Ерөнхийлөгч: Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар солих хэрэгтэй
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг өчигдөр үдээс хойш байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Чуулгын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Эрхэм гишүүд, энд байгаа хүмүүсийн яриаг сайн сонссон. Бид нар албан тушаалтнуудаас хариуцлага асуух ёстой. Энэ асуудал иж бүрэн байх ёстой. Үүний дотор Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хариуцлага асуух ёстой. Өнөөдөр гишүүдийн ирц онцгой байгаа үед цаашдаа энэ асуудалд яаж хандах вэ гэдгийг хэлье. Манааг манаагаар сольдог. Одоо бүгдээрээ Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар солих хэрэгтэй. Үндсэн хуулинд заасан байгаа. Одоо Ерөнхий сайдаа огцруулчихаад хүний эрэлд гарахаа болих хэрэгтэй. Бидний жишээ авах ёстой олон орнууд яг энэ зарчмаар л засагтайгаа хариуцлага тооцдог. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вээ гэхээр 19 гишүүн гарын үсэг зураад оруулж ирж болно. Цаашдаа ингэхэдээ дараагийн Ерөнхий сайдыг томилохоор оруулж ирэх ёстой. Би хувьдаа Ерөнхий сайдын албыг хашч явсан. Бас шөнө дөлөөр хуралдуулж огцруулах шийдвэр гаргаад гарч байлаа. Энэ олон Засгийн газрын хувь заяанаас сургамж авсан гэж боддог. Хүнээр бол манай парламент олон оймс илээсэн. Одоо авах ёстой сургамжаа авъя. Үндсэн хуулиндаа нийцүүлэх нь зүйтэй. Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулъя, дэгийн хуульдаа өөрчлөлт оруулъя. Муу жишгийг болж өгвөл сайнаар л өөрчилөх нь зүйтэй. Бидний нураадаг, тараадаг муу жишгийг л үгүй болгоё. Одоо бид энэ Ерөнхий сайдтай асуудал тооцохдоо шинэ жишигтэй болъё. Дараагийн бүрэлдэхүүн сонгогдсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна. Манай УИХ бол их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн. Ардчилалын маань утга ийм л байгаа. Одоо бүгдээрээ энэ зам руугаа явъя. Ардчилал гэхээр нэгнийгээ унагаад түүнээсээ таашаал аваад явдаг муу юм байна. Одоо бүгдээрээ асуудлыг өөр байдлаар шийддэг болъё. Энэ талаар санал бодлоо ярилцъя. Хамгийн том хариуцлагыг ард түмэн шийддэг. Ард түмний төлөөлж засагтай хариуцлага тооцдог байгууллаг бол УИХ юм. Тиймээс энэ хувилбар руу орох хэрэгтэй. Өнөө оройны оройтсон хуралдаанаас гарахдаа хол ойр бүх хүмүүст нэг мессеж өгье. Монгол Улс бүтээлчээр засагтайгаа хариуцлага тооцдог болж байгаа юм байна. Нэг Ерөнхий сайдаа авч хаяад нөгөө Ерөнхий сайдыг хайдагаа больж байгаа юм байна. Саяын үйл явдлаас би нэг зүйл харлаа. 19 гишүүн болох гэж нэлээд удлаа. 3, 4 сар боллоо. Бараг л намын жагсаалт гэх зэргээр хоорондоо шодож гарын үсэг зурсан гэх яриа ч байна. Одоо бүгдээрээ асуудалд өөрөөр хандах цаг болжээ. Ганцхан Ерөнхий сайдыг авч хаяснаар хариуцлага тооцдогоо больцгооё.
Одоо бүгдээрээ салж бутардаг биш нэгдэж шийддэг хэлбэрт орох хэрэгтэй. Та бүхний өнөөдрийн ярьсан хэлсэн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Өмнөх хуулиараа асуудал ярьсан гишүүдийг буруутгах арга байхгүй. Гэхдээ манай Үндсэн хуульд асуудлыг бүтээлчээр шийдэх боломж байгаа юм шүү гэдгийг хэлье” гэсэн юм.
Г.Лхагваа
URL: