Хонконгт мөргөлдөөн гарч, 96 цагдаа гэмтжээ

Хонконгийн Монгкок дүүрэгт энэ сарын 10-нд жагсагчид болон цагдаагийн албан хаагчдын хооронд мөргөлдөөн гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Цагаан сарын баярын үеэр наймаачид тус дүүрэгт загас болон хүнсний бүтээгдэхүүн иргэдэд худалдаалж байжээ. Цагдаагийнхан наймаачдыг тараахын тулд хүч хэрэглэснээс үүдэж, улмаар мөргөлдөөн үүссэн байна.

“Наймаачдын гэр бүл цагдаа нарын эсрэг салют зэргийг ашиглаж, олон зуун хүнийг гэмтээсэн” хэмээн цагдаагийн газраас уламжлав. Мөргөлдөөнийг тараахын тулд цагдаагийнхан хийн буу ашиглажээ.

Мөргөлдөөний улмаас 96 цагдаа болон 11 сэтгүүлч, зураглаач бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаагийнхан жагсаал зохион байгуулсан гэгдэх 23 эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Баригдсан этгээдүүд 17-20 насных байсан” гэв.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих