Б.Чулуунцэцэг: Амьд судар
“Болор цом -33″ наадамд уншсан шүлэг
АМЬД СУДАР
Аав минь бурханд дэвшээд нүүчихсэн
Анхил нутаг Мандахын минь уулс хил даваад ачигдсан
Тэнгэр эцгээр минь дутаагүй ч жамын өмнө гудайсан
Төрийн түшээд л харин аргаа барахдаа хил давуулж уулсаа ачуулсан
Зургаан настай охиноо дагуулсаар
Зуны цагт аав минь өвсний үнэр таниулсан
Арван настай охиндоо үүрийн таван жингээр хазаар үүрүүлж
Алсын замд бие даах тэнхэл суулгасан, Амьд судар минь
Хэвгий, дов сондуул, аараг толгод бүхэнд домог шингээн
Хээрийн салхи, хүлгийн нуруун дээр аман зохиол уншиж
Хэлгий багаас минь надад хүний үнэр, сэтгэлийн өнгөр суулган
Хэтийн замыг минь зассан миний бурхан, амьд судар минь
Хяруу цавцайсан үүрээр тэмээний бөхөн завсараар цухуйх төдий охиндоо
Хялганыг нь ч бүү тасд гэж сургасан аавыгаа санахаас айж байна
Хүглийгээд харагддаг цагаан суваргын хэцийг тэнгэрийн энгээр зааж
Хүүшилсэн тэмээдийн дэргэд хэлсэн захиасыг чинь бодохоор уйлж байна
Тамгатай ноёдын гаргасан зарлиг бүхэнд эгдүүцэж
Тамираа тасартал тэмцэвч тусыг эс олж байна
Ай даа чи ч тусгүй хүн дээ гэсэн таныхаа үгээр зүрхээ нэвт сүлбүүлж
Алгадаад авдаг ч болоосой гэхдээ гишгэх газраа олохгүй байна аа, аав минь
Эрхэлж л жаргах насанд минь ухаан суулгах гэж зүдэрсэн
Эвий тан шиг минь бүх аавууд адилхан гэдэгт итгэхээ больсон
Миний охин том болохоороо ойлгоно доо гээд магнай дээр үнссэн
Миний л мэдэх хамгийн агуу хайр дахиад ирэхгүй гэдэгт ч итгэдэг болсон
Домог оршсон хөх уулсыг минь домогтой нь цуг аваад явчихлаа
Хүүдээ ярих домог, нүдлүүлэх уулсгүй одоо би яанам бэ
Дотор сэтгэлд минь үлдсэн таны төрх, нутгийн уулсаа
Хүүдээ яаж ойлгуулах вэ, одоо би яанам бэ, амилсан судар минь
Аав минь бурханд дэвшээд нүүчихсэн
Анхил нутаг Мандахын минь уулс хил даваад ачигдсан
Тэнгэр эцгээр минь дутаагүй ч жамын өмнө гудайсан
Төрсөн нутгийн минь уулс тамгатай цаасанд л нурсан
Хүүдээ өвлүүлэх нутаггүй
Охин чинь одоо яах вэ
Уулстай, уулс нь домогтой гэдгийг мэдрэхгүй
Хүүгээ би чинь яах вэ
Аав минь
Амьд судар минь
Амилсан судар минь, өршөө
URL: