Экселийн үнэтэй “Үндсэн хууль”

10431700_1016814205053204_5712496800736247655_n

Сар шинийн баяр нижгэр болж өнгөрлөө. Л. Гүндалайн “Хит дуу”, гурав болон дөрөвдэх ерөнхийлөгчийн “Хөөрөг зөрүүлэх мөч” гээд цагаан сарын ярианы сэдэв ч чамгүй байв.

Яриан дунд бас нэг “Эксель” машины тухай яриа айргийн тав хавьцаа цохиж явна. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж. Амарсанаа гэгч цамаан нөхөр эксель унахгүй гэж хэлснээс л үүдсэн юмдаг. Ерөнхийдөө тэр нөхөр огцорвол таарна л гэнэ.

Гэвч цахим ертөнцөөр битүү тараагдаж буй “Эксель” хэмээх хөшигний цаана Үндсэн хуулийн “Эрх мэдэл салингад байх” (seperation of power) ардчиллын алтан зарчим хөндөгдөж байгааг бид анзаарахгүй л байх шиг.

Ж. Амарсанаа гэдэг нөхөр Эксель унана уу? Lexus 570 хөлөглөнө үү? Пад алга! Харин ардчиллын тулгуур зарчмууд нэг алдагдаад эхлэвэл нэг хөдөлсөн чулуу эргэж байраа олтлоо долоо өнхөрдөг гэдэг шиг 25 жил хайр зарлаж, бэхжүүлэх гэж зовсон АРДЧИЛАЛД ноцтой аюул учирна.

Ардчилал бол товчхондоо эрх мэдэл хэт цөөнхөд төвлөрөхийг л эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр шүү дээ. МЭӨ 508-507 онд Грект үүсэхдээ ч, Европт ардчиллын суурийг тавьсан гэдэг 1789 оны Францын хувьсгал ч үүний л төлөө байсан. 1992 оны Монгол улсын Үндсэн хуулийн гол үзэл санаа ч үүнд оршиж байсныг бид мэднэ.

Эрх мэдлийн бөөгнөрлийг зохицуулахын тулд үндсэн хуулиар Шүүх, Гүйцэтгэх, Хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг ангилж, бие биесээ хараат бус салангид байх зарчмыг үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн байдаг.

Үндсэн хуулийн аюулгүй байдлыг дэлхийн дийлэнх улс орнуудад дээд шүүх, манайд бүр Үндсэн хуулийн цэц хэмээх тусдаа субьект сахин хамгаалдаг. Тийм ч учраас бид Үндсэн хуулийн шүүх хэмээн нэрийдэж, дээр нь зөвхөн хөх тэнгэр байдаг гэж итгэсээр ирсэн.

Шударга ёс гэдэг товчхондоо хараат бус шүүх аж. Тиймээс ч уг нь цэцийн гишүүд 100% мэргэжлийн хуульчид байх ёстой. Харин манайд эсрэгээрээ карьераа дуусгасан улс төрчдийн орогнох газар болсон нь энэ цагийн эмгэнэл гэхээс яахав. Цаашид цэцийн гишүүн “Улс төрийн болон хуулийн өндөр мэргэжилтэй” гэдэг шалгуурын улс төрийн гэдэг үгийг авч хаях ёстой биз.

Гэхдээ өнөөдрийн цэц бядгүй байлаа гээд хянуулах ёстой парламент нь хууль гаргаж, бүрэн эрх нь дуусаагүй Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг тэтгэвэрт гаргах үндэслэлээр бүрэн эрхэд нь халдна гэдэг бол эрх мэдэл салангид байх зарчмыг зөрчиж буй туйлын ноцтой үйлдэл юм. Ийм жишиг цаашид тогтвол бид эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим гэж цаашид яриад хэрэггүй биз.

Дэлхийн улс орнуудад ч төслөг тохиолдлууд гарч байсныг дурдах нь зүйтэй. АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Фрэнклин Д.Рузвельт 1933-1945 оны хооронд Их хямралыг удирдсан түүхэн улс төрчдийн нэг. Түүний дэвшүүлэн тавьсан бодлого зарим хууль тогтоомжтой зөрчилдөж байгааг Дээд шүүхээс анхааруулж хориг тавьжээ.

Ерөнхийлөгч үүнд бухимдаж “Улсынхаа хөгжлийн төлөө зүтгэж буй хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн гурван морины нэг нь урагшаа биш хойшоо чангааж байна” хэмээн хурцаар шүүмжилж, дээд шүүхийн бүрэлдэхүүнд байгаа шүүгчдийг 70 насандаа тэтгэвэрт гардаг болох хууль санаачлав. Мэдээж хэвлэлийн PR-ийг ч манайхаас дутахгүй хийсэн нь мэдээж. Гэвч өөрийнх нь намаас бүрдсэн Конгресс, Сенатын танхим “Дээд шүүхийн үйл ажиллагаанд Гүйцэтгэх засаглалын тэргүүн хөндлөнгөөс орж байгаа нь эрх мэдэл салангид байх (seperation of power) зарчимд нийцэхгүй байна” гэж үзсэн байдаг.

Эсрэгээрээ Аргентин улсын ерөнхийлөгч Хуан Доминго Перон гэгч эрхэм сонгогдсоныхоо дараахан өөртэй нь хуулийн хүрээнд зөрчилдсөн Дээд шүүхийн таван шүүгчийн дөрвийг нь хугацаа дуусахаас нь өмнө огцруулах саналыг гаргажээ. Төлөөлөгчдийн танхим 9 сар гаруй хугацаанд маргалдсаны эцэст Ерөнхийлөгч Перон санасандаа хүрч шүүх засаглалыг бүрэн эрхэндээ оруулснаар ээлжит сонгуульд ашиглаж эхлэжээ. Энэ байдал нь явсаар бүр төрийн эргэлтийн хэмжээний эсэргүүцэлтэй тулж улс орон нь иргэний дайны байдалд шилжиж байв.

Хэн нэгэн удирдагч эсвэл эрх ашгийн бүлэглэл хуулиас дээгүүр эрх мэдэл тогтоосноос болж, хуулийн засаглалаа нурааж, хувь хүний засаглалд шилжиж, эдийн засгийн болон нийгмийн гүн хямралд хүрч байсан гашуун сургамж чамлахааргүй бий. Маяагийн хот улсуудын эмгэнэлт түүх ч бүхэлдээ үүнийг нотолдог.

Үндсэн хууль, түүний тулгуур зарчим гэдэг экселийн үнэтэй бишээ. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаар үнэлэгдэх зүйл. Бид зөрчсөөр дээгүүр нь алхалсаар л явна. Хуулийн засаглал гэдэг машин уулын уруу эрчээрээ өнхөрөхийг торгоож буй тоормозны сүүлчийн тороос Үндсэн хуулийн шүүхэд тулгамдаж буй өнөөдрийн асуудал ч байж мэднэ.


URL:

Сэтгэгдэл бичих