Су Нюунт У: Улстөрчид шуналаа орхиж, утаатай тэмцэх хэрэгтэй
/Гого.мн сонин хотын агаарын бохирдлыг сэдвийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нюунт У-тай ярилцлаа./
-Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь эрдэмтдийн судалгаанаас харагдаж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Таны асуулт сая долларын биш, тэрбум долларын асуулт байна. Агаарын бохирдлын асуудал бол маш том сэдэв. Энэ асуудлыг шийдэж болно. Гэхдээ шийдэл хямдхан байхгүй. Энэ асуудлыг хэзээ амжилттай шийдвэрлэх вэ гэхээр бүх оролцогч талууд сэтгэл зүрхээрээ нэгдэн хамтран ажилласан тохиолдолд. Засгийн газар, ард иргэд, эрдэмтэн мэргэд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын нэгдмэл хүчээр шийдэгдэнэ.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж бий. Тэгэхээр энэ хороо өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэсэн үг үү?
-Хороо гэдэг маань хэдэн гишүүн сардаа нэг удаа цуглараад нөгөө л асуудлаа ярьчихаад тардаг. Дахиад хэдэн сарын дараа цуглараад өнөө асуудлаа дахин давтацгаадаг. Хороо бол ердөө л ток шоу. Харин би үйл ажиллагаа явуулах эрх мэдэлтэй үндэсний комисс байх ёстой гэж үзээд байгаа юм. Одоо байгаа хороо зөвхөн ярихаас өөр зүйл хийдэггүй. Тэгвэл комиссын дарга нь эрх мэдэлтэй, өндөр түвшинд томилсон, зөвхөн хариуцсан ажлаа л хийдэг хүн байх ёстой. Мөн энэ комисс өөрийн гэсэн сан хөмрөгтэй, нарийн төлөвлөгөөтэй байдаг. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах хэрэгтэй. Энэ бол хорооноос ялгарах ялгаа.
Улаанбаатар хотын инженерийн шийдлийг маш сайн шийдэх хэрэгтэй. Улаанбаатар бол дөрвөн уулын дунд байрласан. Утаа нь дотроо замхарч, уусдаг тогтоцтой учраас агаарын урсгалыг өөрчилсөн инженерийн шийдэл гаргах шаардлагатай болов уу. Ялангуяа өвлийн цагт ийм шийдэл хийх нь чухал.
Эхний ээлжинд нүүрснээсээ салахыг зөвлөж байна. Нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр бүү болго. Халаалтаа цахилгаан болон хийгээр шийдэх арга бий шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд улсаас ихээхэн хөрөнгө зарцуулах шаардлага гарна.
Би монголчуудыг Сингапурын туршлагаас суралцаж, нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Сингапурын Нийтийн орон сууцны удирдах газар гэж бий. Энэ байгууллага ашгийн бус хэрнээ үнэхээр сайн ажилладаг. Олон нийтийн орон сууцууд нь маш чанартай, хүмүүс авахыг хүсдэг. 1970-аад оноос эхлээд л ийм орон сууцуудыг барьсан байдаг. Тэгэхээр Монголын улстөрчид өөрсдийнхөө халаасыг дүүргэх шуналаасаа татгалзаж, ард иргэд, Улаанбаатар хотын төлөө Сингапурын олон нийтийн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал танай нийслэл өөрчлөгдөж, агаарын бохирдлоосоо салж чадна.
Хэрэв дорвитой ажил хийхгүй гэвэл энэ байгаа байдлаасаа хэзээ ч салахгүй. Тэгэхээр нийгмийн хамтын ажиллагаа их чухал. Нийгмээрээ хамтран хөдөлж байж л бохир агаарыг цэвэршүүлж чадна. Надад Монголын улстөрчдийг хардах, тэдэнд итгэхгүй байх шалтгаан байхгүй. Гэхдээ улс төрийн хүрээнийхэнд хэлэхэд хувийн ашиг сонирхол, хамаатан садныхаа ашиг сонирхлыг орхиж, ард түмнийхээ төлөө ажиллаж чадвал Улаанбаатарын хувь тавилан өөрөөр эргэнэ.
Монголд Барилга, хот байгуулалтын яам гэж байдаг ч Сингапурын Нийтийн орон сууцны удирдах газар шиг байгууллага байдаг эсэхийг мэдэхгүй юм. Сингапурын энэ байгууллага төрийн мэдлийнх биш, бас хэн нэгэн эрх мэдэлтэй хүнийх биш, ердөө л олон нийтэд ашгийн бус хэлбэрээр үйлчилдэг бие даасан газар. Сингапурт хэн ч орон сууц худалдаж авахад чөлөөтэй байдаг. Тиймдээ ч танай зарим улстөрчийг Сингапурт орон сууцтай гэж би сонсож байсан. Тэр хүмүүс тус орны хөгжлийг харж л байгаа байх.
Шийдвэр гаргачид зөв хөдөлж чадвал Улаанбаатар 10 жилийн дотор утаанаасаа сална. Үгүй бол агаарын бохирдол гамшгийн хэмжээнээсээ хэзээ ч буухгүй. Утаа бол биднийг сонгож амьсгалуулахгүй. Зайсанд амьдардаг хүмүүс ч адил бохир агаараар амьсгалж л байгаа. Улаанбаатарт хордоогүй хүн байхгүй. Тэгэхээр энэ ажилд өөр хандлагаар хандах хэрэгтэй. Монголын улстөрчид хүсэл эрмэлзэлтэйгээр нэгдэж чадвал хурдан шийдэгдэх ажил. Төр засгийн нэрээр явдаг төслүүд ерөнхийдөө гүйцэтгэл султай байдаг.
-Автомашины утаа газарт шингэдэг гэж яриад байгаа. Тиймээс бага насны хүүхдийг тэвэрч явахыг зөвлөдөг. Танай байгууллагаас гаргасан журам, зөвлөмжийг мөрдөөгүй тохиолдол хариуцлага хүлээлгэдэг үү?
-Автомашины утаа, нүүрсний угаар газар руу шингэдэг нь үнэн. Газар руу доошлох тусам агаарын бохирдол илүү болдог. Тиймээс ч Улаанбаатарын цас саарал өнгөтэй байдаг шүү дээ. Иймд ДЭМБ-аас өвлийн улиралд байнга амны хаалт зүүж явахыг зөвлөдөг. Олон удаа ашиглаж, угааж болдог тусгай материалаар хийсэн амны хаалт бий. Энэ маскыг хүүхэд, хөгшчүүлд үнэгүй тараах хэрэгтэй. Засгийн газарт мөнгө байдаг бол хүүхэд, хөгшчүүлд амны хаалт авч өгөөч гэсэн санал тавьмаар байна. Гадаад орчны агаарын бохирдол өндөртэй байхад дасгал хийхгүй байх, удаан явахгүй байх гэсэн зөвлөмжүүд гаргасан.
-Утаа танд хэр мэдрэгдэж байна вэ. Та өөрөө амны хаалт байнга хэрэглэдэг үү?
-Би Улаанбаатарт ирээд дөрөв дэх өвлөө үдэж байна. 2012 оны арванхоёрдугаар сард ирсэн. Сүүүлийн үед өглөө гэрээсээ гараад утаа үнэрлэхээрээ ханиалгадаг зуршилтай болсон. Миний амьдарч байгаа газар Улаанбаатар хотын иргэдийн 15 хувийнх нь амьдардаг газарт багтах байх. Гэрт болон ажлын өрөөндөө агаар шүүгчтэй. Үүнийг хүн бүр худалдаж аваад гэртээ тавих бололцоогүй байх. Гэвч иргэд өөрсдийнхөө төлөө боломж бололцоогоороо утаанаас хамгаалах зүйл хэрэглэх хэрэгтэй. Заримдаа надад маш их утаатай бүсэд очиж ажиллах шаардлага гардаг. Гэхдээ би тэнд очоод хоёр, гурван цаг л болдог. Харин тэнд байнга ажиллаж, амьдарч байгаа хүмүүс надад хайран санагддаг.
Б.Гандолгор
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
СУ МИНЬ ДЭЭ. МОНГОЛҮЧУУДЫН ТӨЛӨӨ САНАА ЗОВЖ БАЙГААД БАЯРЛАЖ БАЙНА. МОНГОЛД ТАЛЫН ТАНГАДУУД, МАНЖ, ХЯТАДЫН СҮҮДРҮҮД БАЙГААГ САЙН АНЗААР ДАА. УУЧЛААРАЙ.