Б.Гангаамаа: Цаг агаарын хүнд нөхцөлд Аконкагуад гарсан
Гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилын нэг далайн төвшнөөс дээш 6962 метрийн өндөр Аконкагуад авирсан талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд буюу Үндсэн хуулийн өдөр хоёр дахь удаагаа, цаг агаарын хүнд нөхцөлд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад амжилттай гарсандаа баяртай байна.
Энэ оргилд гарахын тулд хоёр жилийн өмнөөс бэлтгэл хийсэн. Олон орны уулчид энэ ноён оргилд авирахыг хүсдэг. Цаг агаар хүнд, хүйтэн байсан болохоор хамт авирсан Хонгконгийн уулын холбооны сайн тамирчин замаасаа буцаж ганцаараа цааш авирч таван тивийн ноён оргилд Төрийн далбаагаа мандуулж чадлаа. Энэ миний 20 гаруй жилийн хөдөлмөр юм шүү. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, зогсох боломжгүй.
Тиймээс үлдсэн хоёр оргилд авирахын төлөө зүтгэнэ. Миний зургаа дахь оргилд авирах оролдлого бол далай. Индонезийн арал дахь 4884 метрийн өндөрт байдаг Каретенз Пирамидад гарахаар төлөвлөж байна. Тиймээс орчинтойгоо танилцах судалгаа, бэлтгэл их хэрэгтэй ” гэлээ.
Б.Гангаамаа уулын спортоор хичээллээд 25 жил болж байгаагийн сүүлийн таван жилд нь таван тивийн ноён оргилд амжилттай гарчээ. Тухайлбал, 2010 онд анх Европ тивийн Элбруст, 2011 онд Эверист, 2012 онд Климинжеро, 2013, 2014 онд Денали ууланд авирах оролдлого хийж амжилтгүй болсон ч 2015 онд ОУХМ Д.Эрдэнэтогтох, ОУХМ Д.Батжаргал хоёртой амжилттай авирсан байна. Энэ оргилуудад гарахад хамтарч ажилласан баг, тамирчид маань сэтгэл нийлсэн, бэлтгэл сайтай байсан нь амжилт гаргахад нөлөөлсөн.
Тиймээс энэ хүмүүстээ баярлалаа хэмээн уламжиллаа. Тэрээр очсон орон бүрээсээ заавал хөргөгчний наалт худалдаж авч цуглуулгандаа нэмдэг байна. Мөн шилдэг, онч мэргэн үгс цуглуулж, хааяа шатар нүүх, сонгодог хөгжим сонсож, агаарт алхах дуртай гэсэн юм.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: