуулийн манаач биш эрх баригчдын үйлчлэгч л ийм байх биз. Үндсэн хуулийн цэц 100 хувиас 60-70 хувьд нь сайн, үлдсэн 30-40 хувьд нь муу ажилласан байлаа гэхэд сайн нь илүү, муу нь бага байна гэж тайвширч болохгүй байгууллага. Өөрөөр хэлбэл, тэдэнд ийм байх эрх байхгүй. Учир нь ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой зохицуулагч нар шүү дээ. Төрийн институц, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар, Дээд шүүх, түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд иргэдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хамгаалж байх ёстой газар нь. Улс орон урагштай байж, ард түмэн жаргалтай амьдрах нь тэдний хариуцлагаас шалтгаална. Тэгвэл өнгөрсөн 25 жилийн хугацаан дахь улс орны урагшгүй явдлууд, иргэдийн эрх зөрчигдсөн, монгол хүний амь нас үнэгүйдсэн явдлууд Үндсэн хуулийн цэцийн улстөржилт, унхиагүй байдалтай л шууд холбоотой. Уг нь хориг тавьдаг, түдгэлзүүлдэг шийдвэрээ өөрсдийнхөө эрх мэдэл, сандал ширээг хамгаалахад биш өөр зүйлд, тухайлбал байсхийгээд сайд огцруулдаг улс төрийн увиагүй үйлдэл, Ерөнхий сайдаа татаж унагадаг фракцийн хорны эсрэг хэрэглэсэн бол өөр байхсан. Ерөнхий сайд огцруулах тухай бүрт Цэц дүгнэлтээ гаргаж байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт бий. Үүнийгээ нэг удаа ч гэсэн хэрэглэсэн бил үү. Үгүй. Тэгвэл одоо ч тийм байгаа. Дээр нь Цэц аливаа асуудлыг шийдэхдээ бус эрх мэдэл, ширээ сандалтайгаа зууралдахдаа л цэцэн ажээ. Ийм дүр төрх дээгүүр шидэлцэж буй бичиг цааснаас өгсүүлээд хоорондоо толхилцож буй хэрүүл хэлцлээс нь харагдана.
З.Энхболд:
Ц.Нямдорж гишүүн, Г.Уянга, Д.Ганбат гишүүний ажлын хэсэг шалгаж үзээд, Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш “Лексус 570” машин байгааг олж илрүүлсэн.
“Эксель”-тэй иргэд: Үндсэн хуулийг зарж идэхээ боль
Д.Тэрбишдагва:Цэцийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах юм бий.
Х.Тэмүүжин:Цэц хаалттай учраас улс төрийнбохир захиалгатай шийдвэрүүдийг яаж л бол яаж гаргадаг орчин бүрдэж байна.
Д.Ламжав:Бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байхад Цэцийн гишүүнээс татах утга агуулгатай заалтууд байна.
П.Цагаан:Шударга шүүхийн төлөө үйл хэргийг ухраах ёсгүй. Ухраавал нийгмээрээ хохирно.
Ж.Амарсанаа:Би Монгол Улсын дөрөвдүгээр хүн. Дөрөвдүгээр хүн “Эксель” унах юм уу. Туулах чадвар сайтай машин унах ёстой.
Ж.Батзандан:Цэцийн тухай хуулийг өөрчилж, боловсон хүчнийх нь хувьд, процессийнх нь хувьд ч шинээр эргэн харах цаг болсон.
Д.Дэмбэрэл:Цэцийн тухай хуулийг бүхэлд нь авч үзэх нь зөв.
Өнөөдрийн сэдэв болоод буй Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталж, Цэц дунд суудлын хуралдаанаараа түдгэлзүүлсэнтэй холбоотой маргаан бол шинэ сэдэв биш. Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарснаас эхлээд сүүлийн хоёр жил өрнөсөн толхилцоон ч бус. Зарим хүний үзэж байгаачлан наанадаж 2012 онд АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн цэцийг ард түмний эрхийг хамгаалдаг Ард түмний шүүх болгож хөгжүүлнэ гэсэнтэй, цаанадаж 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн шүүхийн шинэчлэл, Төрийн тэргүүний зөвлөх П.Цагааны “Шударга шүүхийн төлөө үйл хэргийг ухраах ёсгүй. Ухраавал нийгмээрээ хохирно” гэсэн ухуулгатай ямар нэгэн сэжмээр холбоотой гэх нь бий. Гэвч аль аль нь анхнаасаа шударга байгаагүй цэц хэмээх цэцэн биш “хүүхэлдэй”-г номд нь оруулах гэсэн “ногт” гэж харагдахгүй байгаа. Харин тайзны ардах үйл явдлаас харвал УИХ, Засгийн газар хоорондоо сүрхий зөрчилдсөнд учир шалтгаан нь байгаа гэлцэнэ. Угтаа тэр нь УИХ, Засгийн газар ч биш нам доторх бүлэглэл, фракцийн зөрчил тэмцэл тогооноосоо халиад Цэц рүү чиглэж, бүр улайрч байна гэж ХҮН-ын дарга С.Ганбаатар өчигдөрхөн мэдэгдсэн. Тэгвэл түүний мэдэгдлийг “магадгүй” хэмээн түр зөвшөөрсөн, магад үнэн гэдэг талыг барьсан нь олонх байгааг сошиал ертөнцөөс харж болно. Ер нь юу болоод байна вэ гэвэл, өнгөрсөн намар Засгийн газраас Үндсэн хуулийн цэцэд ойн баяр тэмдэглэхэд нь зориулан 330 сая төгрөг шилжүүлж, даргад нь 195 сая төгрөгөөр Lexus-570 машин авч өгч шуугиулснаар улстөржсөн жүжиг хөшгөө анх сөхсөн. Тэр нь Ерөнхий сайдын суудлыг ганхуулж, улмаар Засгийн газрын гишүүн, сайдыг огцруулах ээлжит марафоны үетэй давхцаж бөөн шуугиан дэгдээсэн. Г.Уянга, Д.Ганбат, Ц.Нямдорж тэргүүтэй ажлын хэсэг түүнийг нь шалгаад “Энэхүү угсраа үйл ажиллагаа нь Цэцийн шийдвэр гаргахад нөлөөлөх зорилготой байсан. Цэц түүнд нь хөтлөгдсөн. Бусармаг үйл ажиллагаа явуулахад оролцсон этгээдүүдэд хариуцлага тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулахад УИХ-ын дарга З.Энхболд “Ажлын хэсэг шалгаж үзээд, Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш “Лексус 570” машин байгааг олж илрүүлсэн. УИХ нэг талдаа байна шүү” гэсэн бол Д.Тэрбишдагва гишүүн “Цэцийн явуулж байгаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах юм бий”-г сануулж, Ж.Батзандан “Цэцийн тухай хуулийг өөрчилж, боловсон хүчнийх нь хувьд, процессийнх нь хувьд ч шинээр эргэн харах цаг болсон” , Д.Дэмбэрэл гишүүн “Цэцийн тухай хуулийг бүхэлд нь авч үзэх нь зөв” гэдгийг хэлсэн. Түүнчлэн Цэц авлига авдаг болсныг олон гишүүн шүүмжилсний зэрэгцээ Ө.Энхтүвшин гишүүн цэц захиалгатай шийдвэр гаргадаг хэмээн хардаж, АТГ-аар шалгуулъя гэж байв. Дараахан нь цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох, цэцийн гишүүн хууль зөрчсөнийг шүүхээр биш “эрх бүхий байгууллага”-аас тогтоосон бол эргүүлэн татдаг байх, Цэцийн гишүүн тусгай санал гаргаж болох, хуралдааны тэмдэглэл нээлттэй байх, Цэцийн гишүүний насыг 65-аар хязгаарлах гэхчлэн заалтууд бүхий “Хэрүүлийн алим” болоод буй Цэцтэй холбоотой хуулиуд УИХ-д орж ирсэн. Хуулийг хэлэлцэж, батлаагүй байхад Цэцийн даргаас наадах чинь Үндсэн хууль зөрчиж байна. Тиймээс баталсан өдрөөс хэрэгжих боломжгүй гэсэн утгатай бичиг илгээж, УИХ-аас хариуд нь Цэцийн даргыг хууль зөрчсөн тул огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Цэцийн дарга Ж.Амарсанаа ч мөчөөгөө өгөөгүй. Хэвлэлийн хурал зарласны зэрэгцээ “Гүүрний цаанаас хурлаа хойшлуул гээд байна” хэмээн мэдэгдээд, УИХ өөрийг нь огцруулах гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж, Цэцийн гишүүний эрхэнд халдан нөлөөлөх гэсэн оролдлого. Нөгөө талаар, цэцийг даргагүй болгож, дуугүй суулгах санаархал. Цэц рүү чулуу шидчихээд цаанаа өөр зүйл сэдэж хийж байгаа гэхчлэн байр сууриа илэрхийлсэн. Засгийн газраас авлигад авсан хэмээн хэл ам болоод байгаа Lexus-570 машиныхаа талаар ч дуугүй байгаагүй. “Би Монгол Улсын дөрөвдүгээр хүн. Дөрөвдүгээр хүн эксель унах юм уу. Туулах чадвар сайтай машин унах ёстой” гэсэн. Энэ бүхний эцэст Цэц дунд суудлын хуралдаан зарлан Цэцийн тухай хуулиуд нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байх зарчмыг зөрчсөн, түүнчлэн хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэр гаргасан. УИХ, ҮХЦ-ийн хооронд ил өрнөж буй тулаан энэ. Далд утгыг нь С.Ганбаатар гишүүн хэлснийг дээр дурдсан. Бас нэг зүйл бол Цэц хэмээх хязгааргүй эрх мэдэлтэй байгууллагыг хариуцлагажуулах гэсэн нь ийм тэмцэлтэй тулав. Бас Цэц өнгөрсөн хугацаанд халдашгүй байдлаа хамгаалж байна гээд өөрсдөдөө зориулж хуулийн төслөө бэлдээд Их хурлаар батлуулж дураараа дургиж ирсэн байна. Нөгөө талаар УИХ ч гэсэн өмгөөлөөд байх юмгүй, ямар нэгэн улстөржсөн “хазаар” бэлдсэн ч юм бил үү хэн мэдлээ. Тэрийг хуульчид л хэлэх байх. Ямартай ч Үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийн маргааныг авч хэлэлцэхгүй атлаа хууль ямар байхыг шийдэх гэдэг улс төрийн институци болоод сууж байгаа нь тодорхой бөгөөд ойлгомжтой байгаа юм. Бас сандал ширээтэйгээ зууралдаастай байгаа нь ч төвөггүй ойлгогдоно. Мөн Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Цэцийн ажиллаж буй арга барил хаалттай байгаа. Хаалттай учраас улс төрийн бохир захиалгатай шийдвэрүүдийг яаж л бол яаж гаргадаг орчин бүрдэж байна” гэснийг ч Цэцийнхэн үг хэл, үйл хөдлөлөөрөө батлаад өгчихлөө. Энэ бүхнээс Цэц хэмээх хаалттай газар юу хийж байдгийг огт мэддэггүй, сонирхдоггүй байсан эгэл жирийн иргэд хөдөлгөөнд орсныг бас харж болно. Тухайлбал, “Эксель” машинтай иргэд Цэцийн гадаа жагсч “Иргэдийг талцуулж, ялгаварлан гадуурхахаа боль”, “Үндсэн хуулийг зарж идэхээ боль”, “Лексус-570” бэлгэнд авч, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаснаа тайлбарла”, “Үндсэн хууль зөрчихөө боль”, “Ипотекийн зээлийг зогсоосон хариуцлагаа хүлээ”, “Албан тушаалаа өг”, “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш ард түмэн байдаг юм” гэхчлэн шаардав. Энэ бүхэн Цэц өнгөрсөн хугацаанд цэцэн байж чадаагүйд тавьсан дүн. Цэц захиалгаар шийдвэр гаргалаа, хэн нэгэнд, аль нэг намд үйлчиллээ гэсэн шүүмжлэлүүд ийнхүү нотлогдлоо. Цэц цэцэн байж чадсан бол…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
зүйтэй , хэдэн тэтгэвэрийн болоод ял завшигч нарыг эргүүлэн татах цаг нь яг одоо шүү……………..арай л дэндэж бна даа……………..