Г.Эрдэнэтунгалаг: “Хайрлаарай” продакшныхаа салхийг хагална
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.
-“Түвшин баяртай яваарай” бие даасан тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тоглолтоороо шинэ ямар уран бүтээлийг сонсогчдодоо хүргэх вэ? -Би 11 дэх бие даасан тоглолтоо ард түмэндээ хүргэх гэж байна. Энэ тоглолтоороо шинэ бүтээл гэхээс илүүтэй продакшныхаа залуусыг олонд таниулахыг хүссэн. Нэг үгээр хэлбэл, “Түвшин баяртай яваарай” тоглолтоороо “Хайрлаарай” продакшныхаа уран бүтээлийн салхийг хагалж байна. Продакшныхаа уран бүтээлийг 21 аймгийн үзэгчдэдээ хүргэх зорилгоор аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Энэ удаагийн бие даасан тоглолт тань их өвөрмөц болох нь ээ? -Ганц дуучин гарч ирээд бэлтгэсэн дуугаа дараалуулан дуулдаг уламжлалт тоглолтоос өөр болно. Урлагийн чиг хандлагад мюзикл төрөл давамгайлж эхэллээ. Иймээс үзэгчдэдээ нэгэн хэвийн тоглолт үзүүлмээргүй байна.
-Та продакшныхаа залуучуудыг ямар шалгуураар сонгож авсан бэ?
-Уран бүтээлч хүн авьяас, чадвартай байхаас илүү хүн чанартай байх ёстой. Хүнийг танихад хугацаа шаардлагатай учраас аялан тоглолтын үеэр залуучуудаа шинжиж, ажигладаг байсан. Амьдралд унаж, босохдоо ямар зан гаргахаас уран бүтээлчийн чанар танигддаг. Тэр бүхэнд мөн чанараа алдаагүй бодь хүн урлагт цэвэр ариун сэтгэлээр ханддаг.
-“Хайрлаарай” продакшны хэтийн зорилго юу вэ?
-Дэлхийн хэмжээний жүжигчин бэлтгэж гаргах зорилготой. Мэргэжлийн чадварлаг уран бүтээлч болоход хугацаа хэрэгтэй. Урлагийн бид их сургуульд эзэмшсэн мэргэжлийн боловсролоо амьдралаас авсан туршлагатайгаа хослуулж, баяжуулж амжилтад хүрдэг. Тиймээс залуучуудаа чадавхижуулах зорилгоор мэргэжлийн багш, уран бүтээлчидтэй хамтран ажиллах болно.
-Та одоо продакшнтай боллоо. Цаашид ямар чиглэлээр уран бүтээл туурвих вэ?
- Би арав гаруй жил бие даан уран бүтээл туурвисан. Хамтын уран бүтээл туурвихад олон хүнээс уран бүтээлийн сэдэл, санаа арвин гардаг юм байна. Уран бүтээлчийн үүрэг бол нийгмээ дагуулж явах. Тиймээс ямар нэгэн сэдэвт баригдалгүй уран бүтээлээ туурвина.
Х.Эрдэнэзаяа
URL: