Маргаашаас эхлэн жолоочийн зөрчлийн оноог тооцно
Маргааш буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлнэ. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах албаны ажилтан Я.Соронзонболд:
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Зөрчлийн оноог тооцох программ хангамж болон бусад техникийн ажлыг “Интерактив IBI” компани дангаараа гүйцэтгэж байгаа. Гэрээний дагуу хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх зүйл бэлэн болсон байх ёстой” гэлээ.
Ийнхүү жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт бас бий. Замын хөдөлгөөний дүрэмд 80 гаруй зөрчил нэрлэгдсэн байдаг. Эдгээрээс 17 зөрчилд нь оноо хасах систем үйлчлэх ба жолоочийн арван онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль давхар оногдох юм. Харин та Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журмыг зөрчихгүй бол ямар нэг торгуулийн харилцаанд орохгүй байх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ЗХАБТХ-ийг зөрчөөгүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог эргүүлэн өгөх бол хоёр жилийн хугацаанд дүрэм зөрчөөгүй тохиолдолд 10 оноог сэргээх урамшуулалтай юм.
НЭГ ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 192,000/
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 48,000, 19,200/
-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч/Торгууль 9,600/
-Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /Торгууль 9, 600/
-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 19,200/
-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /Торгууль 19,200/
-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /Торгууль 96,000, 192,000/
ХОЁР ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ
-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /Торгууль 192,000/
-Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 96,000/
-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 96,000/
-Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /Торгууль 96,000/
-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /Торгууль 19,200/
-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /Торгууль 19,200/
-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /Торгууль 9,600/
-Механикжсан ТХ-ийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 48,000/
ГУРВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ
-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /Торгууль 48,000/
-ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /Торгууль 96,000/
ТАВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ
-Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. /Торгуулийн хэмжээ ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна/
URL: