Монгол хэлний их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК-ийн ажилтнууд 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Монгол хэлний их тайлбар цахим толийн гар утасны хувилбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголчуудын уламжлалт их баяр-сар шинийн өмнө сайн мэдээ, сайн үйл явдлын гэрч, оролцогч болж байгаа сэтгүүлч та бүхэнд гүн талархал илэрхийлье.

2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу цагаагчин гахай жилийн үндэсний их хувьсгалын 104 жилийн ойн урьд өдөр Монгол хэлний их тайлбар толийн нээлт хийснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ Монгол хэлний их тайлбар толийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэн хамтран жил гаруй хугацаанд ажиллаж бүтээсэн юм. Энэ нь 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй хоршоо, холбоо үг, нийтдээ 140 мянган үг агуулсан Монгол хэлний анхны их тайлбар цахим толь юм. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч энэ толийг гар утсанд хэрэглэдэг байх нь тохиромжтой гэж байсан. Ингээд бид “Unlimited idea” гэдэг мэдээллийн технологийн компанитай гэрээ байгуулж, богино хугацаанд Монгол хэлний их тайлбар толийг гар утсанд ашиглаж болох хувилбарыг хийж гүйцэтгэлээ.

Энэ их тайлбар тольд нэг онцлог байгаа. Та бүхэн мэднэ. Шагжийн толь, Шагдарсүрэнгийн толь, Ц.Дамдинсүрэнгийн толь зэргийг цаасан хэлбэрээр үздэг. Тэгвэл Монгол хэлний их тайлбар толийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд гол үүрэг гүйцэтгэн зөвхөн Монголдоо байгаа монголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд цахимаар оролцон хамтарч бүтээсэн юм. Нэг жил бүтээх явцад 1900 үг шинээр нэмж оруулсан, гол онцлог нь хамтын бүтээл юм.

Энэ толийг цаашид ч байнга баяжуулж хөгжүүлж байх боломжтой. Ингэхийн тулд www.монголтоль.мон, www.mongoltoli.mn гэсэн хаяг бүхий веб сайт руу орж бүртгүүлээд хэн ч гэсэн шинэ үг нэмж оруулах боломжтой. Энэ тольд нутгийн аялгууны хоршоо үг, холбоо үг, хэлц үгүүдийг оруулсан. Цаашид энэ толио хамтын оюун ухаанаар баяжуулаад явах юм.

Дэлхийн аль ч өнцөг булангаас хандаж, ашиглаж болох энэхүү толийг өнөөдөр бид гар утсан дээрээ ашиглах боломжтой болж байна. Ашиглах заавар хялбар. Өөрөө номын сантай. Энэ толь интернэттэй, Wi-Fi-тай орчинд үгийн дуудлагыг сонсох боломжтой. Өөр орчинд бол кирилл монгол, худам монгол бичлэг, холбоо, хоршоо үгсийг харж судлах боломжтой. Мэдээллийн технологийн ололт амжилтыг монгол хэл, эх хэлээ сурах, сурталчлах, баяжуулахад ашиглаж байгаа юм.

Монгол хэлний их тайлбар толийн гар утасны хувилбарыг хийх явцад худам монгол бичгийн тигийг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулж гаргаагүйгээс болоод хүндрэл үүссэн. Гэхдээ тэр асуудлыг шийдсэн. “Unlimited idea” компанийн хийсэн программаар 2013,2014 оноос хойших бүх утсанд Downloads хийх боломжтой. Өнөөдөр Андройд системээр ажилладаг гар утастай хүмүүс шууд суулгаж болно. Харин Apple-ийн гар утастай хүмүүс хэд хоног хүлээх хэрэгтэй болж байгаа бөгөөд энэ хоёрдугаар сарын 22-нд iOS үйлдлийн системд зориулсан хувилбар албан ёсоор зөвшөөрөгдөнө. Энэ хугацаанаас хойш бүх гар утсууд дээр суулгах болож бүрдэж байна.

Энэ ялдамд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч гурван зүйлд анхаарч байгаа. Цаашид ч анхаарна. Нэгд, Монголын түүхийг үнэн, бүтэн болгох, хоёрт, монгол хэлээ сэргээн хэрэглэх, энэ нэгдүгээр сарын 1-нээс Монгол хэлний хууль хүчин төгөлдөр болсон.  Гуравт, монголын соёлын их өвийг сэргээх гэсэн ажлууд хийгдэж ирлээ. Өнөөдөр монгол хэлийг цахим орчинд дэлхийн өнцөг булан бүрээс кирилл, монгол үсгээр, хоршоо, холбоо үгтэй нь, дуудлагатай нь үзэх, сонсох боломж бүрдэж байна. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай “гэлээ.

Ийнхүү өнөөдрөөс Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан гар утасны хувилбарыг, 20 хоногийн дараагаас iOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг хэрэглэгчид хүлээн авахаар боллоо.

Гар утасны хувилбарыг татаж авснаар хэрэглэгчид Монгол хэлний их тайлбар цахим толийг хэрэглэн, сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний болон нутгийн аялгууны жишээ, уламжлалт монгол бичгийн бичлэгийг үзэх, дуудлагыг нь цахим орчинд сонсох боломжтой бөгөөд 4.4 хувилбараас дээш үзүүлэлттэй гар утсанд монгол бичгийн тиг таних юм байна.

Хүссэн хүн бүхэн уг тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулахыг хүсвэлwww.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягт хандаж болох юм. Тольд шинээр нэмж оруулсан үгс нь хаанахын хэн гэдэг хүн оруулсан гэдэг нэртэйгээ бүртгэгдэх юм байна.





URL:

Сэтгэгдэл бичих