Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээллээр 2015 онд 17 939 гэмт хэрэг бүртгэгдсэний 5899 буюу 32,9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ. Энэ нь 2014 онтой харьцуулахад 13,2 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Ер нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байгаа төдийгүй хулгайн эд зүйлийг худалдан авдаг нууц сүлжээ бий болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж НИТХ-аас баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг батталлаа.
Тус захирамжаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон байгууллага,аж ахуйн нэгжийг татан оролцуулж хамтран ажиллан үр дүнг тооцох, биелэлтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт хагас, бүтэн жилээр тайлагнахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага,аж ахуйн нэгжүүдэд орчиндоо гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан камер байршуулж аюулгүй орчныг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэр гаргаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Түүнчлэн нийтийн эзэмшилийн орон сууц, авто зогсоол, гэр хорооллын гудамж талбайг камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.
Захирамжийн хүрээнд шинээр баригдаж байгаа барилга байгууламжууд зураг төлөвлөгөөгөө батлуулахдаа MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан камер, харуул хамгаалтын алба, хяналтын цэгийн өрөөтэй байхаар, хотхоны зохион байгуулалтаар баригдаж буй хороолол бүрт цагдаагийн нэгж ажиллах бололцоо бүхий албаны байр, камерын хяналтын өрөөтэй байхаар төлөвлөх ёстой боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: