Чихгүй толгойд чих ургахгүй ээ
Хүсээ нь үгүй дарангуйлал хүрээд л ирэв гээч.
Хууччуул “Хоёр наран мандвал хорвоо дэлхий шатаж үнс болно, хоёр хаан суух аваас улс гүрэн устаж үгүй болно” гэдэгсэн. Гэтэл эдүгээ цагийн Монгол Улс хоёр үндсэн хуультай болчихсон байдаг. Энэ бол ямар ч гэсэн гайхамшиг биш. Нэг нь 1992 оны Үндсэн хууль, нөгөө нь 2011 онд баталж, 2015 онд ялимгүй засварласан Сонгуулийн тухай хууль. Сонгуулийн тухай гэх органик хууль яахаараа Үндсэн хууль болчихдог билээ гэсэн асуулт гарч таарна.
Тийм ээ, ийм асуулт гарна. Тэгвэл зөвхөн Үндсэн хуулиар шийддэг асуудлыг энэ хуулиар шийдэж өөрчилсөн, тэгэхээр тэр нь Үндсэн хуулийн зиндаанд магадгүй түүнээс дээд түвшинд ярих ёстой хууль мөн болчихоод байна. Шийдсэн шийдлийнх нь үр дагавар ч тэгж харагддаг.
Энд Монгол Улсын төрийн сонгуулийн зарчмын тухай ярьж байна. Учир юун гэвэл өмнө нь Үндсэн хуулиар тогтоосон шууд сонгуулийн зарчмыг түүгээр өөрчлөн тогтоосон бөгөөд энэ утгаараа органик хууль биш бүр Үндсэн хуулийг засварлан өөрчилдөг эрхтэй ихээхэн том хууль болж харагддаг.
Тухайлбал, УИХ-ын гмшүүний зарим хэсгийг иргэдийн шууд саналаар бус намын гаргасан нэрсийн жагсаалтаар дам сонгодог болох шинэ зарчим тогтоосон. Үүнийг тодруулан харж болох ойрын жишээ гэвэл царигтай сайн хонь малаа хээрийн бэлчээрт хариулаад бэлчээр гүйцэхгүйг нь тэжээлийн цэгт ялган маллаж онд оруулдагтай адилавтар гэвээс угаасаа малчин удмын үр сад болсон монгол хүнд илүү дөхөм ойлгогдоно.
Энэхүү хоёр өөр арга нь хонь малаа онд оруулах ерөнхий нэгэн зорилготой боловч тус тусын өвөрмөц журам бүхий хоёр өөр зарчим. Нэрсийн жагсаалтынхныг эмчилгээ тэжээлийн цэгийн төлөг борлонтой зүйрлэх нь үлэмж зохимжгүй боловч үнэхээр төстэй тал харагдана. Тойрогт өрсөдцвөл ялагдах, өөрөөр хэлбэл, сонгуулийн талбарт “бэлчээр гүйцэхгүй унаж мэдэх” намын зүттэлтнүүдийг нэрсийн жагсаалтаар төрийн эрх барих дээд байгууллагад шахаж “онд оруулдаг” зарчим тоггоож өгсөн.
Мөн чанартаа сонгогч түмэнд зориулсан зарчим бус зөвхөн улс төрийн намуудад буяны гар сунгасан халамжийн зарчим юм. Гаднаасаа бол сонгогчдод илүү таалагддаг намын үнэнч зүтгэлтнийг ивээн тэтгэж байгаа мэт харагдах ч эцсийн үр өгөөжөөр нь хэмжвэл илүү олон суудал авсан нэг намын дарангуйлал тогтоох боломж олгож буй зарчим болоод байна.
Амьдрал дээр ямар байгааг эргээд нэг харъя. Монгол Улсын дээд засаглал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ). Энэ зөвлөл гуравхан гишүүнтэй, ахлагч нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Түүнийг 2013 онд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон тул маргах асуудал байхгүй. Нөгөө нэг нь Улсын их хурлын дарга З.Энхболд. Бас нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Энэ хоёр эрхмийг нэр зааж санал өгсөн сонгогч байхгүй болов уу.
Тэгтэл тэд төр, засгийн хоёр шовх оргил дээр хүрэн зандан алх дэлдэн, засаг төрийн тамга бариад сууцгааж байна. Ингэхээр манай засгийн дээд өндөрлөгийн гурван гишүүний 34 хувь нь шууд сонгуулиар сонгосон иргэний эрх ашгийн төлөөлөгч, үлдэх 66 хувь нь нэг намаас шахаж оруулсан намын дотоод эрх ашгийг хамгаалах бие төлөөлөгч сууж байна. Тиймээс хүссэн ч эс хүссэн ч холимог зарчмын үр дүнд нэг намын дарангуйлал тогтдог нь гарцаагүй үнэн болж таарлаа.
Зөвхөн Ардчилсан нам гэхгүй өрөөс аль ч нам олонх болсон тохиолдолд тэр намын дарангуйлал тогтох магадлалтай байна. 2012 оныг хүртэл Монгол Улсад “төр нь төмбөгөр нам нь налчгар” байсан. Тэггэл энэ хуулийг баталснаар “нам нь төмбөгөр, төр нь налчгар” болсон. Энэхүү үнэнийг баараггүй олон баримтаар ил тод харуулж өгснийх нь төлөө Ардчилсан намын дарга бусад удирдагчдад талархах ёстой.
ЭЧНЭЭ ОНООСОН ЦААЗЫН ЯЛЫГ ЯАХСАН БИЛЭЭ?
Манай шинэ Үндсэн хуульд монгол хүний сэтгэлд дээд зэргээр нийцсэн бурханлаг сайхан заалт бий. Тухайлбал, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн гуравт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан байдаг. Хөрөнгийг “шударгаар олж авах эрхтэй” гэсэн байдгийг энд онцолж байна.
Шударга бус аргаар хөрөнгөжих “эрх”-ийг хаасан сайх заалтын ёсоор бол хүн хүнээ шулан мөлжих эрхгүй гэж байна. Авлига хээл хахуульд автах эрхгүй гэж байна. Мөнгө хүүлбэл Үндсэн хууль зөрчинө гэж байна. Мөнгө угааж болохгүй юм байна. Бараа шахаж болохгүй. Хамгийн анхаарууштай нь, төрийн татвараас зайлсхийх замаар хөрөнгөжиж болохгүй гэдэг нь тов тодорхой байна.
Ийн харвал хэрэв энэ хуулийн хууль эрх зүйн хамгаалалтыг чанд сайн байх аваас ард нийтээрээ амар амгалан амьдарч болох дүүрэн боломжтой юмсанж. Гэтэл өнөөдөр бүх хүн амын гучаад хувь нь ядуурч, дөнгөж гурван хувь нь нийт хөрөнгийн дийлэнх хувийг эзэмших хүртлээ Үндсэн хуулийн энэхүү тунгалаг үзэл санаа бүдүүлгээр завхарч, бохироор будуулсан байна. Шогч зарим нь Монголын Үндсэн хууль “үнсэн хууль” боллоо гэж байгаа нь чанадын ухаарлын хувьд яалт ч үгүй үнэн юм. Хайран сайхан Үндсэн хууль минь!
Үндсэн хуулиа авран хамгаалах халуун сэтгэлтэн Монголд байхгүй боллоо гэж үү. Эрт урдын цагт үг авахгүй, ярдаг, хэрүүлч хүнийг “чихгүй толгой” гэдэг байсан. Мэргэн дээдсийн тэр ухаарлаар харах аваас сонгогч түмнийхээ үгийг тоохгүй, Үндсэн хуулийнхаа үндсийг онохгүй, өргөсөн тангаргаа огт биөлүүлэхгүй яваа төр, засгийн эрхэм түшээ, түшмэд үнэндээ бол яг тэр “чихгүй толгой”-нууд болоод байна.
Одоо тэгээд яах вэ. Чихгүй толгойд чих ургана гэж горьдвол “Бухын доодохыг хүлээсэн үнэг турж үхэхтэй” агаар нэг болно. Чихгүй толгойд чих яагаад ч ургахгүй. Төр бол иргэн бүрийнхээ утсан чинээ улаан амийг үхлээс хамгаалах үүрэг бүхий харуул манаа нь мөн байх ёстой. Тэгтэл өнөөдөр манай төр, засаг манаач бус мануухай болж харагдаад байна. Ард иргэдийнхээ алтан амийг үхлээс булааж авахын оронд харин ч үхлийн ам руу чулуудаж байна.
Өнөөдрийн энэ их ажилгүйдэл, ядуурал гүн утгаараа эчнээ үйлдэж буй хүн амины хэрэг. Олон хүн үхэж, үрэгдэж байна. Өнөөдрийн төдийгүй ирээдүй үеийг ч үхлийн тавцан руу илгээж байна. Одоогийн ярьж байгаа төлж баршгүй тэр их өр зээл бол эгэл түмний өнцгөөс харахад шүүхийн тогтоолгүй оноож буй цаазын ял юм. Монголын сонгогч түмэн хэрвээ алтан аминдаа хайртай бол яахыгаа өөрсдөө сонгох тийм хариуцлагатай цаг нэгэнт иржээ.
Х.Цэвлээ
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/
URL: