Умард Солонгос хиймэл дагуулаа сансарт амжилттай байршуулжээ
2013 оны усан могой жил гарснаас хоёр хоногийн дараа цөмийн бөмбөг туршиж байсан Умард Солонгос энэ оны цагаан сараар ч мөн дэлхий нийтэд гэнэтийн бэлэг барихаа мартсангүй. Тус улс хоёрдугаар сарын 8-наас 25-ны хооронд харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөхөөр зэхэж байгаагаа олон улсад мэдэгдсэн ч, үүнээсээ нэг хоногийн өмнө буюу Хятадын билгийн тооллоор битүүний өдөр хиймэл дагуул тээвэрлэсэн пуужингаа хөөргөжээ.
Мягмар гарагт Умардын эрх баригчид “Кванмёнсон-4″ гэх нэртэй энэхүү харилцаа холбооны хиймэл дагуул нь дэлхийн тойрог замд амжилттай байршсан болохыг төрийн мэдлийн төв телевизээрээ дамжуулан олон нийтэд зарласан байна. Умард Солонгосын одоогийн удирдагч Ким Жон Уны эцэг Ким Чен Ир Солонгосын хойгийн хамгийн өндөр уул болох Пэкту уулын өвөрт мэндэлж, энэ үеэр тэнгэрт алтан гадас од тодрон үзэгдсэнээр Умардын ард түмэн шинэ удирдагч нь мэндэлснийг мэдсэн гэх домог яриа байдаг.
Умард Солонгосын хиймэл дагуул ийнхүү амжилттай хөөрснийг тохиолдуулан тус улсын нийслэл Пхеньянд баярын жагсаал зохион байгуулсан байна. Кванмёнсон хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай байршуулсан нь улсынх нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг харуулсан түүхэн чухал үйл явдал гэж Умардын эрх баригчид мэдэгджээ. Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашиглахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориглосон байдаг учраас тус пуужинг хөөргөсөн явдал олон улсын зүгээс ширүүн шүүмжлэл дагуулаад байна.
URL: