Жүдочдын дайралт эхэллээ “Хэн нь гялалзаж Риог зорих вэ”
Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн олимпийн наадмын оноо олгох “Гранд Слам” энэ сарын 6-7-нд болно. Уг тэмцээнд 96 орны нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгчээ. Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямын удирдлага дор олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг тэргүүтэй 20 бөх хүч үзэхээр Парист очоод байна.
. Монголын багийн бүрэлдэхүүн
эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар,
66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх,
73 кг-д олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр,
81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаяр,
90 кг-д Л.Отгонбаатар,
-100 кг-д олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр,
+100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар оролцох юм.
Мөн эмэгтэйчүүдийн
48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг,
52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, М.Бундмаа, ОУХМ А.Цолмон,
57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа,
63 кг-д Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид,
70 кг-д Ц.Наранжаргал,
-78 П.Лхамдэгд,
+78 кг-д О.Жавзмаа нар Парисын “Гранд Слам”-д өрсөлдөнө. Риогийн олимпод манай Цагаан өмсгөлтөнгүүдэд 14 эрхийн боломж байгаа бөгөөд эндээс эрэгтэй 81, 90, -100, +100 кг-ын жингүүд эрхээ баталгаажуулах шаардлагатай байгаа. Ялангуяа +100 кг-ын бөхчүүд сайн хичээхгүй бол Олимпоос үлдэж мэдэхээр байгаа юм. Харин эмэгтэйчүүдээс -78, +78 кг-ын жин л оноогоо нэмэхгүй бол гэртээ үлдэж мэднэ. Бусад жингүүд нь Олимпод орох нь бараг тодорхой бөгөөд хэн Эх орноо төлөөлөх нь гол толгойн өвчин болоод байгаа билээ.
Дэлхийн аварга болон мөнгөн медальт бөхчүүдтэй 60 кг жин Гол асуудал болоод буй. Д.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нарын хэн энэ жил сайн барилдана, тэр нь Риог зүглэх биз ээ. Мөн ОУХМ Д.Төмөрхүлэг-Д.Алтансүх, С.Ням-Очир-ОУХМ Г.Одбаяр, Н.Дагвасүрэн-О.Ууганбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн-Ө.Дүүрэнбаяр нараас хэнийг сонгох нь асуудал болоод байгаа юм. Эмэгтэйчүүдээс М.Бундмаа-ОУХМ А.Цолмон, Ц.Мөнхзаяа-ОУХМ Ц.Цэрэннадмид-Б.Мөнгөнчимэг нараас сонголт хийнэ. Европын цуврал тэмцээнүүд болон “Чингис хаан” тэмцээнд хэн одтой байна, тэр нь л Эх орноо төлөөлөх эрх авах юм.
Бээжинд Алт, Лондонд Мөнгө,хүрэл авсан жүдочид маань Рио-де-Жанейрод эх орныхоо Алтан соёмбот далбааг өндөрт мандуулж, Төрийнхөө дуулалыг эгшэглүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье
URL: